Баярлалаа, баяртай жуулчид аа

Хуучирсан мэдээ: 2011.08.31-нд нийтлэгдсэн

Баярлалаа, баяртай жуулчид аа

Монголд аялах сонирхолтой бай­лаа. Сонин содон хөгжмийн зэм­сэг, маш уртаар уянгалах дуу, үндэсний хувцас гээд л. Ялангуяа “наадам” гэх баяр дээр нь очсоныг хэлэх үү. Тэдний үндэсний спортод ордог бөх, сур, морины уралдаан зэрэг нь сонирхохгүй байхын аргагүй. Хамгийн сэтгэлд ойр байсан зүйл нь бидний танил бүх зүйл тэнд байсан юм. Кока-кола ууж, гадуур алхлах залуус, хөгжим сонссон хүмүүс. Монголын бүсгүйчүүд их үзэсгэлэнтэй юм. Үзэх юм гэвэл энэ л байлаа. Түүхийн дурсгалтай зүйлсүүдээрээ Грек, Ромыг бодвол бараг байхгүй гэхэд болно…

Ийм сэтгэгдэлийг АНУ-ын иргэн Жереми Ватсон твиттертэй бичжээ. Энэ мэтчилэн монголд жуулчид ирж, буцсаар нэг мэдэхэд зуны сар шувтарчээ. Хэдхэн сарын өмнө хотын гудамжинд багтцалцаж ядан явсан олон хөлийн жуулчид наймдугаар сарын сүүлээр үзэгдэхтэй үгүйтэй болжээ. Энэ жилийн эхний долоон сарын байдлаар манай улсад 333 мянга 765 зорчигчид ирснээс жуулч­лалын зорилгоор 267 мянга 762 хүн аялсан гэсэн дүнг Аялал жуулчлалын газрынхан гаргажээ. Гэхдээ чухам ийм хэмжээний хүн дээр өгүүлсэнтэй адил сэтгэгдэлтэй буц­сан байвал харамсалтайяа. Энэ жил өмнөх жилүүдийг бодвол арай өөр.

Гурван тэгш ой тохиосон энэ жилийн баяр наадмыг угтаж талбай бүтэн долоо хоногийн турш ардын урлаг, өв соёлын өдрүүдийг зохиож, түүнийг нийслэлчүүдээс илүү­тэй гадныхан үзэж сонирхож байсан юм. Гэхдээ энэ бол аялал жуулчлалын төв байгууллагаас нь зохион зүйлс биш. Соёлын асуудал эрхэлсэн байгууллагуудаас санаачлан зохиосон соёлын өдрүүд. Чухамдаа үүнийг эс тооцвол Улаанбаатар хот дотор үзэх зүйлс тун ховор. Бүр огт байхгүй гэвэл эндүүрсэн хэрэг болно. Чойжин ламын музей, Богдын музей гээд өөртөө түүх агуулсан олон барилгууд бий. Гэхдээ Чойжин ламын музей жуулчдын аялалын автобусаар аялахад анзаарагдахгүй. Урд талд нь өндөр, “орчин үе”-ийн барилгууд барьсан шүү дээ. .

Сүүлийн жилүүдэд өндөр, өндөр барилга, дэлхийн брендүүдийн дэл­гүү­рүүд босч байгаа ч гадны жуулчид өөрийн орондоо харсаар улиг болсон тэр барилгуудаа харах гэж ирэх нь юу л бол. Чухамдаа Улаанбаатар хотын түүхийг агуулсан тэр л зүйлсийг үзэх гэж ирдэг нь лавтай. Энэ нь ч бичиг­дээгүй хууль билээ.

Нээрээ ч ингээд бодохоор, Улаан­баатар хотоор явсан боловч нийслэлийн 360 жилийн ойгоор босгосон яст мэлхийн хөшөө, Чойжин ламын сүм музей, Богд хааны музейнээс өөр зүйл олоогүй гэж танилын маань гомдоллож байсан санаанд даанч илхэн. Улаанбаатарт амьдардаг мань мэт нь олохгүй байхад, жуулчид олдог эсэх нь эргэлзээтэй. Энэ мэтчилэн жуулчид ч төдийгүй мань мэтэд ойлгомжгүй асуудлууд их хотод элбэг ажээ.

