Чичирхийлэл, доргилт манайд байнга мэдрэгддэг

Хуучирсан мэдээ: 2011.08.31-нд нийтлэгдсэн

Чичирхийлэл, доргилт манайд байнга мэдрэгддэг

Б.АЛТАНСУВД: ЧИЧИРХИЙЛЭЛ, ДОРГИЛТ МАНАЙД БАЙНГА МЭДРЭГДДЭГ


Өмнөговь аймгийн Ханхонгор сумаас зүүн хойшоо 28-32 километрт газар хөдөлсөн талаар бид өмнөх дугаарууддаа мэдээлж байсан билээ. Газар хөдлөлтөөс үүссэн чичиргээ Даланзадгад хот, аймгийн төвөөс 60 километр зайд байсан хүмүүст төдийгүй Улаанбаатар хотод мэдрэгдсэн гэсэн мэдээллийг албаны хүмүүс нь өгч байв. Газар хөдлөлтийн, чичиргээ нь нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах VIII байрны оршин суугчдад мэдрэгдсэн ажээ. Тиймээс тус байрны оршин суугчидтай уулзаж энэ талаар тодруулсан юм.

Тус байрны оршин суугч Б.Алтан­сувдаас дараах асуултад хариулт авлаа.

-Тухайн үед яг юу болсон юм бэ. Га­зар хөдлөлтийн чичиргээ хэр хүчтэй мэдрэгдэв?

-Тэр өдөр үдээс хойш намайг гэр­­тээ байхад энэ чичирхийлэл мэд­рэгдсэн. Би хана налаад сууж бай­тал гэнэт бие чичрэх шиг болсон. Гэтэл ун­таж байсан хүүх­дүүдэд маань ч чи­­чирхийлэл мэд­рэгдсэн байсан. Тэ­гээд бид газар хөдөлж байгааг мэдээд бүгдээрээ га­даа гарч зогссон. Ойрхон хоёр ч удаа чичирхийлсэн.

-Танайхаас өөр оршин суугчдад мэдрэгдсэн болов уу?

-Үгүй. Манайхаас өөр оршин сууг­чид юу ч мэдээгүй байсан. Манайх есөн давхарт байдаг болохоор чичир­хийлэл илүү хүчтэй мэдрэгдсэн байх. Үүний дараа телевиз, радиогоор дахин газар хөдөлнө гэж мэдээлсэн. Гэсэн ч худлаа байсан. Урьд нь ч бас газар хөдлөлт болно гэсэн цуурхал маш их тархаж байсан шүү дээ.  Тиймээс үнэн, бодитой мэдээлийг хэв­­лэл мэдээллийн байгуулагууд  ир­гэ­дэд өгөх  хэрэгтэй л дээ.

-Таны хувьд газар хөдлөлтийн талаар хэр мэдээлэлтэй байдаг вэ. Га­зар хөдлөлт болсон нөхцөлд яах ёстой талаар мэддэг үү?

-Шууд л гадаа гарах байх. Яг тэгж, ингэж өөрийгөө хамгаалах та­лаар сайн мэдэхгүй байна. Ер нь ма­най энэ байранд доргилт их, бага хэмжээгээр мэдрэгддэг. 

-Энэ нь юутай холбоотой юм бол?

-Айлууд засвар их хийж даацын­хаа ханыг нурааснаас  доргилт үүсдэг бо­лов уу гэж боддог. Тиймээс засвар хийхдээ тусгай зөвшөөрөл авдаг болмоор байна.

Тэрбээр ингэж ярив. Мөн чи­чир­хийлэл мэдрэгдэх үед маш их айж сандарснаа ч хэлж байлаа. Тус найм­дугаар байрны иргэдтэй уулзахад чичирхийлэл мэдрээгүй гэж  байсан ч “Газар хөдлөхийг урьдчилан мэдэх арга байдаг бол зүгээр. Мөн барилга байшингийн чанарт их санаа зовж байна. Сүүлийн үед газар хөдөллөө гэх мэдээлэл их гарах боллоо” гэж байлаа.


Иргэдтэй уулзсаны дараа тус байрны жижүүр Ө.Баянтамиртай уулзаж зарим зүйлийг тодрууллаа.
 

-Газар хөдлөх үеэр та хаана байсан бэ. Танд чичирхийлэл мэд­рэгдсэн үү?

-Тухайн үед гэртээ байсан чинь манай хоёр оршин суугч гарч ирээд газар хөдөлсөн талаар надар хэлсэн. Надад бол мэдрэгдээгүй.

 -Энэ байранд доргилт их бага хэмжээгээр мэдрэгддэг хэмээн ор­шин суугчид хэлж байна л даа?

-Тийм. Бага хэмжээний доргилт дээд давхрын айлуудад мэдрэгддэг гэсэн. Энэ нь айлууд ханаа дур мэдэн буулгаж байгаатай холбоотой байх. Тэгэхээр газар жаахан чичирхийлэхэд л тэр нь иргэдэд мэдрэгддэг гэсэн үг. Энэ талаар СӨХ-ноос байнга суугч­дад са­нуулдаг.

Тус байрны “Дэвшил” СӨХ-ны Цахилгааны инженер, Ашиг­лал­тын байцаагч Т.Мөнхбатад тэр үед газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэг­дээ­гүй гэнэ. Тэрбээр тус байранд амьдардаг аж. Түүнээс даацын ханыг зөв­шөөрөлгүй нураадаг талаар тод­руулахад “Даацын хана нураах зөвшөөрөл бол олгодоггүй. Олгох ч ёсгүй. Харин бид засвар хийж  бай­гаа айлууд руу орж үзээд даацын ха­нанд нөлөөлөхгүй, аюулгүй гэж үзвэл засвар хийхийг зөвшөөрдөг юм. Оршин суугчид даацын ханыг нураах ёсгүй. Нураасан тохиолдолд хуу­лийн хариуцлага хүлээдэг. Манай  байранд хоёр удаа л даацын хана нураасан тохиолдол гарч байсан. МХЕГ-аас шалгаж үзээд зохих арга хэм­жээг авсан” гэсэн хариултыг өглөө.

Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн уг байр нь газар хөдлөл­тийн идэвхитэй хэсэг буюу 8.5 баллын бүсэд байрладаг бай­­на. Одоогоос 2-3 жилийн өмнө мөн чичирхийлэл мэдрэгдэж байсан та­лаар тус байрны оршин суугчид хэлж байсан юм. Түүнчлэн  дулааны улиралд засварын ажил эхэлсэнтэй холбоотойгоор байрны дээд давха­руу­­дад чичирхийлэл илүүтэй мэдрэгддэг гэж мэргэжлийн хүмүүс хэлж байна.

Б.ЖАРГАЛ

"Улс төрийн тойм" сонин



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж