
-Чуулган завсарласан хугацаанд юу амжуулж байна?
-Хөдөө орон нутагт ихэнх цагаа өнгөрөөлөө. Баруун таван аймгуудаар явсны дараа зүүн хоёр аймгаар явлаа. Байгаль орчны асуудал, бэлчээрийн асуудлаар малчид, иргэдтэй уулзаж санаа бодлыг нь сонслоо.
-Бэлчээрийн асуудлаар, Газрын хуулийн талаар зарим гишүүд багц хууль боловсруулж өргөн барихаар бэлтгэж байгаа гэсэн. Очоод үзсэн хүнд юуг анхаармаар санагдав?
-Бэлчээрийн болоод газрын хуулийг олон нийтээр сайн хэлэлцүүлэх ёстой юм билээ. Энэ нь хүмүүсийн амьдралын суурийг хөндөж байгаа тул ингэхээс аргагүй. Бэлчээрийн асуудал нь олон мянган малчны амьдралд шууд нөлөөлнө. Газрын асуудал нь Монголын хүн болгонтой холбоотой. Ийм асуудлыг шийдэхэд өргөн хүрээнд л шийдэх ёстой. Иймд асуудлыг хөндөж, хуульчлахаар төсөл санаачлан оруулж байгааг би дэмжиж байгаа. Хуульгүй байсаар олон газарт замбараагүй байдал үүссэн байна шүү дээ. Хүмүүс бэлчээрийг хувьчлах нь гэж айгаад байна. Гэвч бэлчээрийг хувьчлах гээгүй, хуультай болгох гээд байгаа юм шүү дээ. Тухайн орон нутагт буй малчид бэлчээрээ хэрхэн зохицон ашиглах, орон нутгийн байгууллагууд малчдын холбоог хэрхэн зохицуулах гээд олон асуудлыг шийдвэрлэх гээд байгаа юм.
-Богд уулын долоон амыг тусгай хамгаалалтаас гаргах талаар зарим гишүүд хуулийн төсөл санаачлаад байгаа. Энэ талаар байр сууриа илэрхийлээч?
-Би үүнийг нь эсэргүүцэж байгаа. Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудлыг хасах замаар шийдвэрлэж болохгүй. Угтаа Богд уулын тусгай хамгаалалттай газар нутгийг бодлогоор хэрхэн хөгжүүлэх вэ гэх төрийн үзэл баримтлал байх ёстой. Хотод ойр байгаа тусгай хамгаалалттай газар, хол орон нутагт байгаа тусгай хамгаалалттай газраас ялгаатай шүү дээ. Иймд энэ ялгаатай байдалд нь тохирсон хамгаалалтын үзэл баримтлалыг оруулж ирж шийдвэрлэх ёстой болохоос биш ингэж шийдвэрлэж болохгүй. “Манай хэдэн дарга нар энэ газарт байшин барьчихсан юм, ер нь замбараагүй байдал үүсчихлээ” гээд хуулийг хэрэгжүүлэхийн оронд хүчингүй болгох арга зам хайгаад байж болохгүй. Өнөөдөр Богд уулын Зайсангийн ам гээд олон газарт хуулийг мөрдөөгүй. Тэгэхээр мөрдөөгүй байдлыг хянан шалгаж, дүгнэж, хариуцлага тооцох ёстой. Цаашид хэрхэх талаар нэгдмэл бодлого гаргаж байж арга хэмжээ авах хэрэгтэй.
-Хуулиа хэрэгжүүлэх боломжгүй гээд өөрчлөх, хүчингүй болгох гээд байгаагийн жишээ Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газарт ашигт малтмалыг хайх ашиглах, олборлохыг хориглох тухай хууль. Энэ урт нэрт хууль хэрэгжилгүй байсаар саяхан хоёр жилийн ойгоо үзлээ. Одоо яах вэ?
-Хуулийг санаатайгаар хэрэгжүүлээгүй шүү дээ.
-УИХ-ын гишүүд хэрэгжүүлэх тал дээр юу ч хийж чадахгүй байна гэж үү?
-Асуудал гишүүдэд гэхээс илүү Монголын төрийн тогтолцоонд байна. Өнөөдөр УИХ-ын 76 гишүүний 39-ийнх нь саналаар хууль баталдаг. Гэтэл тэр 39 гишүүнийх нь 13 нь Засгийн газрын гишүүн байна. Мөн намын удирдах зөвлөлийн гишүүд, намын хамгийн том дарга нар байна. Намын дарга нар нь Засгийн газартаа байгаа үед гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага нь хууль тогтоогч УИХ-ынхаа дээр нь гарчхаж байгаа юм. Засгийн газар нь гаргасан хуулийг хэрэгжүүлэхгүй байхад УИХ нь хариуцлага хүлээлгэх чадалгүй болчхож байгаа юм.
