100 мянган айлыг орон сууцжуулахад 18 их наяд төгрөг хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2011.08.30-нд нийтлэгдсэн

100 мянган айлыг орон сууцжуулахад 18 их наяд төгрөг хэрэгтэй

Дотоод зах зээл дэх бонд барилгын салбарыг “барилгажуулахгүй”

Монголын төр  барилгын салба­рын зогсонги байдлыг арилгахаар төгрөгийн бонд гаргаж, банкууд түүнийг нь худалдан авч эхэллээ. Гэхдээ энэ бонд хэрэгтэй газраа хэрэгтэй ч, ажиллагаа ихтэй салбаруудад тун бага мөнгө болох аж. Өнөөдөр барилгын ажлууд ид оволзож байна гэж бид ярьдаг. Гэтэл үнэндээ өнөөх том бүтээн байгуулалт нь ердөө л хотын төвд хэдэн оффис, худалдааны төвийн өргөтгөлийг шил толь хослуулан өнгөлөх ажил болоод байгаа бололтой. Түүнээс биш аль хэдийнэ дэд бүтэц нь шийдэгдсэн газруудад ч орон сууц барьж байгаа нь цөөн байна. Барилгын салбарынхны хэлж буйгаар төр орон сууцжуулах ажилд нэлээд хойрго хандаад байгаа бололтой. Яагаад гэхээр манай улс өнгөрсөн онд олон улсад зээлжих зэрэглэлээ дээшлүүлээд авсан. Гэтэл бидэнтэй адил зээлжих зэрэглэлтэй улсууд хэдэн зуун сая ам.долларын өртөгтэй Засгийн газрын бондоо гадаад зах зээлд амжилттай гаргаж байгаа гэнэ. Хоёрхон жилийн өмнө гэхэд дэлхийн эдийн засгийн хямрал арилаагүй байтал Украйн улс 700 сая.ам долларын бондыг Европын зах зээлд борлуулж чадсан гэдэг.

100 мянган айлын орон сууц барихад 18 их наяд төгрөг бидэнд хэрэгтэй. Ойролцоогоор 17 орчим тэрбум ам.доллар гэж тооцоолоод байгаа юм билээ. Гэтэл одоо бидний дотоодоосоо босгох гээд байгаа мөнгө ердөө л 800 тэрбум төгрөг. Эндээс барилга гэх хамгийн асуудалтай салбартаа 300 тэрбумыг нь л зарцуулна. Гэтэл 40-хөн айлын орон сууц барихад тэрбум төгрөг хүрэлцдэггүй аж.

Барилгын салбарт шаардлагатай мөнгийг олохын тулд үнэт цаасны хоёрдогч зах зээлийг нээх хэрэгтэй гэж санхүүгийн салбарынхан үзэж байна. Түүнээс бус анхдагч зах зээлээ хөгжүүлж байгаа нь энэ гээд хөдлөхгүй байх нь зохисгүй бололтой. Тэгээд ч үнэт цаасны анхдагч зах зээл хоёрдогч зах зээлийн талаар тал талд өөр зүйл ярьцгааж байна. Дээр нь энэ зүйлээ бид Үнэт цаасны тухай хуулийнхаа 3.1.9 дүгээр зүйл гэх ганцхан өгүүлбэрт тайлбарлажээ. Тэр нь ”Үнэт цаасны хоёрдогч зах зээл” гэж анхдагч зах зээлд гарсан үнэт цаасыг дахин худалдах, худалдан авах, арилжихтай холбогдсон харилцааг хэлнэ хэмээн тодорхойлсноос цаашгүй байгаа билээ.

Гадаад зах зээл дээр манай улсын Засгийн газрын бондыг дундаж хүүтэйгээр авах сонирхолтой хөрөнгө оруулалтын банк, үндэстэн дамнасан тэрбумтнууд олон бий гэж үзэх санхүүгийн шинжээч, эдийн засагчид цөөнгүй. Ингэхийн тулд зөвхөн 3-4 хувийн хүү санал болгоход л банкинд 1.5-2 хувийн хүүг нь бодож мөнгөө хадгалуулдаг хөрөнгө оруулагчид олноороо манай бондыг сонирхох аж. Зээлийн хугацаа нь ч урт. 30-40 жилийн талаар энд ярих хэрэгтэй болно. Үүнийг Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яам болон  салбарын мэргэжлийн холбоо, нэгдлүүд нэлээд дэмжиж байгаа аж.  

