
-Юуны өмнө бага олимпиос мөнгөн медаль авсанд баяр хүргэе. Универсиад наадмын үйл явдал хуучраагүй байгаа болохоор үүгээр ярилцлагаа эхлэх үү?
-Баярлалаа. Миний хувьд гаргасан амжилтдаа сэтгэл хангалуун байна. Яагаад гэвэл Универсиад наадамд анх удаа шатрын төрөл багтсан. Зохион байгуулагч орон 11 төрлөө өөрсдөө сонгож оруулдаг. Тэгээд Хятадад шатрын спортыг багтаасан юм билээ. Тус улсад шатрын спорт өндөр хөгжсөн шүү дээ. Эмэгтэй шатарчдын сүүлийн дэлхийн аварга Хятадаас төрсөн. Алт, мөнгө, хүрэл медаль авах магадлал өндөртэй спортын төрөл учраас багтаасан байх. Миний хувьд эхний өрөгтөө тэнцэж, дараа нь хожигдсон. Харин сүүлийн долоон өргийн тоглолтоос ганц л тэнцээ авч бусдад нь хожсон. Сүүлийн өдөр таван тамирчин зургаан оноотой байсан болохоор маш хариуцлагатай тоглолт хийсэн. Оросын их мастер Иринаг сүүлийн өрөгт хожиж мөнгөн медаль авлаа. Гурван шатарчин ижилхэн долоон оноотой байсан ч дараагийн оноогоор Хятадын тамирчин алт, би мөнгөн медаль дээр буусан юм.
-Эхний хоёр тоглолтод үнэхээр хайнга байсан шүү дээ. Хэрвээ хожигдож, тэнцээ аваагүй байсан болохоор алтан медаль зүүж, төрийнхөө дууллыг эгшиглүүлэх байлаа. Чухам юунаас болж алдаа гаргав?
-Тийм ээ. Бид 14-ний орой Шенженьд очсон. Тэгээд шууд амраад өглөө 6.30 цагт босоод тэмцээндээ оролцохоор явсан. Тэмцээн болох газар, тамирчдын хотхон хоёрын хооронд өдөрт дөрвөн цаг явж байсан болохоор ядарсан юм шиг байна лээ. Өдөрт нэг цагийн зайтай хоёр өрөг тоглолт хийсэн болохоор ачаалал нэлээд авсан. Эхний шатарчин мэдээж сул өрсөлдөгч байсан. Харин хоёр дахь тавилдаа хожих гэж хэт улайрч байгаад алдаа гаргаад хожигдсон. Ер нь бол гараанаасаа л их тэнцүү өрсөлдөөн үзүүлсэн л дээ. Үлдсэн бүх өрөгтөө хянуур тоглосны хүчинд мөнгөн медаль хүртлээ.
-Багийнхаа тамирчдын тоглолтын талаар юу хэлэх вэ?
-Маш сайн тоглосон гэж бодож байгаа. Их мастер Т.Батчимэгийн хувьд л гэхэд эхний дөрвөн өрөгт дараалан хожиж гараагаа маш сайн эхэлсэн. Харамсалтай нь сүүл рүүгээ алдаа гаргасан. Хэрвээ эрчээрээ тоглосон бол медаль зүүх боломжтой байлаа. Т.Батчимэгийн хувьд бага зэргийн харамсалтай л санагдсан. Ер нь бол эрэгтэй, эмэгтэй багийнхан рейтингээрээ боломжийн амжилт үзүүлсэн гэж бодож байгаа. Ер нь унтах цаг маань хүртэл багасаад жаахан ядарсан л даа.
-Тэмцээний үеэр бэлтгэлээ яаж хийж байв?
-Эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн тамирчин нэг баг бүрдүүлж байгаа учраас тэмцээн бүрийн дараа зөвлөлдөж алдаа, оноогоо хэлэлцэж байсан. Бас тус тусдаа бэлтгэлээ хийнэ.
-Өрсөлдөгч нарын тухайд?
-Маш хүчтэй шатарчид оролцсон. Ялангуяа Хятад, Энэтхэг, Гүрж, Армян, ОХУ-аас олон шатарчдыг нэрлэж болох юм.
-Аливаа тэмцээнд оролцож байхад амралт маш их чухал байдаг. Тэр тусмаа оюуны спортынхон удаан бодож суудаг шүү дээ?
-Бидний хувьд тэмцээний дараа хотхоноороо алхаж тархиа сэргээнэ. Бас өмнөх болон дараагийн өргийн талаар ярилцдаг. Бас бассейнд орж өөрсдийгөө цэнэглэж байлаа. Мөн нойр муутай байсан болохоор унтаж амарна. Байрнаасаа гараагүй шүү. Тэмцээн дууссанаас хойш дөрвөн өдрийн дараа Монгол руугаа нисэх байсан. Тийм болохоор тэмцээнээ дуусгаад л Шенженьтэй танилцана гэж бодоод тоглолтдоо л гол анхаарлаа хандууллаа.
-Таныг үргэлж аав тань дасгалжуулдаг. Харин гадаадад өөр дасгалжуулагчийн удирдлага дор тэмцээнд оролцох үед ялгаа хэр их гардаг вэ?
-Ялгаа байна. Миний хувьд таван настайгаасаа л ааваараа шатар заалгаж, түүнээс хойш аав минь дасгалжуулсаар байгаад дасал болсон. Миний аав бол маш сайн дасгалжуулагч л даа. Ихэвчлэн аавтайгаа хамт тэмцээнд явдаг байсан ч сүүлийн үед нөхцөл байдлаасаа болоод ганцаараа, эсвэл өөр дасгалжуулагчтай оролцох болсон. Энэ үед аавтайгаа интернэтээр холбоотой байж зөвлөгөө авна. Универсиад наадамд хүртэл надад зааж, зөвлөж байсан. Амралтын өдрүүдэд интернэтээр аавтай бас бэлтгэл хийнэ. Ер нь бол миний үнэнч туслагч юм л даа. Өдий зэргийн амжилт гаргаж яваа нь миний аавтай ч холбоотой.
-Тоглоход хамгийн эвгүй өрсөлдөгч хэн бэ?
-Одоохондоо тийм хүн алга байна. Зарим хүн сэтгэл санааны хувьд эвгүй өрсөлдөгч гэж байдаг. Гэхдээ миний хувьд гайгүй ээ.
-Яг одоо ид мандаж байгаа шатарчдаас тоглож үзээгүй тамирчин бий юү?
-Байгаа байх. Сайн санахгүй л байна. Гэхдээ ихэнхдээ нь тоглоод үзчихсэн. Бие биенийхээ тоглолтыг мэддэг болсон.
-Шатрын спортоор хэдэн жил хичээллэж байна вэ?
-19 жил.
-Бараг 20-иод жил болжээ. Гэтэл улсын аварга болж үзээгүй байдаг. Хоёр удаа дэд аварга болсон байх?
-/Инээв/. Тийм ээ. Гэхдээ өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд зургаан удаа түрүүлсэн шүү дээ. Насанд хүрэгчдийн тэмцээнд анх 10 настайдаа оролцож байлаа. Даанч тэр үед амжилт үзүүлж чадаагүй. Харин 11 настайдаа улсын аваргаас мөнгөн медаль хүртсэн. Үүний дараа жил нь манайхан гэр бүлээрээ Москва руу нүүхээр болж улсын аваргад оролцохоо больсон. Яг тоолохоор улсын аваргад таван удаа л оролцож байсан юм байна. Хоёрт нь эрэгтэйчүүдийн улсын аваргад тоглосон. Ингэхдээ хоёр мөнгөн медаль, нэг удаа шагналт дөрөвдүгээр байр эзэлсэн. Уг нь 2011 оны улсын аваргад оролцоно гэж бодоод бэлтгэлээ базааж байтал гадагшаа тэмцээнд явах болоод өнжсөн. Энэ мэтчилэн ихэвчлэн гадагшаа тэмцээнд явж таараад байх юм. Оросын аварга шалгаруулах багийн тэмцээнд оролцох гэрээтэй байсан учраас яалт ч үгүй улсын аваргыг өнжиж таарсан.
-Ирэх жил бодол байгаа биз?
-Санаа байгаа. Гадагшаа тэмцээнд явж таарахгүй л бол улсын аваргадаа оролцоно. Нэгэнт л Монголын шатарчин юм чинь улсынхаа аварга цолыг хүртэх хүсэл байна шүү дээ.
-Тамирчин хүн бүр зорилготой байдаг. Харин таных?
-Шатраар хичээллэж байгаа болохоор энэ спортоор тууштай хичээллэж, рейтингээ өсгөж, бас илүү өндөр амжилт гаргахыг зорьж байна. Энэ бол миний ойрын зорилт. Яг одоогийн рейтингээрээ би дэлхийд 32-т эрэмбэлэгдэж байгаа.
-Одоогийн рейтинг 2453 бил үү?
-Тийм.
Эрэгтэй их мастерын болзол хангахын тулд рейтинг 2500-гаас дээш байх ёстой юу?
-Рейтингээс гадна их мастерын гурван балл биелүүлэх хэрэгтэй.
-Шатарчид эдийн засгийнхаа асуудлыг яаж шийддэг вэ?
-Ер нь бол ихэнх шатарчид хувиараа л даа. Миний хувьд өнгөрсөн жилээс “Оюутолгой” компанитай гэрээ байгуулсан учраас тэд намайг дэмжиж тусалдаг. Өмнө нь бол тэр бүр тэмцээнд оролцож чаддагүй байлаа. Зардал мөнгөний асуудлаас болоод зарим тэмцээнийг өнжих тохиолдол байсан. Харин өнгөрсөн жил хэд хэдэн тэмцээнд оролцож, чансаагаа бага багаар ахиулж байна. Манай улсад шатрын шигшээ баг байдаггүй. Харин ойрын хугацаанд байгуулна гэж сонссон. Үүнийг биеллээ олоосой гэж боддог. Хэрвээ шигшээ багтай болчих юм бол тэмцээний зардал мөнгөний тал дээр санаа зоволтгүй болж, зөвхөн тоглолтдоо анхаарч, амжилт гаргахын төлөө тэмүүлнэ. Шатарчид ч гэсэн амьдрах гэж яваа учраас ажил төрөл хийж, мөнгө санхүүгийнхээ асуудлыг зохицуулдаг. Тэмцээн болохоор ажлаасаа түр чөлөө авна. Иймэрхүү асуудал олон байна. Бусад спортын төрлийн шигшээгийнхэн бол зөвхөн л бэлтгэлдээ анхаарч байна шүү дээ.
-Хэрвээ шигшээ багтай болбол Монголын шатарчдын амжилт өсөх магадлал өндөр гэсэн үг үү?
-Тэгэлгүй яах вэ. Ирэх жил олимп болно. Үүнээс өмнө шигшээ баг байгуулна гэж ярьж байгаа. Бид шигшээ багт хамрагдаад зөвхөн бэлтгэлээ хийх юм бол амжилт үзүүлэх боломж бий. Шатарчдын маань рейнитнг ч өснө гэдгийг хэлмээр байна. Ядаж сэтгэл санаа хоёрдохгүй. Ер нь бол Монголын шатарчид чинь сайн шүү дээ. Багаараа 17 дугаар байрт хүртэл орж байсан. Ер нь олимпийн бус төрөл гэдэг утгаараа улсаас олгох мөнгөн тэтгэмж энэ тэр нь бага байдаг. Харин шигшээ багтай болчихвол энэ байдал өөрчлөгдөх байх.
-Шатрын холбоо саяхан шинэчлэгдлээ. Шатарчин хүний хувьд санаа бодлоо хуваалцах уу?
-Гадаад харилцааны сайд Г.Занданшатар манай холбооны ерөнхийлөгч болсон. Шатрын спортын төлөө их зүйл хийнэ гэж найдаж байгаа. Ялангуяа дээр хөндсөн шигшээ багийн асуудлаар ажиллахаа амласан. Олон талтай, нэр хүндтэй, залуу хүн болохоор шатарчдад маш их туслах байх. Цаашдаа ч гэсэн их зүйл хийнэ байх гэж итгэж байна. Өмнөх ерөнхийлөгч С.Энхцаг гуай ч гэсэн их зүйл хийсэн. Даанч ганцаарддаг байсан биз. Ер нь Монголын шатрын холбоо сайн ажиллаж байгаа гэж хэлмээр байна.
-Шатрын ордонтой болохоор ярилцаж, шавыг нь тавилцаж байсан. Хэрвээ шатрын ордон сүндэрлэбэл… гэсэн бодол байдаг биз?
-Мэдээж шатрын ордонтой болбол гэсэн бодол, төсөөлөл байдаг. Шатарчдад ч гэсэн хэрэгтэй. Манай улсад цаашлаад олон улсын томоохон тэмцээнүүдийг зохион байгуулах боломжтой болох юм. Зөвхөн шатарчид ч биш шатрын спортод дуртай хүн бүрийг баярлуулах байх.
-Хамгийн их ачаалалтай үе?
-Янз бүр л дээ. Тэмцээний хуваарь хэрхэн гарснаас бүх зүйл шалтгаална. Гэхдээ ихэвчлэн намар ачаалал ихтэй.
-Цаг зав муутай хүмүүсийн нэг нь тамирчид. Зав гарвал?
-Найз нөхөдтэйгээ уулзаж, тэдэнд л зарцуулахыг боддог. Бас ном унших дуртай. Тэмцээний үеэр бол гадуур их зугаалдаг. Буудлынхаа ойролцоо цэвэр агаарт алхах дуртай.
-Сургуулиа төгссөн үү?
Төгссөн.
-Ямар мэргэжлээр төгссөн бэ. Ямар мэргэжлээр?
-Нийгмийн сурган хүмүүжүүлэгчийн мэргэжилтэй. Одооохондоо мэргэжлээрээ ажиллаагүй байна. Шатрынхаа спортод гол анхаарлаа хандуулах шийдвэр гаргасан. Ойрын хэдэн жилдээ өөрийнхөө амжилтыг ахиулах зорилт тавьсан байна.
-Хамгийн ойрын тэмцээн?
-Ирэх сарын 5-нд урд хөршийг зорих гэж байна. Тэнд эмэгтэй шатарчдын гран-при тэмцээний хоёр дахь цуврал болох юм. Эхний цуврал ОХУ-д болсон байгаа.
-Энэ тэмцээний цуврал манай улсад болох уу?
-Үгүй. Яагаад гэвэл Катарын их мастер Жү Чен бид хоёр номинациар орж байгаа. Тиймээс манай улсад болох боломжгүй.
-Шавь бэлтгэхийн хувьд?
-Бэлдэнэ. Гэхдээ ойрын хэдэн жилд биш. Эхлээд өөрийнхөө амжилтыг ахиулна. Ямар ч байсан шавь бэлтгэхийн хувьд бэлтгэнэ.