Хөгжлийн банкны Удирдлагын гэрээнд гарын үсэг зурлаа

Хуучирсан мэдээ: 2011.08.30-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банкны Удирдлагын гэрээнд гарын үсэг зурлаа

Монгол улсын Хөгжлийн банк БНСУ-ын Хөгжлийн банк хооронд Монгол улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэх “Удирдлагын гэрээ”-нд өнөөдөр Төрийн ордонд гарын үсэг зурлаа. Энэхүү арга хэмжээнд Ерөнхий сайд С.Батболд, Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуяг, Солонгоvын Хөгжлийн банкны удирдлагууд оролцов. “Удирдлагын гэрээ”-нд Монгол улсын Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Ч.Хашчулуун, Солонгосын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Хан Дай Ву, Монголын Хөгжлийн банкны Гүцэтгэх захирлаар ажиллах Ким Жанг Жин нар гарын үсэг зурсан юм.

Гарын үсэг зурах ёслолын үеэр Ерөнхий сайд С.Батболд хэлсэн үгэндээ, “Хамтарсан Засгийн газар бүтээн байгуулалтын олон томоохон ажлыг хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа. Эдгээр томоохон бүтээн байгуулалтыг бодит ажил болгоход хүчирхэг банк санхүүгийн салбар, тэр дундаа Хөгжлийн банкны үүрэг нэг чухал. Солонгосын талтай хамтран ажиллах энэхүү хамтын ажиллагаа нь бидний тавьсан зорилтуудыг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцолсон.

Солонгосын Хөгжлийн банкны Ерөнхийлөгч Кан Ман Сү “Би эдийн засгийн салбарт 40 гаруй жил ажиллаж, Сангийн яамыг толгойлж байсны хувьд улсын хөгжил цэцэглэлтэд Хөгжлийн банк ямар чухал үүрэгтэйг сайн мэднэ. Монгол улс бол нэгэн цагт өрнө дорныг нэгтгэж байсан даяаршсан улс. Танай улсын хөгжилд Хөгжлийн банкны үүрэг их чухал юм. Би Монголын Хөгжлийн банкинд ажиллах хүмүүстээ одоо өөрсдийгөө монгол хүн хэмээн бодож хичээнгүйлэн ажиллахыг захисан” хэмээн сэтгэгдлээ хэлсэн юм.

“Удирдлагын гэрээ” ёсоор Хөгжлийн банкийг хоёр талын хамтарсан банк удирдах бөгөөд Солонгосын Хөгжлийн банкнаас 5 мэргэжилтэн ирж, 4 жил ажиллах юм байна. Монголын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар томилогдох Ким Жанг Жин нь 1979 оноос Солонгосын Хөгжлийн банкинд ажиллаж асан, Узбекистан улс дахь салбарын Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан туршлагатай мэргэжилтэн аж. Мөн Эрсдэлийн удирдлагын газрын захирал, Зээлийн газрын захирлаар Солонгосын мэргэжилтэн ажиллана.  Гүйцэтгэх захирлаар ажиллах Ким Жанг Жин хэвлэлийн бага хурал дээр “Манай банкны талаар дэлгэрэнгүй мэдээлэл та бүхэнд очсон байх. Би төгсгөлд нь нэг зүйл хэлье. Би яаж ажиллахаа үгээр биш үйлдлээрээ харуулах болно” гэв. Дашрамд дурдахад Монгол улсын Хөгжлийн банкинд ажиллах солонгос мэргэжилтнүүдийн цалин, зардлыг Солонгосын Хөгжлийн банк хариуцаж байгаа аж.

Тус улсын Хөгжлийн банк нь Солонгосын дайны дараа жил буюу 1954 онд эдийн засгийг сэргээн босгох, аж үйлдвэржилтийн бодлогыг дэмжин хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдсан, дэлхийн шилдэг туршлагатай банк юм.
Монгол улсын Хөгжлийн банкны эхний ээлжинд хийх гол ажил нь олон улсын зах зээл дээр бонд гаргаж, хөрөнгө босгох явдал. Ирэх аравдугаар сард багтаан бонд гаргахаар ажиллаж байгаа аж. Энэ талаар Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирал Л.Болормаагаас тодруулахад, “Бид олон улсын зах зээл дээр хаалттай бонд гаргана. Бонд гаргах ажилд хамтран ажиллахаар олон улсын томоохон гурван банкийг шалгаруулсан. Тэд энэ 7 хоногт Монголд ирж, бонд гаргах ажлын талаар нарийвчлан ярилцах болно. Одоогоор 5 жилийн хугацаатай гаргахаар яригдаж байна. Хүүний хувьд нарийн тогтоогүй байгаа. Олон улсын зах зээл дээр бонд гаргахын давуу тал нь хүү багатай байх юм” гэсэн юм.


С.Болд-Эрдэнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж