Жүжигчин, хөтлөгч Г.Анхбаярын дэлгэцийн хоёр дахь бүтээл “Франц үнсэлт” энэ намар нээлтээ хийх гэж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. "Луйврын хот" нэртэй кино туурвиж найруулагчийн замналаа эхлүүлсэн тэрбээр энэ удаад “Франц үнсэлт” нэртэй инээдмийн, хайр дурлалын, романтик киноны найруулагчаар ажиллахын зэрэгцээ өөрөө гол дүрд нь тоглож байгаа юм. Энэхүү киноны постер буюу зурагт хуудас саяхан хэвлэгдсэн бол энэ удаад киноныхоо трейллерийг youtube цахим хуудаснаа тавьжээ. Ирэх есдүгээр сараас эхлэн “Тэнгис”, “Өргөө” кино театрын дэлгэцнээ гарах уг киноны гол дүрд жүжигчин Т.Билэгжаргал, “Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа нар тоглосноос гадна “Киви” хамтлагийн ахлагч Ука, “Guys” хамтлагийн дуучин, жүжигчин Д.Лхагва, жүжигчин Б.Навчаа, Ардын жүжигчин П.Цэрэндавга, хошин урлагийн жүжигчин Б.Баатархүү, “Өнгөт инээд” хамтлагийн жүжигчин С.Өлзийхүү, УДЭТ-ын жүжигчин М.Түвшинхүү, “Тусгай салаа” олон ангит киноны Сүлдийн ээжид тоглосон жүжигчин А.Алтантуяа гээд олны танил эрхмүүд оролцон тогложээ.
Түүнчлэн тус киноны дууг дуучин Тэнүүн, Quiza нар хамтран дуулан сонсогчдод хэдийнээ хүргээд байгаа. “Франц үнсэлт нислэг” дууны клипийг тун удахгүй үзэгчдэд хүргэх гэнэ лээ. Энэ намрын инээдмийн киноны өнгийг нэмэн залуу уран бүтээлчид “Франц үнсэлт”-ийг үзэгчдэд мэдрүүлэх нь ээ.
“Франц үнсэлт”-ийн трейллерийг энд дарж үзнэ үү.