Хуучирсан мэдээ: 2011.08.31-нд нийтлэгдсэн

Сэтгүүл зүйн салбарыг шинэчлэх зорилгоор телевиз, сонины 100 гаруй сэтгүүлч, уран бүтээлчид  саяхан “Шинэ үе, Шинэ сэтгэлгээ” түр хороог байгуулсан билээ. Үүнийг талархан дэмжиж буйгаа илэрхийлж манай сонинд л гэхэд сүүлийн үед мэргэжил нэгт олон нөхөд маань хандаж байна. Тэдний нэг сэтгүүлч В.Бат-эрдэнийн “Цаг болжээ” гэсэн гарчигтай эл өгүүллийг уншигчдад хүргэж байна. Цаашдаа энэ жишгээр “Улс төрийн тойм” сониноор дамжуулж сэтгүүл зүйн салбарын шинэчлэлийн талаар үзэл бодлоо илэрхийлэх нь нээлттэй гэдгийг энэ дашрамд нийт үзэг нэгтнүүдийнхээ сонорт хүргэж байна.     

Нийгмийг өөрчлөх аж­­лыг  уран бүтээлчид, тэр дундаа сэтгүүлчид тэр­­гүүлдэг нь угаасаа л тэдний байгалиас заяа­сан мэдрэмжийн үр дүн гэ­мээр. Монгол улсын Ерөн­­хийлөгчөөсөө эх­лээд олны танил, нэр хүнд, нөлөө даацаараа тэр­гүүлэгч лидерүүд сэт­гүүлч мэргэжилтэй, энэ гал тогоотой ойр мэр­гэжилтэй байх нь то­хиолдлынх  биш болов уу. Ер нь сэтгүүлч, уран бү­тээлч хүнд нэг л том зорилго, чадвар байх ёстой  гэж боддог. Энэ нь нийгмийн сайн сайхны төлөө зүтгэж өөрийгөө золиослох явдал. Бусад нь бол  бараг худлаа. Ёс зүйтэй, совесттой байна л гэсэн үг. 90 оны ардчилсан өөрчлөлтийн салхийг тэр үеийн залуу уран бүтээлчдийн зөвлөлгөөнд оролцогсод л хагалж байсан. Өнгөрсөн бямбад болсон “Шинэ үе, шинэ сэтгэлгээ” сэтгүүлч нөхдийн маань цугларалт үүнийг л сануулж байв. Цаг нь болж шинэ үе гарч ирж, шинэ сэтгүүл зүй, шинэ нийгмийн түүхийг бичих ёстой. Харин ч ухаалаг шийд гаргаж сэтгүүлчдийн нэгдсэн  байгууллагаа  хуваачихалгүй  хэвээр нь үлдээж  нийгмийг шинэчлэх нүсэр, хариуцлагатай  ажилдаа ханцуй  шамлан орохоор зэхэж байна.  Ши­нэ үеийнхэн айсуй цагийн өнгө аясыг илүү­тэй мэдэрдэг нь жам ёсны болохоор тэд л түүчээ болох учиртай. Үүнтэй хур­лын үеэр бүгд л санал нийлж байсан. Тийм болохоор МСНЭ-ийн ээлжит их хурлыг зохион байгуулж, хийх ажлыг эдгээр залуу, дунд үеийн төлөөлөгчдөд итгэн хүлээлгэж өгөхөд буруу зүйлгүй. МСНЭ-ийн  ажлыг  өөрчлөн сайжруулах хэд хэдэн зайлшгүй гэмээр нийгмийн захиалга байна. Өнгөрсөн 20 гаруй жилд сэтгүүл зүй маань ихээхэн сэвтэж бохирджээ. Захиалгат, улс төрчдийг аялдан дагах, хүний халдашгүй нэр хүндэд эрээ цээргүй халдах гээд тоочиж нуршвал  ёс зүйн хувьд доройтон бүдгэрсэн олон баримтыг энд дурьдаж болно. Сэтгүүл зүй  нийгмийг хянаж, зөв голдрилд оруулж байх “дөрөв дэх засаглал” гэж ярьдаг гол үүргээ тааруухан биелүүлж ирсэн учраас нийгэмд  том цоорхой, хүлээлт үүсчээ. Нийгмийн энэхүү захиалгыг л биелүүлэхийн тулд Мон­голын сэтгүүлчдийн нэгд­сэн эвлэлийнхээ үйл ажил­ла­гааг өөрчлөн сайж­руулахыг зорьж  бай­на гэж “Шинэ үе, Шинэ сэтгэлгээ” хуралд оролц­сон сэтгүүлчид, олон нийт ойлгон хүлээн авч бай­­на. Сэтгүүлчдийг шинэ сэтгүүл зүйгээр  бэлт­­гэх, давтан бэлтгэх, мэр­гэшсэн сэтгүүл зүйг  даруй хөгжүүлэх, сэтгүүлчдийг сонгон шалгаруулах, тэд­ний хараат бус байд­лыг бодитой хангах, нийг­мийн зүгээс үр нөлөөтэй дэмжлэг авдаг тогтолцоог бий болгох, эрх зүйн хувьд  хамгаалуулах,  эрэн сурвалжлах, анали­тик сэтгүүл зүйн  таатай хөрс суурийг тавих  гээд  цаг үетэй уралдан хийх ажил мундахгүй олон байна. Товчоор хэлэхэд “хоточ нохойн” үүргээ биелүүлэхийг л олон нийт сэтгүүлчдээс хүсч байна. Өөр нэг үүнээс дутахгүй томоохон зорилт нь нийгмийн шинэ үнэлэмж, шинэ үнэт зүйлийг төлөвшүүлж хэвшүүлэх  явдал яах аргагүй мэргэжлийн сэтгүүлчдийн хойш тавилгүй хийх ажлын нэг мөнөөс мөн. Шударга, хариуцлагатай, хүмүүнлэг нийгмийг байгуулахад үе үеийн сэтгүүлчдийн оруулсан хувь нэмэр тэргүүнд тавигддаг бөгөөд энэ зүйл өнөө цагт  ус агаар мэт дахин хэрэгтэй болжээ. Инновацийн үсрэнгүй хөгжлийн хурдаас хоцрохгүй, цахим ертөнцийн технологийн цоо шинэ арга барил, мэдээллийн өгөлт, төгөлдөршлийг сэтгүүлчдээс олон нийт шаардаж байна. Энэ нөхцөл нь шинэ үеийн мэдээлэл хүлээн авах  хэв загвар, сэтгэлгээнд  нийцэх учиртай бөгөөд үүнийг манай залуу, шинэ үеийн  сэтгүүлчид  хийхээс өөр гарц  үгүй  билээ. Дээр дурьдсан нийгмийн томоохон захиалгыг биелүүлэхийн тулд л  эгнээндээ  олон зуун сэтгүүлчдийг  багтаасан  МСНЭ  гэсэн нийгмийн том “институци”  эрч хүчтэй, дайчин, давшингуй, мэргэжлийн ёс зүйтэй, мэдэгдэхүйц  ажиллах учиртай гэж ойлгож байна. МСНЭ-ийг  шинэчлэх ажлыг сандал ширээ солих, хэн нэгнийг өөрчлөх төдийгөөр явцуу ойлгон авч үзэх нь дэндүү “жижигдэнэ”  гэдгийг эрхбиш энэ байгууллагын удирдлага ойлгож, залуу халаа, шинэ үедээ залгамжлуулах  цаг болжээ.

 Сэтгүүлч В.Бат-Эрдэнэ

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж