Хуучирсан мэдээ: 2011.08.30-нд нийтлэгдсэн

”Анти авлигач”

Өмнөд солонгосчуудыг кимчи, бас “Хьюндай”, “Самсунг”-аар, япон­­чуудыг “Тоёота”-аар нь ялгаж таньдаг шиг Финланд улс гэхээр шууд л “Нокиа” брэндээр нь хүмүүс мэднэ. Бараг л үүнээс өөрөөр бол төдийлөн мэддэггүй байв, ялангуяа монголчууд бид. Харин өнгөрсөн жилийн өдийд Ерөнхийлөгч Ц.Элбэг­д­орж тус улсад айлчилж, манайхан бүрэн бүрэлдэхүүнээрээ саатсан тэр үеэс л жаахан багцаатай болсон болов уу. Европын хойд хэсэгт орших энэ улс өдгөө архины экспортын хэмжээгээр дэлхийд дээгүүрт ор­дог, харин авлигын үзүүлэлтээр хамгийн сүүлд бичигддэг. Тал тохой татах тал дээр хамгийн “тааруу” улс гэхэд болно. Тэгвэл манай улсад шил шилээ даран зочилж буй гадаадын томоохон орны төрийн тэргүүнүүдийн айлчлалын буухиа Финланд Улсын Ерөнхийлөгч, эр­хэм­сэг хатагтай Таръяа Ха­ло­не­ний айлчлалаар үргэлжилж бай­на. Тэрбээр Ерөнхийлөгч Ц.Элбэг­дор­жийн урилгаар ирж байгаа бөгөөд өнөөдрөөс эхлэн гурав хоног Улаанбаатарт айлчилна. Энэ үеэр хоёр улсын харилцааг өргөжүүлэх, тэр тусмаа боловсрол, соёлын болон хувийн хэвшлийн салбарын харилцааг шинэ шатанд гаргах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Финландын Ерөнхийлөгч Таръя Халонен нь 1999 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж, Финландын 11 дэх Ерөнхийлөгчөөр сонгогдсон байна. Тэрбээр тус улсын Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдон ажил­лаж байгаа юм. Финланд Улсыг авлигагүй орон болоход хамгийн их хүчин зүтгэл гаргасан “анти авлигач” эмэгтэй ч гэж дэлхий нийт түүнийг тодорхойлдог. Үүнээс гадна бизнесийн орчинг цэврээр нь авч яваа тус оронд ажилгүйдэл, ядуурлын үзүүлэлт хамгийн ба­га байдгийг ч түүнтэй холбож тайл­барладаг. Хамгийн гол нь дэлхийд хуруу дарам цөөхөн байдаг эмэгтэй удирдагч, Ерөнхийлөгчийн нэг нь Таръя Халонен юм.    

Н.Мөнхтөвшин

"Улс төрийн тойм" сонин

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж