Ц.Шинэбаяр тэргүүтэй хөдөлмөрийн намынхан Энхбаяризмын эсрэг

Хуучирсан мэдээ: 2011.08.30-нд нийтлэгдсэн

Ц.Шинэбаяр тэргүүтэй хөдөлмөрийн намынхан Энхбаяризмын эсрэг

“МАХН-ын улс төрийн үйл ажиллагааг та­салдуулахгүйн тулд би тус намын дэд дар­­гын сонгуульт ажлаа журмын нөхдөдөө хү­­лээлгэн өгч байгаагаа мэдэгдэж байна”. УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр иймэрхүү ут­га­тай мэдэгдэл хийж, Н.Энхбаярынхныг ор­хин одсоноос хойш яг хоёр сар өнгөрчээ. Экс Ерөнхийлөгчид ил захидал бичиж, “Ха­муг Монгол”-ын улс төрийг хийхээ албан ёсоор зарласан тэрбээр ээлжит алхмаа хийж эхэл­лээ. Н.Энхбаярын экипажийнхнаас салан тус­гаарлагдмагцаа УИХ-ын гишүүний “дүр”-дээ эргэн хувирч, чуулганы танхимд Ардын нам, МАХН-ын алиных нь ч төлөөлөл биш, харин албан бус бие даагчийн статустайгаар заларсан Ц.Шинэбаяр шинэ үзүүлбэр үзүүлэх нь тэр.
Улсын дээд шүүх МАХН-ыг албан ёсоор бүртгэж, Н.Энхбаяр улс төрийн тойргоо ши­нээр дугуйлж дуусах хүртэл мань эр Ардын намын ангийн дайсны дүрд тоглож явсан. Гэвч “Хүн төрөлхтөний агуу түүхийг бүтээж явсан “Хамуг Монгол” өөрийн улс төрийг өөрсдөө хийх цаг ирлээ. “Хамуг Монгол”-ын эвслийг ч яаралтай байгуулах шаардлагатай байна. Хуурамч улс төрд “Хамуг Монгол” хуур­тагдахгүй нь нэгэнт тодорхой бо­лов. “Хамуг Монгол” үндэстэн хувь тавилан­гийнхаа төлөө нэг ч монгол хүнийг орхигдуулахгүйгээр улс төр хийхээр шийдсэн тул УИХ-ын гишүүний хувьд би “Хамуг Монгол”-ын улс төрийг Хамуг Монголтойгоо хийхээр шийдлээ” гэсэн утгатай “зурвас” бичиж үлдээчихээд явсан Ц.Шинэбаяр зүүн төвийн үзэл баримтлалтай улс төрийн хүчнийг сонгодог хэлбэрээр нь бай­гуулахаар шийджээ. Товчхондоо, МАХН-ыг “өндөглүүлж”, Н.Энхбаярын экипажийнхны зүгээс МАНАН-ын эсрэг босгосон хана хэрмийг доргиож эхэллээ. Экс Ерөнхийлөгч, МАХН, бас өөртэй нь холбоотой сэжиг, таам­гуудыг ч эвдэх болов.

УИХ Үндсэн хууль байтугай Сонгуулийн тухай хуулийг шинэчилж амжаагүй байхад Ц.Шинэбаяр тэргүүтэй “Хамуг Монгол”-ын улстөрчид амбицаа тун тодорхой илэрхийлсэн билээ. “Хамуг Монгол”-ын улс төрийн эрхэм чухал зорилт бол Монголын төрийн жинхэнэ эзэн болох монгол үндэстнийг орхигдуулсан өнөөгийн Үндсэн хуулийг халж, Хамуг Мон­голыг дээдэлсэн, “Монголын төр зөв­­хөн монгол хүний төлөө” гэсэн үзэл ба­римт­лал бүхий Хамуг Монголын шинэ конс­ти­туцийг батлах явдал мөн” гэж. Харин одоо тэд “Хамуг Монгол” эвслийнхээ дэргэд Хө­дөлмөрийн нам байгуулахаар шийджээ. Тийм ээ, тэд Н.Энхбаярынхнаас түрүүлж хөдөлж байна. Учир нь экс Ерөнхийлөгчийн фрак­цийнхан МАХН хэмээх нэрийг хуулийн дагуу өмчилсөндөө тайвширч, намынхаа үзэл баримтлалыг тодотгоход нэг их яарах­гүй байсан юм. Ардчилсан намын дарга Н.Ал­танхуяг Ардын намынханд 90 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлэхдээ “Би хам­тарсан Засгийн газар хэмээх “өндөг”-өө хагалчихгүйг хичээж яваа шүү” гэсэнчлэн МАХН-ынхан эрх баригч хүчний нэрийн хуудас болж байсан дөрвөн үсгийг “манаж” байх зуур Ц.Шинэбаяр нар тэдэнтэй гуравдагч хүчний орон зайг булаацалдаж эхэллээ. Ингэснээр “Экс Ерөнхийлөгч МАНАН-ыг саринаах гуравдагч хүчний удирдагч болох нь тодорхой боллоо” хэмээн таамаглаж байсан ажиглагчид дуран авайгаа огт өөр тийш хандуулах хэрэгтэй болох нь. “Энэ ертөнц дээр хамгийн амархан тасалж болох зүйл бол түншлэлийн харилцаа” гэдэгчлэн Н.Энхбаяр, Ц.Шинэбаяр нарын түншлэлийг хэн үгүй хийчихэв гэдэг нь ч сонирхол татна.

УИХ-ын намрын чуулган тун удахгүй эхэлнэ. Тэр үеэр эрхэм гишүүн Ц.Шинэбаяр улстөрчдөд нэн сонирхолтой сюрприз барих нь бараг тодорхой болов. Гэвч чухам ямар сюрприз гээч. Тэрбээр чуулганы танхимд Монголын улс төрийн 20 дахь хүчин буюу Хөдөлмөрийн намын төлөөлөл болон орж ирнэ. Тиймээс гадаадад өндөр боловсрол эзэмшсэн багийнхан нь зүүн төвийн үзэл баримтлал бүхий намыг зохион байгуулах зөвлөлөө хэдийнэ байгуулжээ. “Хамуг Монгол” эвслийг үүсгэн байгуулагч Ц.Шинэбаяр МАХН-ын дэд даргын албан тушаалаас огцрохоо мэдэгдэх үедээ “Хувь тавилан нэгт “Хамуг Монгол”-ын ард түмэн хоёр замаар улс төр хийх учиртай. Нэгдүгээрт, “Хамуг Монгол”-оос томилолт авсан төлөөллийн байгууллагууд болох хууль тогтоох засаглал, гүйцэтгэх засаглал, шүүх засаглалаар дамжуулан улс төр хийх. Хоёрдугаарт, “Хамуг Монгол”-ын ард түмэн хэн нэгэн төлөөлөгчөөр дамжуулахгүйгээр улс төрийг өөрсдөө шууд хийх зам юм” гэсэн удаатай. Экс Ерөнхийлөгчтэй шадарлаж явахдаа “Их улс төрийг Төрийн ордонд биш, гудамжинд хийнэ” хэмээсэн тэрбээр УИХ-ын үйл ажиллагаанд дахин оролцох болсон нь ч ийм учиртай. Харин Хөдөлмөрийн намыг зохион байгуулах зөвлөлийнхөн нь “Хамуг Монголын Хөдөлмөрийн нам нь нэг ч монгол хүнийг ардчиллын гадна орхигдуулахгүйгээр хамтын ардчиллыг дээдэлж, нэг ч монгол хүнийг зах зээлийн гадна орхигдуулалгүйгээр хамтын зах зээлийн эдийн засгийг хөгжүүлнэ. Ард түмнийг мэдлэгийн нийгмийн шаардлага хангасан ажлын байр, орон сууцтай болгох зэрэг бодлогыг хэрэгжүүлнэ” хэмээж байна. Ардын нам, бас МАХН… Тийм ээ, эд цөм зүүн төвийн үзэл баримтлалтай. Элдэв амлалт, нийгмийн халамжаар эмблем хийдэг нь ч тэдний онцлог. Гэвч Ц.Шинэбаяр тэргүүтэй Хөдөлмөрийн намынхан зүүн төвийн үзэл баримтлал бүхий нам өөр ямар тоглолт хийж болдгийг олон нийтэд харуулахаар шийджээ. Хамгийн сонирхолтой нь “Эрх баригч луйварчдад найдах өчүүхэн ч зүйл алга” хэмээсэн тэднийг МАНАН нэгдэлд уусахгүй гэж найдъя. Ямартай ч Ц.Шинэбаяр нар гуравдагч хүчний орон зайг аравт, зуут, мянгатын армитайгаа эзлэхээр хөдөлсөн Н.Энхбаярын өмнө Хөдөлмөрийн нам хэ­мээгч нэгэн “цайз”-ыг босгож эхэллээ. Тэд энхбаяризмын эсрэг хөдлөх тактикаа яг одоо боловсруулж байна.

С.Баттулга

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж