“Ялтан солилцох гэрээгээр Хятадаас гурван иргэнээ авсан”

Хуучирсан мэдээ: 2011.08.31-нд нийтлэгдсэн

“Ялтан солилцох гэрээгээр Хятадаас гурван иргэнээ авсан”

Монгол Улсын иргэн гадаадад ял эдлэх нь нэмэгдэх хандлагатай байгааг албаныхан хэлж байна. Сүүлийн жилүүдэд хар тамхины хэргээр олны танил болон жирийн иргэд ч их холбогдоод байгаа. Үүний нэг жишээ хар тамхи их хэмжээгээр зөөвөрлөж, дамжуулахыг оролдсон гэх Л.Байгальмаа гэх эмэгтэй. Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын хэсгийн дарга  Б.Хурц ч Герман улсад хоригдоод байгаа. 2008 оны нэгэн судалгаагаар Монголын 50 гаруй иргэн хүний наймааны хэргээр гадаадад ял эдэлдэг гэх. БНСУ-д 14, ОХУ-д 23, Хятад улсад долоон хүн байдаг гэсэн албан бус тоо ч байна. Гадаад хэргийн яамны консулын газрын дарга Д.Ганхуягаас ялтан солилцох гэрээний талаар зарим зүйлийг тодрууллаа.

-Ялтан солилцох гэрээ хэдэн улстай хийсэн байдаг юм бол?

-Одоогоор манай улс Канад, Казахстан, Солонгос, ОХУ, БНХАУ  зэрэг орнуудтай  ялтан солилцох гэрээтэй. Саяхан БНХАУ-тай гэрээнд гарын үсэг зурсан байгаа ч ажил хэрэг болоогүй байна. Гэхдээ эхнээсээ хэрэгжиж эхлэсэн. Дараа дараагийн ажлууд хийгдэж байгаа. Мөн Европын холбоотой түншлэл хамтын ажиллагааны гэрээ  хэлэлцээр хийхээр яригдаж байгаа. Энэ гэрээг хийх юм бол Европын орнуудтай ялтан солилцох гэрээ хийж болно.

-Гэрээний дагуу хэдэн ял эдэлж буй хүн солилцсон бэ?

-Канад, Казахстан улсуудтай гэрээтэй ч ялтан солилцоогүй. Учир нь тус улсуудад ял эдэлж буй иргэн байхгүй.  Харин БНХАУ-аас гурван иргэн ялтан солилцох гэрээний дагуу шилжүүлэн авсан. Одоогоор хоёрыг авахаар хөөцөлдөж байна.  Манайх Хятад улстай ялтан солилцох гэрээ байгуулахаар олон жил ярьсан. Манай талаас холбогдох бичиг баримт бүрдсэн байсан ч Хятад эцэслэн гарын үсэг зураагүй байсан юм. Европын холбооны улсууд болон бусад оронтой гэрээ хийвэл ялтан солилцох боломжтой болно.

-Урд хөршид манай улсын хэдэн иргэн ял эдэлж байгаа вэ?

-Манай улсын 20 гаруй иргэн БНХАУ-д ял эдэлж байна. Ялтан солилцох гэрээний дагуу ял эдэлж буй хүмүүсээ авна. Харин манай улсад тус улсын дөрвөн иргэн ял эдэлж байсан. Тэдний гурвыг өршөөлийн хуульд хамруулсан бол нэгийг нь эмнэлгийн магадлагаагаар нутагт нь шилжүүлсэн.

-Ялтан солилцох гэрээг хийхдээ тухайн иргэний хүсэлтээр хийдэг үү, эсвэл?

-Ял эдэлж буй хүн өөрөө хүсэлт гаргана. Өөрийн оронд ял эдлэх хүсэлт байх ёстой. Тухайн хүн хүсээгүй байхад бид ямар нэг аргаар авчрах боломжгүй. Ялтан солилцох гэрээ нь хувь хүнээс их шалтгаална. Хүнд болон хар тамхины хэргээр ял эдэлж байгаа иргэнийг гэрээгээр авах боломжгүй.

-Манай улсын иргэд голдуу ямар хэрэг хийсэн байх уу. Хэдэн жилийн ял авсан байх уу?

-Ихэвчлэн Хятадын хилээр хориглосон бараа бүтээгдэхүүн оруулсан байдаг. Мөн хар тамхины хэргээр ял эдэлж буй 10 гаруй хүн байгаа. Ялын хэмжээ янз бүр байдаг. Хоёроос 15 жилийн ял авсан байдаг.

Ш.Чимэг

"Ардын эрх" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж