Ноолуурын салбарынхан зөвлөлдлөө

Хуучирсан мэдээ: 2010.04.22-нд нийтлэгдсэн

Ноолуурын салбарынхан зөвлөлдлөө

Ардчилсан хүчний холбооны
байранд өчигдөр “Монголын ноолуурын салбарын өрсөлдөх чадварын өнөө ба
ирээдүй” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг боллоо. Уулзалтад тус салбарт үйл
ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийнхэн болон УИХ-ын гишүүн Д.Ганхуяг
“Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан, эдийн засагч Н.Дашзэвэг нар
оролцлоо. Ноолуураараа дэлхийд өрсөлдөх боломжтой болохын тулд  юу хийх
хэрэгтэй талаар тэд ярилцаж, санал дүгнэлтээ гаргасан юм.
“Жижиг орон, Том орон” “Small country, Big country” гэсэн нэр томъёо
Олон улсын худалдаанд байдаг. Энэ нэр томьёо нь тухайн орны газар
нутгийн хэмжээ, хүн амын тооноос хамаардаггүй. Энэ нэр томьёоны агуулга
нь тухайн орон ямар нэгэн баялаг үйлдвэрлэн,  дэлхийн зах зээлд нийлүүлж
байгаа бараа,үйлчилгээний хэмжээ буюу дэлхийн зах зээлд нөлөөлөх
нөлөөллийг илэрхийлдэг. Нөгөө талаас тухайн орны дэлхийн зах зээлд
нөлөөлөх чадвартай буюу өрсөлдөх чадвартай салбарыг хэлдэг. Монгол Улс
дэлхийн зах зээлд ноолуураар Хятадын дараа хоёрдугаарт, зэсийн нөөцөөрөө
Чилийн дараа хоёрдугаарт, нүүрсийн нөөцөөрөө тавдугаарт орж эдгээр
баялгаараа “Big Country” ангилалд тооцогдох боломжтой аж.  
Тиймээс дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай баялгаа түүхийгээр нь биш
аль болох өөрийн орондоо нэмүү өртөг шингээж хагас боловсруулсан болон
эцсийн бүтээгдэхүүн байдлаар экспортлох нь эх орны эдийн засгийн хөгжилд
стратегийн ач холбогдолтой байх нь мэдээж юм. Мөн түүхий эд болон хагас
боловсруулсан бүтээгдэхүүний үнэ хүчтэй савлаж байхад бэлэн
бүтээгдэхүүний үнэ хэлбэлзэл төдийхөнд байдаг зах зээлийн зарчимд төр,
засаг байнга анхаарах шаардлагатай.Түүнээс бүх түүхий эдийг боловсруулна
гэвэл тийм боломж хомс байх талтай гэж мэргэжилтнүүд үзэж байна.
   Иймд  ноолуурын салбарын өнөөгийн байдалд “Value      chain-VC”  буюу
“Нэмүү өртөг(үнэ цэнэ)-ийн шинжилгээ”-г хийсэн байна.
“Value chain-VC”  буюу Нэмүү өртгийн шинжилгээ нь түүхий эдийн
үйлдвэрлэлээс хэрэглэгчид уг бараа, үйлчилгээг худалдан авч, худалдан
авсны дараах үйлчилгээ хүртэлх бүх процессийн явцад аль шатанд нь нэмүү
өртөг бий болж, аль шатанд нь нэмүү өртөг буюу үнэ цэнийг алдаж байгааг
илрүүлэн хамгийн их борлуулалт ба хамгийн үр ашигтай ажиллах хувилбарыг 
сонгоход ашигладаг шинжлэх ухааны үндэслэлтэй аргачлал аж. Дээрхи
шинжилгээг хийхдээ Ноолуурын салбарын 2009 оны байдал,  долоон жилийн
дараах 2016 онд хүрэх зорилттой харьцуулж гаргасан байна.
2009 онд  Монгол Улс 8000 тн орчим ноолуур үйлдвэрлэснээс өмнөд хөршид  
угаасан болон самнасан байдлаар 5800 тн гаруй буюу нийт ноолуурын 70
гаруй хувийг экспортоор гаргажээ. Түүхий ноолуурын тухайд хоёр орны
хооронд хийсэн хорио цээрийн протколиор түүхий ноолуурын импортыг
хориглосон, манай малчид нууж хааж бага хэмжээгээр өмнөд хөрш үрүү
гаргасан байж болох боловч, гаальд ямар нэгэн мэдээлэл байхгүй.  Харин
Монгол Улсыг бохир ноолуурынхаа экспортын татварыг тэглэмэгц, өмнөд хөрш
импортын татвараа 10 юаниар нэмэгдүүлж 6-8 сая.ам.доллароор төсвийн
орлогоо нэмэгдүүлсэн байна. Мөн 2009 онд манай улс 1623 тн самнасан
ноолуурыг дунджаар 42.1 доллараар экспортолж 68.37 сая ам.долларын
орлого олжээ. Гэтэл энэ онд самнасан ноолуурын зах зээлийн дундаж үнэ
58.0 ам.доллар байсан . Энэ зөрүү 25.8 сая ам.доллар болж байна.
Өмнөд хөрш 2010 онд 2009 оноос дутахааргүй 6000 тн түүхий эд бэлтгэн
угаасан болон самнасан байдлаар импортлоход \энэ онд самнасан ноолуурын
зах зээлийн үнэ 95 ам.доллар  орчим\ хамгийн багадаа 100 орчим сая
ам.долларын ашгийг дундаас нь унагахаар байна.
 2009 онд манай үйлдвэрлэгчид  8000 тн түүхий ноолуурын 3100 тн буюу 39
хувийг самнасан ноолуур, утас, сүлжмэл бусад бэлэн бүтээгдэхүүн болгож
дотоод, гадаадын зах зээлд борлуулсан байна. Эндээс үйлдвэрлэгчид маань
нэмүү өртгөөр 68.61 сая.ам.долларыг эх орондоо үлдээсэн байна.
2016 онд Нийт ноолуурын 50 хувийг самнаснаар, 50 хувийг сүлжмэл болон
бусад бэлэн бүтээгдэхүүн болгож дотоод, гадаадын зах зээлд борлуулах
зорилтыг тавьж байна. Энэ зорилт хэрэгжсэнээр энэ салбараас Монгол Улсад
үлдэх нэмүү өртөг 250-300 сая.ам.доллароор нэмэгдэнэ. Энэ нь нэг хүнд
оногдох ДНБ-ийг дунджаар 100 ам.доллароор нэмэгдүүлнэ гэсэн үг юм. Жил
бүр ийм орлогыг олно гэсэн үг. Ажлын байр  ойролцоогоор 25мянгаар
нэмэгдэнэ.
Энэ зорилт хэрэгжүүлснээр ноолуурын түүхий эдийн үнэ тогтворжино. Энд
хоёрхон үндэслэлийг дурдвал:
Нэг, түүхий эд болон хагас боловсруулсан бүтээгдэхүүний үнэ хүчтэй
савлаж байхад бэлэн бүтээгдэхүүний үнэ хэлбэлзэл төдийхөнд байдаг зах
зээлийн зарчим үйлчилнэ.
Хоёр, Монгол Улсын угаах, самнах үйлдвэрийн хүчин чадал нийт түүхий
эдийн хэмжээнээс 1.5-1.8 дахин бий болсон учраас дотоодын өрсөлдөөнөөр
түүхий эдийн үнэ тогтвортой байх боломжтой. Цаашид дотоодын зах зээл
дээр самнасан ноолуур, ээрмэл утсан дээр төгс өрсөлдөөнийг бүрдүүлэхийг
төр, засгаас бодлогоор дэмжинэ гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Харин эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд төр, засгаас авах доорх бодлогын
чанартай арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байна. Үүнд:

1.Ноолуурын салбар нь жилд үйлвэрлэж байгаа 8000 тн ноолуурынхаа 50
хувийг самнасан ноолуур, 50 хувийг сүлжмэл бүтээгдэхүүн болгоход
Монголын эдийн засагт жилд 500-гаас доошгүй сая.ам.долларыг нэмүү өртөг,
борлуулалтаар бий болгоно. Эндээс нэг тн ноолуур 62,500 ам.дол-ын үнэ
цэнэтэй болж, энэ нь зэснээс ес дахин, угаасан нүүрснээс 62.5 дахин илүү
үнэ цэнэ юм. Иймээс энэ салбарыг Монголын стратегийн ач холбогдолтой
салбарт оруулж холбогдох төрийн зохицуулалтыг хийх.

2.Энэ салбарын үндэсний үйлдвэрлэгчдийг санхүүжилтээр дэмжихэд 2010 оны
байдлаар 100 сая доллароос доошгүй хөнгөлөлттэй зээл  олгох
шаардлагатай. Энэ дэмжлэгийг тогтмол болгох.

3. Түүхий эдийн биржийн тухай хуулийг батлах.

4. Угаасан ноолуурын кг  тутамд үнийн 15 хувьтай тэнцэх экспортын
татвартай болгох. Ингэснээр Хятад улсруу экспортлогдож буй
боловсруулаагүй ноолуурын хэмжээ багасч илүү нэмүү өртөг шингэсэн
самнасан ноолуурын экспортын хэмжээ нэмэгдэнэ.

5.Самнасан ноолуурыг дэлхийн зах зээлийн үнэд ойрхон үнээр экспортлохын
тулд татварын зохицуулалт эсхүл самнасан ноолуурын экспортын үнэд
зохистой хяналтыг бий болгох.

6.Түүхий эдийн үнийг тогтвортой байлгахын тулд самнах, ээрэх үйлдвэрийн
салбарт дотооддоо төгс өрсөлдөөн бий болгох шаардлагатай. Үүний тулд
дотоодын зах зээлд борлуулж байгаа самнасан ноолуур,ээрмэл утсыг
НӨАТ-аас чөлөөлж Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих.

7. Өнөөдөр нийт ноолуурынхаа  30 орчим хувийг ээрмэл утас болгох хүчин
чадал бий. 2016 он хүртлэх хугацаанд энэ хувийг 50 буюу түүнээс дээш
хувьд хүргэх үйлдвэрлэлийн машин, төхөөрөмж худалдан  авахад зориулж
хөнгөлөлттэй зээл олгох.

8. Манай санхүүгийн зах зээл дээр гадаад улсын иргэд асар их бэлэн
мөнгөөр гүйлгээ хийж далд эдийн засаг ямар түвшинд байгааг харуулж
байна. Иймд Монголын санхүүгийн зах зээлд дээр эргэлдэж байгаа мөнгөний
урсгалд тавих хяналтыг холбогдох хуулийн хүрээнд чангатгах, зохих
хариуцлагыг тооцох шаардлагатай гэсэн юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж