Oxford Business Group нь Монголын эдийн засгийн төлөв байдлын нэгдсэн судалгааг гаргахаар ажиллаж байна. Тус байгууллагын шинжээчид Монгол дахь үйл ажиллагаагаа эхэлсэн ба “The Report: Mongolia 2012 “ нэртэй судалгааны товхимлоо ирэх жил гаргах аж. Энэхүү судалгааныхаа хүрээнд The Mongolian Mining Journal-тай хамтран ажиллах Гэрээг зуржээ. Тус группын мэдээллийн хуудсанд Монголын эдийн засгийн ерөнхий төсөөллийг дараахь статистикаар илэрхийлсэн байна.
“Ашигт малтмалын их хэмжээний баялаг нь Монгол улсын эдийн засгийг бүхэлд нь өөрчлөгдөхөд хүргэж, уул уурхайн холбогдолтой гадаадын шууд хөрөнгө оруулалт хурдацтай шинэчлэл рүү хөтөлж байна. Хэдий эдийн засгийн өсөлтүүд гарч байгаа боловч инфляцийг бууруулж, бизнесийн эрүүл шударга орчин бүрдүүлэн, дэд бүтцийг сайжруулах нь Засгийн газрын хувьд гол асуудал хэвээр байгаа юм.
Өнгөрсөн долдугаар сард Европын Сэргээн Босголт, Хөгжлийн банкнаас Монголын эдийн засгийг энэ жил 9 хувиар өсөх ба цаашид уул уурхайн салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалт ихсэх хандлагатай тул энэ үзүүлэлт 2012 онд 12 хувь хүртэл өсөх боломжтой гэж урьдчилсан тооцсон байна. Уул уурхайн салбарын гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн жилийн ДНБ-ий 26 хувийг бүрдүүлжээ. Мөн Монгол улс нүүрс, зэс, алт, ураны ордуудаасаа 1 триллион ам доллар олно гэж тооцоолсон байна.
2011 оны эхний таван сарын байдлаар гадаадын шууд хөрөнгө оруулалт 1.2 тэрбум ам долларт хүрч өнгөрсөн жилийн үзүүлэлтийг давах магадлал өндөртэй байна. Мөн албан татварын орлого 57 хувиар, татварын бус орлого 72 хувиар өссөн гэж долдугаар сард гаргасан Засгийн газрын “2011 оны эхний хагасын албан ёсны мэдээлэл”-д тэмдэглэсэн байна. Мөн гадаад валютын нөөц зургадугаар сарын 30-ны байдлаар 2.5 тэрбум ам доллар болсон гэж Монгол банк мэдээлжээ.
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр 2011 оны эхний хагаст экспорт 2 тэрбум ам долларт хүрч, өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 52.3 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Экспортын 70 гаруй хувь нь нүүрс болон бусад ашигт малтмал байсан бол экспортын дийлэнх хувийг Монгол улсын номер нэг худалдааны түнш Хятад эзэлж байгаа юм. Харин импортын хэмжээ 2.7 тэрбум ам долларт хүрч, өнгөрсөн жилээс даруй 2 дахин нэмэгджээ.
Европын Сэргээн Босголт, Хөгжлийн банкны мэдэгдсэнээр Монгол улсын энэ жилийн санхүүгийн баланс өнөөдрийн байдлаар өнгөрсөн жилийн 167.5 тэрбум төгрөгийн ($133.9 сая) алдагдалтай харьцуулахад 98.4 тэрбум төгрөгийн ($78.7сая) үлдэгдэлтэй хэлбэлзэж байна.
Сүүлийн арван жилийн хугацаанд Монгол улсын гадаадын шууд хөрөнгө оруулалт болон Засгийн газрын төсөв эрчимтэй өсөж байгааг 2011 онд батлагдсан 4 триллион төгрөгийн (3.2 тэрбум ам доллар) төсвөөс харж болно хэмээн Дэлхийн банк мэдээлжээ. Энэ нь ДНБ-ий талаас илүү хувийг эзэлж байгаа аж.
Эдгээр тоо баримт нь Монгол улсын чадамжийг харуулж буй боловч уул уурхайн хөрөнгө оруулагчдад инфляцийн хэт өндөр үзүүлэлт болон байгаль орчны чиглэлийн зарим хууль зэрэг нь эрсдэл хэвээр үлдэж байна. Эдийн засгийн олон талт худалдаа хийх талаар дутагдалтай тул хэрэв Хятад улсын хэрэгцээ багасвал өргөн хэрэглээний барааны үнэ буурах талтай.
2010 онд баталсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд Төсвийн алдагдал 2 хувиас хэтрэхгүй байхаар тусгасан ч Засгийн газар үүнийг үл харгалзан тухайн дүнгээс 4 дахин их хэмжээтэй тэнцхүйц өр төлбөрийг энэ жил гаргахаар төлөвсөн гэж Bloomberg долдугаар сард мэдээлсэн. Энэ нь инфляцийг хөөрөгдөн төгрөгийн ханш унаснаар, ноолуурын үйлдвэрлэл гэх мэт ашигт малтмалын бус салбаруудын өрсөлдөх чадвар буурах талтай.
Монгол улсад инфляци жилээс жилд өндөр байсаар ирсэн бөгөөд 2008 онд бараг 30 хувь хүртлээ өссөн юм. Монголбанк дөрөвдүгээр сард инфляци 8 хувь болтлоо буурсан гэж мэдэгдэж байсан ч Дэлхийн банк, Олон улсын валютын сантай хамтарсан саяхны судалгаагаар инфляци 2011 онд 25 хувьд хүрч болзошгүй гэжээ.
Гадаадын шууд хөрөнгө оруулалт нээлттэй болсноор мөнгөн орлогын урсгалыг чиглүүлэн, шинэчлэлт хийхэд түлхэц болж, шинэ ажлын байр бий болгож байгаа ч хөрөнгө оруулагчид хууль эрх зүйн орчин, тэр дундаа байгаль орчны хууль, татварын болон уул уурхайн хууль тогтоомжуудад илүүтэйгээр анхаарал хандуулж байна.
“Монголд шинээр бий болж байгаа ураны салбар дахь гадаадын оролцооны талаарх Засгийн газрын тогтоолууд болон улсын өмчид байгаа уурхайнууд давуу эрх эдэлж байгаа нь Монгол улсад оруулах гадаад, дотоодын хувийн хөрөнгө оруулагчдын тоог цөөрүүллээ гэсэн шүүмжлэлүүдтэй тулгарч байна“ гэж Монголын хөрөнгө оруулалтын талаар Америкийн Төрийн Департмент 2011 оны тайландаа бичжээ. Монгол улсын ашигт малтмалын гол орд Оюутолгойн (“Turquoise Hill”) зэс-алтны төслийн Хөрөнгө оруулалтын хэлэлцээрт гарын үсэг зурахад энэ талын дүрэм журам хөрөнгө оруулагчдын анхаарлыг хамгийн их татсан юм. Тус уурхай нь 350 тэрбум ам долларын зэс, алт, мөнгөний нөөцтэй бөгөөд “Айвенхоу Майнз”, дэлхийн уурхайн хүчирхэг “Рио Тинто” болон Монголын Засгийн газрын хамтын өмч юм. 2013 нээгдэх төлөвлөгөөтэй байгаа Оюутолгойн орд нь Чилийн Минэра Эскондидагийн дараа орох дэлхийн 2 дахь том зэсийн уурхай билээ.
Өөр нэг том төсөл бол Тавантолгойн нүүрсний орд бөгөөд 6.4 тэрбум тонны нөөцтэй нь батлагдсан. Өнгөрсөн сард Засгийн газар Хятад улсын Shenhua Group-д 40 хувь, Орос-Монголын хамтын эзэмшлийн 36 хувь ,харин Америкийн Peabody Energy-д 24 хувийн хувьцааг тус тус эзэмших зөвшөөрөл олгожээ.
Хэдий өргөн уудам нутагтай, сайн судлагдаж ашиглагдаагүй ашигт малтмалын баялаг нь давуу тал ч орлогын тэнцвэргүй байдал, засаг төрийн асуудлууд болон хээл хахууль зэргээсээ үүдээд “баялгийн хараал” гэх зэрэг асуудлаас сэргийлэх нь Засгийн газарт том сорил болох нь ойлгомжтой. Санхүүгийн нарийн зохицуулалт хийж чадвал гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал улс орны тогтвортой байдалд муугаар нөлөөлөхгүй” гэж Oxford Business Group-ийн цахим сайтад тавигдсан мэдээлэлд өгүүлжээ.