
Сүүлийн хориод жилд Монгол Улсын эрх зүйн салбарт олон тооны хууль тогтоомж батлагдан гарч, мөрдөгдөж ирсэн. Ялангуяа шүүх, хуулийн байгууллагын зохион байгуулалт, чиг үүрэгтэй холбоотой эрх зүйн шинэтгэлүүдийг хийж, хуулийн байгууллагуудыг чадавхижуулах талаар ахиц гарч буй. Гэвч энэ салбарт шийдвэрлэх ёстой, тулгамдсан олон асуудал шийдлээ хүлээсээр байгаа нь нууц биш.
Улсын хөгжлийг тодорхойлогч нэг хүчин зүйл нь тухайн улсад шударга, бие даасан, чадварлаг шүүх байгаа эсэх. Харин шүүн таслах үйл ажиллагааны хариуцлагатай, ил тод байдлыг нэмэгдүүлэх нь дан ганц шүүх, шүүгчийн хүрээний шинэтгэлийн асуудал биш болжээ. Учир нь шүүн таслах ажиллагаанд зөвхөн шүүгч оролцдоггүй. Өөрөөр хэлбэл, уг ажиллагаанд оролцож буй бусад хуульчдын үйл ажиллагаа, тэдний мэдлэг, ур чадвар, зан байдлаас шалтгаалан шүүхийн нэр хүнд, олон нийтийн итгэл даах байдал эрсдэлд ордог байна. Иймд шүүгчийн хариуцлага, нэр хүндийн байдлыг дээшлүүлэх зорилготой эрх зүйн шинэтгэлийн шаардлагуудыг шүүн таслах ажиллагаанд оролцох бусад хуульчдад мөн адил тавих, хуульчид (шүүгч, прокурор, өмгөөлөгч) нэр хүндийн нэг стандарт, хариуцлагын нэгдсэн нэг тогтолцоотой болгох, хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагын зохистой механизмыг хуульчлан тогтоох замаар хууль зүйн дэд бүтцийн шинэтгэлийг шинэ түвшинд гаргах шаардлага тулгарч байгаа юм.
Энэ талаар өмнө нь ярьж байсан. Ерөнхийлөгчийн санаачилгаар энэ оны дөрөвдүгээр сарын 14-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс” үндэсний чуулганд шүүх, хуулийн байгууллагын төлөөлөл болон иргэд шүүх эрх мэдлийн салбарт хийвэл зохих шаардлагатай өөрчлөлт, шинэчлэл болон хуульчдын эрх зүйн орчин, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах тогтолцоог нэвтрүүлэх талаар тодорхой санал зөвлөмж гаргасан. Энэ зөвлөмжинд шүүх, хуулийн байгууллагыг шинэчлэх, хууль зүйн дэд бүтцийг сайжруулах, хуульчдын нэр хүнд, олон нийтийн итгэл даах чадварыг нэмэгдүүлэх, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тогтолцооны хувьд нэг мөр шийдвэрлэх, хуульчийн мэргэжлийн шалгалт, мэргэжлийн хариуцлагын тогтолцоог сайжруулах, тэдгээрийн эрх зүйн зохицуулалтыг нэгтгэн, боловсронгуй болгох, хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээг чанаржуулах, хуульчдын нийтлэг үүрэг, мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, шаардлагуудыг тодорхой болгох, хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагыг хөгжүүлэх, үр ашигтай ажиллах зохион байгуулалтыг бий болгох, эрх зүйн орчныг шинэчлэн тогтоох зэрэг шаардлагатайг дурдсан аж. Энэ хуулийн ач холбогдлыг арай энгийнээр тайлбарлавал хуультай болсноор одоогоор зохицуулалт хангалтгүй байгаа хууль зүйн дэд бүтэц, хуульчдын мэргэжлийн хүрээ, тэдний мэргэжлийн үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн нэгдсэн тогтолцоо бүрдэх юм. Эрх зүйн өндөр хөгжилтэй гэгдэх АНУ, ХБНГУ-ын жишгийг харсан ч хуульчийн үргэлжилсэн сургалт, хуулийн сургуулиудын магадлан итгэмжлэл, хуульчийн мэргэжлийн нэр хүндийг тодорхойлох, хариуцлага ногдуулах зэрэг чиг үүргийг мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагад хуулиар шилжүүлэн өгснөөр тус салбарын мэргэжлтнүүдийн мэдлэг, ур чадвар, нэр хүнд, хариуцлага хүлээх байдал нэмэгдэж, олон нийтийн итгэл даах, мэргэжлийн бие даасан тогтолцоо бүрэлдэх бөгөөд, нөгөөтэйгүүр энэ нь төрийн эрх мэдлийн төвлөрлийг сааруулах чухал арга болдог байна.
Хамгийн эхэнд хуульчдын хариуцлага, нэр хүндийг дээшлүүлэх зорилгоор тэднийг нэгдсэн лицензийн тогтолцоонд оруулснаар хуульч нэрийг ашиглан үйл ажиллагаа явуулах шаардлага, зарчмуудыг тогтоох аж. Лицензийн нэгдсэн тогтолцоонд орж байгаатай холбоотойгоор хуульчийн тусгай зөвшөөрөл авахыг хүсэж хуульчийн мэргэжлийн шалгалтад орох иргэн нь юуны түрүүнд хуульчдын өөрөө удирдах ёсны байгууллагаас магадлан итгэмжлэгдсэн хуулийн сургууль төгссөн байхыг шаардана. Энэ нь хууль зүйн мэргэжлийн боловсролыг нэгдсэн стандарттай болгох, хууль зүйн сургуулиудыг хариуцлагажуулах, ирээдүйн хуульчдад хуульчид тавигдах нийтлэг шаардлагуудыг хангах нөхцлийг бүрдүүлэхэд мөн л нөлөөлнө. Харин хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллага нь хуульчийн мэргэжлийн шалгалт зохион байгуулах, хуульчийн мэргэжлийн дадлагыг тооцох, хуульчийн мэргэжлийн үйл ажиллгаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм батлах, хууль зүйн сургуулиудыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран магадлан итгэмжлэх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Хуульчдад үргэлжилсэн сургалтын тогтолцоог бүрэн нэвтрүүлж байгаатай холбогдуулан хуульчдаас мэдлэг, ур чадварын түвшинг тогтоох дахин шалгалт авахаа больж, мэргэжлийн алдаатай холбоотой маргааныг шийдвэрлэх үүрэг бүхий мэргэшлийн хороодын чиг үүргийг сахилгын хороонд нэгтгэх, шүүгч, прокурор, өмгөөлөгчид тус тусдаа сахилгын хороотой байсныг нэг болгож хуульч (шүүгч, прокурор, өмгөөлөгч)-дыг мэргэжлийн үйл ажиллагааны хувьд зан үйлийн нэг дүрэмд захируулах, маргааныг нэг механизмаар шийдвэрлэх хувилбарыг сонгожээ. Энэ нь лицензийн нэгдсэн тогтолцоотой болж буйтай холбоотой. Үргэлжилсэн сургалтад хамрагдаж зохих багц цагыг хангаагүй бол шүүгч, прокурор, өмгөөлөгч мэдлэг, ур чадварын хувьд зохих шаардлага хангаж буй нь эргэлзээтэй гэх үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл хариуцлага хүлээх гэнэ. Мөн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах нэгдсэн шаардлага хуульчлагдсанаар үйл ажиллагаандаа илтэд алдаа гаргасан хуульчид хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчин бүрдэх юм. Бүтцийн хувьд Хуульчдын танхимын чиг үүрэг, зохион байгуулалт нь Хуульчдын их хурал, Хуульчдын танхимын зөвлөл, Ерөнхийлөгч, тамгын газар гэсэн зохион байгуулалттай. Хуульчдын танхимын үйл ажиллагааны гол зохион байгуулалт нь чиг үүргийн болон бусад хороодын хэлбэртэй байх аж. Ийм л хууль батлагдах өдрөө хүлээсээр. Түүнийг хэрхэн шинэчлэгдэн батлагдах вэ гэдгийг хуульчид хүлээсээр.
"Ардын эрх" сонин