Орон сууцны үнийг хөөрөгддөг хөрөнгөт­нүүдийн бүлэглэл бий

Барилгын салбарынхан саяхан чуулж тулгараад буй асуудал, цаашдын чиг хандлагаа ярилцсан. Тэр үед орон сууцны үнийн талаар нэлээд асуудал тавьсан юм. Үүнтэй холбогдуулан Монголын Барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатартай ярилцлаа.

    
-Бид өмнө нь уулзахад орон сууцны үнэ нэмэгдлээ гэж ярилцаж байсан. Энэ удаад ч 15 орчим хувиар нэмэгдсэн байна. Энэ талаар?

-Орон сууцны үнийн хувьд энэ бол зээлийн хүүг бууруулснаас үүдэн бий болсон хэрэгцээтэй холбоотой. Тийм учраас үүнийг ингээд тогтчихсон үнэ гэж бодохгүй байна. Харин удахгүй барих орон сууцнуудын талаар онцолмоор байна. Засгийн газрын зүгээс ч нэлээд ач холбогдол өгч төрийн зохицуулалттай барина гээд байгаа. Бага, дунд орлоготой иргэд болон залуучуудаа орон сууцаар хангах гэж байгаа болохоор үнийг нь барих хэрэгтэй биз дээ.

-Төрийн зохицуулалтгүйгээс болж орон сууц ийм үнэтэй байгаа гэж үү?

-40 мянган айлын орон сууц хөтөлбөрийн жишээнээс харахад л орон сууцыг бага өртөгөөр барьж, гурав нугалж зараад, амтанд нь орчихсон мөнгөтэй хүмүүсийн бүлэглэл байна л даа. Одоо ийм хүмүүс л 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг урагшлахад садаа болж байна. Дээрх бүлэглэлүүд барилгад хөрөнгө оруулаад их мөнгө нэхээд суучихдаг. Тэгэхээр өнөөх барилгын компаниуд нь хөрөнгө оруулагчаа ч, өөрсдийн ашгаа ч бодоод үнээ буулгаж чадахгүй байна.

-Үнэндээ 100 мянган айлын орон сууц хөтөлбар нийслэлийг тэр чигт нь орон сууцжуулж чадахгүй биз дээ?

-Чадахгүй л дээ. Одоо зах зээлд дунджаар 250 мянган айлын орон сууц хэрэгтэй. Гэтэл энэ олон сууцыг барих хооронд Монголын хүн, ам тэр тусмаа залуучуудын өрх тусгаарлаж байгаа байдал нь жилд 10 хүртэлх мянгаар хэмжигдэж байна. Тэгэхээр орон сууцны эрэлтийг гүйцэж түрүүлэх боломж бараг байхгүй. Ийм үед тэднийг орон сууцжуулъя гэвэл АНУ-ын моргейжийн системын талаар ярих хэрэгтэй болно. Хүмүүс “АНУ-ын моргейжийн зээлээс болж улс нь өрөнд орж, хямарч байна” гэцгээдэг. Үнэндээ тэдний орон сууцны урт хугацааны зээл хамгийн зөв байсан. Харин иргэд нь орон сууц, машинаасаа эхлээд индүүгээ хүртэл зээлээр авдаг болсон нь энэ системийг алдаатай болгож харагдуулсан байх. Манайх бол орон сууцаа л зээлээр өгөх ёстой. Ерөнхий сайд “Төрийн зохицуулалтын бодлогыг орон сууцны зээлийн орчинд явуулж, бага дунд орлоготой иргэдээ дэмжинэ” гэсэн шүү дээ. Ерөөсөө энэ удаад мөнгөтэй хүн барилга барьж түүнийгээ зарахгүй. Жирийн барилгачид Засгийн газрын захиалгаар байшингаа барьж, эргүүлэн Засгийн газарт хүлээлгэн өгнө. Ингэхийн тулд хамгийн түрүүнд ингэж зориглож ажиллах барилгын компаниа сонгож эхний барилгуудыг нь санхүүжүүлээд өгчихөд хангалттай. Засгийн газар ч тогтсон үнээр нь орон сууцаа барилгачдаас авч, үнэ өсгөлгүй иргэдэд өгнө. Иргэд бага хүүтэй зээл авч байгаа юм чинь түүнийг авахдаа дуртай, төлөхдөө зовохгүй байх юм.

Т.Есөн-Эрдэнэ

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж