
Үүнээс үүдээд аль нэг байрны буланд үйл ажиллагаа явуулдаг, багагүй хэмжээний төлбөр авдаг хувийн цэцэрлэгүүдэд чухам ямар шаардлага, стандарт тавьдаг вэ гэсэн асуулт гарч ирсэн юм. Ингээд Нийслэлийн боловсролын газрын Сургуулийн өмнөх боловсролын хяналт, үнэлгээ, шинжилгээ хариуцсан мэргэжилтэн Б.Үүлэнсолонгоос дараах асуултад хариулт авлаа.
-Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн багагүй хувь нь хувийн цэцэрлэгт хүмүүжиж байна. Тэгэхээр тэдгээр цэцэрлэгүүдэд, багш нарт нь ямар шаардлага тавьдаг юм бэ. Стандарт гэж байна уу?
-Хүүхдийн цэцэрлэгт МУБИС-ийг бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй төгссөн, багшлах эрхээ авсан хүн багшлах ёстой байдаг. Цаашилбал, тухайн багш маань мэргэжлийн зэрэгтэй болох ёстой.
-Харин цэцэрлэгүүдийн тухайд. Зөвшөөрлийг нь чухам юуг үндэслэн олгодог юм бэ?
-Төрөөс хүүхдийн хоолны мөнгийг даах болсон, шилжилт хөдөлгөөн ихэссэн, төрөлт, залуу гэр бүлийн тоо нэмэгдэж байгаа зэрэг шалтгаанаар цэцэрлэгийн насны хүүхдийн тоо нэмэгдэж байгаа. Тухайн нэг цэцэрлэг хамран сурах тойргийнхоо хэмжээнд байгаа хүүхдүүдийг хүлээж авдаг. Гэтэл үүнээс гадна цэцэрлэгтэй ойр байгаа албан байгууллагынхан хүүхдээ өгөхийг хүсэх болсон. Цэцэрлэгийн нэг ангид 25 хүртэлх тооны хүүхэд хүмүүжих ёстой. Гэтэл одоо 40 хүртэлх тооны хүүхэд хүмүүжиж байна. Энэ нь багшид ачаалал өгч, сургалтыг чанаргүй явуулах хандлагыг нэмэгдүүлж байгаа. Тиймээс Нийслэлийн боловсролын газраас хүүхдийг цэцэрлэгт элсүүлэх удирдамжийг гаргаж дүүргүүдийн Боловсролын хэлтэст хүргүүлсэн. Хувийн цэцэрлэгүүд ч үүний дагуу хүүхдээ элсүүлэх ёстой. Түүнчлэн төрийн болон төрийн өмчийн бус цэцэрлэгүүд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Нийслэлийн боловсролын газраас гаргаж байгаа стандарт хөтөлбөрийн дагуу сургалт явуулах ёстой байдаг. Үүнийг нь ч хянаж, шалгадаг. Мэдээж шаардлага хангахгүй газрууд байдаг. Үйл ажиллагааг нь сайжруулах тал дээр нь анхаараад л явдаг. Цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрлийг Нийслэлийн боловсролын газрын дүгнэлтийн дагуу дүүргийн ЗДТГ-аас өгдөг. Боловсон хүчин, санхүү, хөрөнгийн баталгаа, байр сууц, сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом гээд бүхий л зүйлийг үндэслэн олгодог юм.
-Хувийн цэцэрлэгийн төлбөрийг БСШУЯ болон Нийслэлийн боловсролын газраас зохицуулах боломж бий юү. Эсвэл өөрсдөө тогтоодог юм уу?
-Хувийн цэцэрлэгийн төлбөрийг Нийслэлийн боловсролын газраас зохицуулдаггүй. Тухайн байгууллагын удирдах зөвлөл нь тогтоодог юм.
"Улс төрийн тойм" сонин