-Энэ асуудлаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал яригдсан байх аа?
-УИХ-ын 15 гишүүн санаачлаад Үндсэн хуулийн энэ заалтыг өөрчилсөн байсныг эргүүлэн сэргээх тухай төсөл оруулж Засгийн газар, Ерөнхийлөгчөөс санал аваад УИХ-ын даргад өргөн барьчихсан байгаа. Засгийн газрын гишүүний 1/3 ээс илүүгүй нь УИХ-ын гишүүн байж болохгүй тухай энэ төслийг жилийн өмнөөс ярьж байж ийнхүү бэлэн болгосон, ирэх намрын чуулганаар хэлэлцэгдэх байх.
-Чуулганаа завсарлуулахдаа, Сонгуулийн хуулийн талаар зөвшилцөх ажлын хэсгийнхэн завсарлагааны хугацаанд зөвшилцөөд ирэх чуулганы хамгийн эхэнд оруулж ирэхээр тохиролцсон. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ ажлын хэсэг нь нэг ч удаа хуралдсангүй. Тэгэхээр Сонгуулийн талаарх асуудал урагшлаагүй байх нь ээ?
-Сонгуулийн хууль гацаанд байсаар л байгаа. Олон хүн би яаж сонгогдох вэ гэдгээ л бодоод байх шиг байна. Монголын улс төрийн тогтолцоог эрүүл байлгах талаар бодож байгаа хүн түүнээс цөөн болов уу. 2008 онд ард түмнийхээ өмнө амлалт авч байсан улс төрийн тэргүүлэгч хоёр намын хүсэл зоригоос л энэ бүхэн хамаарна. Өнгөрөгч сонгуулийн дараа буюу 2008 оны долдугаар сарын 1-нд болсон үймээний дараа эрх барьж буй энэ хоёр нам бүх ард түмэндээ шударга, нээлттэй сонгуулийг тогтолцоог бий болгоно гэж амласан байгаа.
-Тийм сонгууль явуулах гарц тэгээд харагдаж байна уу?
-Харагдаж байна. Одоо улс төрийн хүчнүүдийн удирдагчдаас их зүйл хамаарна. Тэд энэ бүх болохгүй байгаа зүйлийг өөрчилнө гэвэл боломж бий. Гэхдээ л МАН болоод АН-ын дарга нар өөрийн байр сууриа өнөөдрийг хүртэл тодорхой илэрхийлэхгүй л байна. Тэд энэ бүх асуудлынхаа ард нь чимээгүй суусаар байвал шинэчлэл өөрөө нурна.
-Энэ хоёр нам хуучин хуулиараа сонгууль явуулах сонирхолтой байгаа юм биш үү. Ер нь л тэгэх байхаа даа?
-Үүнийг би ч биш Монголын олон иргэн сонирхож байгаа болов уу. Хүмүүсийг олон дахин хуурах ч осолтой л тоглоом болов уу.
-Монголын ногоон нам их хурлаа хийж удирдлагаа сольж байгаа тухай мэдээллийг сонссон байх. Хэн нь асуудлын гадна, хэн нь дотор нь байгааг ойлгоход бэрх болоод байна?
-Монголын гуравдагч хүчин ИЗ-НН-ийг хамтран байгуулах шийдвэрээ манай намын их хурлууд гаргасан. Хоёр намын нэгдэл нь зарим хүмүүст таалагдахгүй байгаа бололтой. Ийм ч учраас Ногоон намын үйл ажиллагааг саармагжуулах зорилгоор элдэв үйл ажиллагаа зохион байгуулж байна. Сонгууль дөхөх тусам ийм жүжиг дэглэлт олшрох болов уу. Миний мэдэхээр сүүлийн дөрвөн сард тэр шуугиан тариад буй нөхөд маань бараг таван удаа даргаа солилоо. Эхлээд О.Бум-Ялагч, дараа нь Басандорж, Сэлэнгэ гээд л. Одоо Болдбаатар, Маам гэнэ. Ийм жүжгүүд ар араасаа болсоор л байна.
Монгол Улсын улс төрийн намуудын тухай хуулийн дагуу хоёр нам нэгдэх шийдвэрээ их хурлаасаа гаргадаг. Дээд шүүх үүнийг нь зөвхөн бүртгэдэг. Дээд шүүх нэгдэн нэг нам бий болсон гэдгийг бүртгэх хүртэл Монголын ногоон нам, Иргэний зориг намууд нь хуулийнхаа дагуу ажилласаар байна. Харин бид дотооддоо бол бүрэн нэгдээд хамтдаа ажиллаж байна. Бүртгэгдсэн өдрөөс хууль эрх зүйн хувь шинэ нам бий болно.
-Намын өмчийг эзэмших, захиран зарцуулах эрх хэнд байгаа вэ?
-Монголын ногоон нам хуучин хэвээрээ ажиллаж байгаа шүү дээ. Ингэхээр тэр хүмүүс ногоон намыг төлөөлөх хүмүүс биш. Дээд шүүх долдугаар сарын 11-нээс завсарлаад есдүгээр сарын 1-нд ажил нь эхэлдэг юм байна. Харин энэ хурал хийлгээд байгаа хүмүүсийн хувьд МАХН гэдэг нэрийг авах гэж оролдож байгаатай адил Монголын ногоон нам гэдэг нэрийг авах сонирхолтой л улсууд юм болов уу даа.
-Дээд шүүхээс Монгол Ардын хувьсгалт нам гэх нэрийг өгчихсөн. Үүнтэй адил Монголын ногоон намын нэрийг өгөх боломжтой байх нь ээ?
-Монголын ногоон нам, Иргэний зориг намуудыг нэгдэхийг зөвшөөрч Иргэний зориг- Ногоон нам гэж байгуулагдсаныг бүртгэснийхээ дараа энэ нэрийг тэдэнд өгч болох байлгүй. Хуулийн дагуу ийм боломж бий бол түүгээрээ л шийдэгдэнэ. Нэр адил ч цоо шинэ нам үүсэх боломжтой. Харин бүртгээгүй тохиолдолд тэдэнд ямар ч боломж байхгүй.
-О.Бум-Ялагч нар Монголын ногоон намын далбааг ч, нэрийг нь ч ашиглаж байгаа. Тэгээд энэ талаар зарга хийхгүй болохоор иргэд аль нь ногоон намыг төлөөлөөд байгааг ойлгохоо больж байх шиг байна?
-Бусад хүн, байгууллагын нэр албан маягт ашиглах зэрэг нь Эрүүгийн хэргийн чанартай үйлдлүүд. Тиймд энэ хүмүүс эрүүгийн хэргийн шинж чанартай үйлдэл хийж байгаа юм. Манай намын нэрийн өмнөөс өнөөдөр Монголын бүх хэвлэл мэдээллийн байгууллагуудад албан бичиг хүргүүлж байгаа. Энэ бичгийн агуулга нь аливаа мэдээлэлд нь гарч буй хүмүүсийн албан ёсных нь нэрийг зөв бичиж байхыг хүсэх тухай. Тэр хэвлэлийн хурал хийгээд байгаа улсууд Улсын дээд шүүхэд бүртгэлтэй Монголын ногоон нам ганц байгаа гэдгийг санаатайгаар мэдэхгүй царайлж болно. Гэвч хэвлэл мэдээллийн байгууллагынхан үүнийг салгаж ойлгох ёстой. Тэдний амнаас гарч байгаагаар нь Монголын ногоон намынхан гэж телевиз, радиогоор явуулж болохгүй биз дээ. Хэвлэл мэдээллийн байгууллага нь хуулийн дагуу тухайн мэдээлэлж буй хүнийхээ байгууллага, албан тушаалыг үнэн зөвөөр бичих үүрэгтэй.Тэр хүн өөрийгөө “би ерөнхийлөгч Маам байна” гэж хэлснийх нь дагуу “Монгол Улсын Ерөнхийлөгч Маам” гэж мэдээлэлж болохгүй. Үүнийг болно гэж үзэж байгаа юм бол хэн ч маргааш хэн нэгэн болоод юу ч хийгээд явж болно гэсэн үг үү. Энэ нь өөрөө нийгэмд будлиан үүсгээд байгаа болохоос биш тэр мэдээлэл хийгээд байгаа хүмүүс бол дүүрч. О.Бум-Ялагч, Маам нар Монголын нийгэмд будлиан үүсгэх л зорилготой. Тэгээд тэд хүссэнээ л ярьж байгаа. Тэд МНН-г төлөөлж ярих эрхгүй, олонх нь ерөөсөө манай намд бүртгэлгүй хүмүүс. Харин хэвлэл мэдээлэл энэ будлианыг нь мэдсээр байж хөөрөгдөж байна. Энэ бүхнээс юуг дүгнэж болохоор байна гэвэл, Монголын улс төр завхарч түүнийг дагаад хэвлэл мэдээлэл завхарч байна. Хэрэв ийнхүү хоёулаа завхарвал Монголд ямар ч найдлага байхгүй болно. Монголын улс төрийг цэвэрлэхийн тулд хэвлэл мэдээлэл өөрөө цэвэр байх ёстой бус уу.