Харин манай улсаас 100 дахин илүү жуулчинтай Тайланд бол өөр. Түүхийн дурсгалт газрууд, үндэс­ний уламжлалт зүйлс цөм хотдоо л байрлана. Гэтэл тэд манайхаас хөгжлөөрөө гавиад байх зүйлс үгүй. Тэд уламжлалт соёл, дурсгалт газрууд дээрээ түшиг­лэсэн олон арван сонирхолтой жуулч­­лалыг хөгжүүлжээ. Дэлхийн судалгааны байгууллагууд энэ улсыг “секстуризм”-ээр жуулчдын тоогоо өсгөдөг гэдэг ч “тай” үндэстний онцлогоо дэлхийд таниулж чаджээ. Тэд бүс нутагтаа төдийгүй дэлхийд жуулчлалынхаа тоогоор тэргүүлж явна. Япон, Солонгос зэрэг улсуудад жилдээ л гэхэд 85-95 сая гаруй жуулчид ирдэг тооцоо бий. Тэнд түүхийн дурсгалт газрууд төдийлөн олон биш ч “хотын жуулчлал” гэх салбарыг хөгжүүлжээ. Жуулчдын ан­хаар­­лыг татах элдэв зугаа цэнгээний газрууд, үзвэр үйлчилгээ гээд л.. Гагцхүү тэд үүгээрээ улс орныхоо эдийн засгийн тодорхой хувийг бүрдүүлж, аялал жуулчлалын салбар нь голлох салбар болтлоо хөгжжээ.

Монгол Улсын аялал жуулчлалын үндэсний хөтөлбөрт тусгаснаар 2015 гэхэд нийт жуулчдынхаа тоог нэг сая болгохоор тусгажээ. Гэтэл дөрвөн жилийн хугацаа үлдээд байгаа энэ мөчид жуулчдыг татах цэнгээний болон үзвэрийн газар, түүх соёлын дурсгалт зүйлсүүд төдийлөн алга л байна. Гэтэл манай улсад энэ жил ирсэн 333 мянган жуулчин 120 сая доллар манайд үлдээгээд буцжээ. Бид янзаараа байвал манайх руу чиглэх жуулчлал, түүнээс орж ирэх мөнгө улам л хумигдах байх. Тиймээс л бид мөнгө ольё гэвэл үүнийг хөгжүүлэх нь зайлшгүй. 

Гадаадын жишээнүүдийг хара­хад, аялал жуулчлал хөгжсөн ул­суу­дад улиралтайгаа хослуулан жуулчлалыг хөгжүүлсээр иржээ. Үүнээс манайд хамгийн тохирох нь гэвэл өвлийн жуулчлал юм. Дэлхийд өвлийн жуулчлалаараа Канад, Швейцар зэрэг улсууд дээгүүр байрыг эзэлдэг. Тэд энэ чиглэлээрээ бараг 80 гаруй сая долларын ашиг олсон гэх баримт бий. Монголд зуны улиралаасаа илүүтэй өвлийн улиралд жуулчдаас илүү ашиг олж болмоор санагдана. Хармсалтай нь энэ тухай ямар ч бодлого байхгүй. Жуулчид уриад байдаг компаниуд ч энэ тухай боддоггүй нь бүр хачирхалтай.

Ийнхүү жил болгоны хавар гангар, гунгар гэсээр усны шувууд­тай хамт ирдэг жуулчид намрын сар талдаа ороод байгаа энэ мөчид багагүй хэмжээний “ногоон” үлдээ­гээд, зэлэлсээр буцлаа. Тэдний хэд нь дахиж ирэхээргүй болж, хэд нь дахиж ирэхийг хэлж даанч мэдэхгүй. Юутай ч баярлалаа.

Монгол улсад энэ жил ирсэн жуулчдын тоо /эхний 7 сарын байдлаар/

  • 2011 оны эхний 7 сард Монгол улсад 333,795 гадаадын зорчигчид ирснээс жуулчлалын зорилгоор 267,762 хүн аялжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал жуулчдын тоо +7 хувиар өссөн ба аялал жуулчлалын салбарын орлого 120,2 сая ам доллар болсон байна.
  • Жуулчдын тоог  бүс нутгаар нь авч үзвэл Ази, номхон далайн орнуудаас +13,9%, Европ -6,6%, Америк +22,1%, Австрали +31,4%, Африк +165,1% тус тус эзэлж байна.
  • Голлох зах зээлийн орноор нь авч үзвэл БНХАУ-124,056, ОХУ-56,059, БНСУ- 25,860, ЯПОН-7,561, ХБНГУ-4,721, АВСТРАЛИ-3,995, КАЗАКСТАН-4,917, АНГЛИ-3,918, жуулчид ирсэн байна. 
Б.Болорсүх

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж