
Зүүн эрэгт газар хөдөлснөөс болж томоохон хэмжээний далайн шуурга үүсч мэдэх талаар холбогдох албаныхан мэдэгдээд, далайд гарсан загасчдыг яаралтай эрэг рүү дуудаж, урьдчилан сэргийлсэн юм. АНУ-ын Хар шуурга судлах хүрээлэнгийн эрдэмтэд уг шуургийг “Айрин” хэмээн нэрлэсэн.
Нью-Йорк хотын амбан захирагч М.Блүүмберг “Нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан иргэдийн албадан нүүлгэх ажил зогсоод байна. Одоо та бүхэнд гэрээсээ гарахгүй байхыг хатуу анхааруулж байна. Бидний зүгээс иргэддээ зориулж 70 мянган хүний багтаамжтай 90 гаруй түр хоргодох байрыг бэлдсэн. Холбогдох албаныхны мэдэгдэж буйгаар уг хоргодох байранл 6300 гаруй иргэд л бүртгэгдсэн байна. АНУ-ын Онцгой байдлын шуурхай хуралдаанаар Вашингтон болон гамшигийн ойролцоохи бүсийн мужаас нэмэлт хүч ирж байгаа. Цагдаагийн ерөнхий газраас 18 хүн амиа алдаад байгаа гэж мэдэгдсэн” гэжээ. Мөн Нью-Йорк хотын бүх автозам болон бусад тээврийн хэрэгслийг түр зогсоосон бөгөөд олон улсын 7000 гаруй, орон нутгийн 5000 гаруй нислэгийг цуцалсан талаар “NewYorkAirlines” мэдэгдсэн билээ. Ус, цаг уурын албаны хэвлэлийн төлөөлөгч Жэрими Логан “Хар салхины хурд цагт 130 км болсон бөгөөд Нью-Йорк хотын далайн эрэг дагуу оршин суудаг айлуудын байшинг нурааж эхэлсэн нь дөнгөж эхлэл. Далайд газар хөдлөх байгалийн үзэгдэл нь газар хөдлөлтийн түвшинг 35 хувиар нэмэгдүүлдэг. Энэхүү “Айрин” хар шуурга нь лхагва гарагаас намжих урьдчилсан төлөвтэй байна. Гэхдээ энэ зөвхөн судалгаагаар гарсан хариу. Зарим эрдэмтэд уг шуургыг Канад руу эргэх хандлагатай байгаа талаар дөнгөж сая мэдээлсэн” хэмээн мэдэгджээ.
АНУ-ын ерөнхийлөгч Б.Обама “Айрин” хар шуурганы талаар ард иргэддээ хандан “Washingtonnews” агентлагаар дамжуулан мэдэгдэл хийсэн юм. Тэрбээр “Айрин хар салхи одоо ч аюултай хэвээр байгаа тул та бүхэн хоргодох байранд орж амжаагүй л бол гэртээ үлдэх нь цорын ганц боломж. Гадагш гарах нь амь насанд тань аюул авчирч болзошгүйг анхааруулж байна. Хэрэв та гамшигийн газар байгаа бол аврах багийнханыг иртэл хүлээ. Бурхан биднийг ивээг” гэжээ.
Ямартай ч одоогийн байдлаар Виржиния мужын хоёр сая иргэд цахилгаангүй байгаа бөгөөд тус мужын зарим хотод өндөржүүлсэн бэлэн байдалд иргэдийг аврах, нүүлгэн шилжүүлэх ажиллагаа үргэлжилсээр байна. Аймшигтай үер далайн эрэг дагуу байрладаг Нью-Йорк хотын тэн хагасыг бүрхээд байгаа бөгөөд хотын иргэдийг түүхэнд анх удаа албадан нүүлгэсэн юм. Мөн үерийн дээд өндөр нь 3 метр 55 см гаруй бөгөөд дундаж өндөр нь 1 метр 80 см байгаа юм. Энэхүү гамшиг Засгийн газрыг сандаргаж, онцгой албаны аврах багийнханд хүндрэл учруулж байгаа талаар “NewYorkTimes” онцолжээ.
Харин CNN агентлаг “Айрин хар шуурга Канад улсын зүг дөнгөж сая чиглэлээ өөрчилсөн байна. Хар шуурганы хурд 130-аас 80 км/цаг болтол буурсан нааштай мэдээлэл холбогдох албаныхан өгсөн. Мөн эрдэмтдийн үзэж буйгаар сүүлийн жилүүдэд зөвхөн Америк улсад ч төдийгүй дэлхийд, газар хөдлөлтийн давтамж эрс нэмэгдэж байгаа тухай мэдэгдсэн” хэмээн онцолжээ. Нью-Йорк хотын төв бирж өчигдрөөс эхлэн үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхэлсэн талаар BBC агентлаг мэдээлсэн. Холбогдох албаны мэргэжилтнүүдийн үзэж буйгаар зөвхөн Нью-Йорк хотыг сэргээн босгох зардалд нэг тэрбум ам.доллар шаардагдана хэмээн үзэж байгаа юм.
"Улс төрийн тойм" сонин