-О.Бум-Ялагч нар Монголд цөмийн хаягдлыг булахыг эсэргүүцэж жагсаал цуглаан хүртэл хийж байгаа. Яагаад жинхэнэ Монголын ногоон намынхан албан ёсоор дуугарахгүй байна. Энэ нь О.Бум-Ялагч нарын гол хөзөр болоод байгаа юм биш үү?
-Иргэн хүн, УИХ-ын гишүүн хоёрт өөр өөр боломжууд байдаг. УИХ-ын гишүүн асуулга тавьж, бүрэн мэдээлэл авч, Засгийн газраас хуулийг хэрэгжүүлэхийг шаардаж, цаашилбал УИХ-ын механизмуудыг ажиллуулдаг. Би 5-р сард Ерөнхий сайдад асуулга тавьсан. Засгийн газар энэ талаар ямар ч гэрээ хэлцэл хийгээгүй гэсэн албан хариу авсан. Хэрэв Ерөнхий сайд асуулгад худлаа хариулбал хуулийн дагуу хариуцлага хүлээх учиртай. Түүнээс хойш одоо бидэнд нэмэлт мэдээллүүд ирлээ. Асуулгыг дахин тавихаар бэлдэж байна. Хэрэв Засгийн газар дахин ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй гэвэл манай төрийн зарим хүмүүс хувийн санаачлагаар энэ бүх ажлыг хийж байгаа болно. Монголын төрийн нэгдмэл байдал алдагдсан тулд ийм зүйлс улам их гарах болж байна. Тиймд шат дараалан арга хэмжээ авна. Бид Монголд цөмийн хаягдал булуулахгүй. Монгол улсын хуулиар булуулах нь бүү хэл дамжуулан тээвэрлэхийг ч хорьсон байгаа. Энэ бүх яриа оргүй зүйл биш гэдгийг бид мэднэ. Тиймд энэ хэрэг дээр бид ажиллаж байгаа. Хэрэв Засгийн газар өөрөө хууль зөрчвөл тийм засаг монголчуудад хэрэггүй. Энэ бол тодорхой.
-Ингэхэд О.Бум-Ялагч Монголын ногоон намын гишүүн мөн үү, биш үү? Албан ёсоор гараагүй юм бол намын далбааг энгийн гишүүн нь бариад явах боломжтой юм биш үү?
-Түүнийг өөрөөс нь асуугаарай. 2008 оны сонгуулиар намынхаа эсрэг ажилласан. Одоо дүрмийн бус үйлдэл хийгээд явж байна. Манай гишүүд ч хэлэлцэж байгаа. Удахгүй тодорхой болно.
-Дархан цаазтай газарт барилга бариулчхаад хувьчилуулах гэж зүтгэж буй гишүүд шиг танд ч гэсэн дахин сонгогдох гэсэн чин эрмэлзэл байгаа юу?
-Би өөрийн хүслээр, үзэл бодлоороо л улс төрд яваа. Ажлаа ч хийнэ. Явдгаараа ч явна. Гэхдээ гуйж, хуурч явахгүй. Үр дүнгээ тухай тухайн үед нь хараад л явна даа.
-Сүүлийн үед ямар төсөл дээр ажиллаж байгаа гэдгийг нь сонсоод яриагаа өндөрлөцгөөе?
-Сая Шведийн нэгэн бизнесмэнтэй уулзлаа. Швед улсад Монголоос дөрөв дахин их татвартай. Тэр хүн “Шведэд амьдрахад хууль нь ойлгомжтой. Ямар нэгэн зүйл хийхэд яах тухай зөвшөөрөл гээд бүх зүйл нь ойлгомжтой. Дэд бүтэц, банк санхүүгийн систем гээд бүхий л зүйл нь найдвартай, амьдрах орчин нь эрүүл үед би 50 ч хувийн татвар төлөхөд бэлэн байна. Монголд 10 хувийн татвартай байлаа ч би ирэхгүй. Яагаад гэвэл танайх авлигатай, утаатай, бүх зүйл нь замбараагүй” гэж байна. Үнэхээр бидэнд биднийг нэгтгэх итгэл, үндэсний хөгжлийн бодлого маш сул байна. Үүнийг дагаад намуудад улс төрийн хөтөлбөр гэх зүйл алга. Үндэсний үзэл санаагүй, хөгжлийн стратегигүй бол ямар ч уурхайтай байсан бид хол явахгүй. Та ямар Монголыг хүсэж байна вэ, улс төрчид түүнийг чинь хийж байна уу гэж та өөрөөсөө асуугаарай. Ингэж бодоод одоогоор аль нэг хуулийн төсөл гэхээс илүүтэй ногоон хөгжлийн үзэл баримтлал дээр ажиллаж байна. Тэгээд л хот хөдөөд явж олон хүмүүстэй уулзаж байгаа юм.
"Ардын эрх" сонин
