
Тус компанийнхан өнгөрсөн долоодугаар сарын 20-нд нэгэн чухал ойг тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ нь “Анхны эрдэсжсэн томоохон хүдрийн биетийг илрүүлсэн”-ий 10 жилийн ой юм. Дэлхий дахинд “Монголын Оюутолгой гэдэг газраас ихээхэн найдвар бүхий зэс, алт, молбидений нөөц олдлоо” хэмээн зарласнаас хойш 10 жил өнгөрсөн гэсэн үг. Мөн “Айвенхоу Майнз” компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал ноён Роберт Фрийдланд монголчуудтай танилцсаны 10 жилийн ой ч гэж хэлж болно. Харин МакРейн хувьд хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсны нэг жилийн ойн дараахан буюу 2010 оны аравдугаар сарын 8-наас эхлэн “Оюутолгой” компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирлаар томилогдсон ч мөн оны арванхоёрдугаар сарын 1-нээс ажиллаж эхэлсэн. Онцлог нь тэд томилох шийдвэр гарангуут нь ажилд нь “чихчихдэггүй” юм билээ. Ирээд мөн л нэг жилийн нүүр үзэх гэж байна.
Үүнийг энэ “хар” өдрийн нэг жилийн ойн “сюрприз” гэж ойлгох уу. Тэрбээр уг төслийг гурван жил удирдсан Кийт Маршаллын орыг залгамжлахаасаа өмнө Өмнөд Африк дахь “Ричардс Бей Минералс”-ын гүйцэтгэх захирал, гүйцэтгэх ерөнхий захирлаар ажиллаж байгаад ирсэн юм билээ. МакРей 1986 оноос хойш “Рио Тинто”-ийн ган, зэс, нүүрс, алмааз болон үйлдвэрлэлийн эрдсийн салбаруудад ажиллаж байсан туршлагатай нэгэн. Сүүлийн таван жилд Африкт ажиллаж байгаад Оюутолгойд ирсэн цөл дагаж баялаг үйлдвэрлэгч хэмээн салбарынхан нь тодорхойлдог энэ залуу эр Монголд морь уяж уралдуулж хүртэл үзсэн, монголжих оролдлого хийж буй “этгээд” нөхөр.
Камерон МакРей анх ирэхдээ л “Оюу Толгой төслийг удирдан ажиллах нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. Энэ төсөл бол Монгол улсын эдийн засагт онцгой ач холбогдолтой. Миний бие Монгол улсын Засгийн газар болон бусад оролцогч талууд, төслийн баг болон Оюу Толгойн ирээдүйн уурхай, дагалдах дэд бүтцийг барьж байгуулж буй гэрээт компаниудтай хамтран ажиллана гэдэгтээ итгэлтэй байна” хэмээн амласан. Амласандаа ч хүрч яваа. Өнгөрсөн есөн сарын хугацаанд тэрбээр Хөрөнгө оруулалтын гэрээний заалтуудыг хангах, энэхүү аварга, цогц төслийг аюул осолгүйгээр хэрэгжүүлэхийн төлөө их зүйлийг хийсэн. “Би” хэмээн онгирох дургүй энэ эр одоо ч “Хамгийн чухал нь Монгол Улсын Засгийн Газар, ард түмэн өөрсдөө Оюу Толгой төслийг өлгийдөн авч хөгжин дэвжиж, өсч хөгжих суурь нөхцлийг нь бүрдүүлсэн юм. Энэхүү тусламж, дэмжлэггүйгээр төсөл ийм амжилтад хүрэхгүй байсан” хэмээн даруухнаар өгүүлдэг юм билээ.
Түүнийг ажлаа хүлээн авсны дараах хамгийн эхний даваа нь тун ээдрээтэй асуудлын гогцоог тайлах явдал байсан юм. Энэ бол давуу эрхийн хувьцаа гэгч адармаатай асуудал юм. Тухайн үед “Рио Тинто” групп “Айвенхоу Майнз” компанитай шинээр гэрээ байгуулснаар “Оюутолгой” төслийг шууд удирдан ажиллахаар болсон. Үүний цаана багц санхүүжилтийн арга хэрэгслээр дамжуулан Оюутолгойн олборлолт, үйлдвэрлэлийг төлөвлөсөн хугацаанаас зургаан сарын өмнө буюу 2012 оны сүүлч гэхэд эхлүүлэх нөхцлийг хангахаар тохиролцсон байв.
Уг гэрээний дагуу “Рио Тинто” одоогийн хөрвөгч өрийн багцаа ирэх оны нэгдүгээр сарын 18-ны дотор “Айвенхоу”-ийн энгийн хувьцаанд хөрвүүлэх үүрэг хүлээсэн байдаг. Гэтэл нөхцөл байдал хүндэрч, Монголын зарим улстөрч санаатайгаар болон санамсаргүйгээр уг гэрээнд тусгасан асуудлыг мушгин гуйвуулж, “Монголчууд 34 бус долоохон хувийг хүртэхээр болсон” хэмээн олон нийтэд тайлбарлаж эхэлсэн. Гэрээний талаар тайлбар хийж, 34 хувь огт өөрчлөгдөхгүй гэж хичнээн яриад ч олон нийтийн эргэлзээ арилсангүй. Аргаа барахдаа хөрөнгө оруулалтын гэрээнээс “Давуу эрхийн хувьцаа” гэдэг бүх үгийг авч хаяж, залруулахад хүрсэн. Үүний дараа ажил овоо урагшилж, “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс хоногт 100 мянган тонн баяжмал боловсруулах төслийг эцэслэн баталж гаргав. Төлөвлөснөөс зургаан сарын өмнө анхны хүдрийг баяжуулах үйлдвэрт хүргэх болов. “Ингэснээр Өмнөд Оюугийн ил уурхайн хүдрээс гарган авах баяжмал дахь зэс, алтыг 2012 оны дөрөвдүгээр улирлаас эхлэн арилжаанд гаргах болно” хэмээн ноён МакРейн амлав. Мөн зэсээр баялаг Хюго Дамметийн ордын блокчлон олборлох далд уурхайн цаашдын бүтээн байгуулалтын ажлыг хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Бүтээн байгуулалтын ажлын гол хөшүүрэг болсон дэд бүтцийн асуудалд голлон анхаарч, Оюутолгой-Гашуунсухайт чиглэлийн 96,8 км хатуу хучилттай замыг барихаар Монголын үндэсний компаниудтай гэрээ байгуулан ажлаа эхлээд байгаа. Замын барилгын ажил өнгөрсөн тавдугаар сард эхэлсэн бөгөөд ирэх оны дундуур дуусгахаар төлөвлөсөн. Мөн Засгийн Газрын хуралдаанаас Оюутолгойн ашиглалтад шаардлагатай эрчим хүчээр хангах цахилгаан станцыг барих ажлыг хурдавчлах шийдвэр гаргасны дагуу цахилгаан станцын барих газартай болоод авсан. Ингэснээр төлөвлөсөн хугацаанаасаа дөрвөн жилийн өмнө буу энэ ондоо багтаан цахилгаан станцаа барьж эхлэхээр болсон юм. Камерон МакРей энэ үед жигтэйхэн баярлаж, “Эрчим хүчний байнгын эх үүсвэрийг яаралтай ашиглалтад оруулах нь үйлдвэрлэлийг эхлэхэд нөлөөлөх чухал хүчин зүйл юм. Ирэх оны сүүлчээр үйлдвэрлэлээ эхлэхээр төлөвлөж буй энэ цаг үед цахилгаан станцын бүтээн байгуулалт бидний ажилд томоохон түлхэц болно” хэмээн урамшин өгүүлж байв.
Ийнхүү Камерон МакРей бүхнийг төлөвлөсөн хугацаанаас өрсөж хийхийг хичээж байна. Бизнесмэн хүнд цаг хугацаа алтнаас үнэтэй. Тэр тусмаа алт, зэс олборлон Өмнийн говийг, Монгол Улстай нь хөгжүүлээд, компанидаа ашиг авч ирэх үүрэг хүлээсэн түүний хувьд бага хугацаанд ашигтай ажиллах, ихийг хийхээс өөр зорилго үгүй. Гэвч тэрбээр өмнөх удирдлагуудын хийж байсан орон нутгийн хөгжлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах, Монголын үндэсний боловсон хүчнийг бэлтгэх, эрүүл мэнд, боловсролын салбарт хийх хөрөнгө оруулалт зэрэг олон ажлыг уламжлан хэрэгжүүлсээр байна.
"Улс төрийн тойм" сонин