Д.Энхбат: Би ногоон намын дарга

Хуучирсан мэдээ: 2011.08.30-нд нийтлэгдсэн

Д.Энхбат: Би ногоон намын дарга

Д.ЭНХБАТДээд шүүхийн шийдвэр гарах хүртэл би Монголын ногоон намын дарга

УИХ-ын гишүүн Д.Энхбатыг “Ярилцах танхим”-даа урилаа.


-Та одоогоор аль намын статустай байна вэ?

-Иргэний зориг болон Мон­голын Ногоон намын гишүүд намаа нэгтгэх шийдвэрийг их хурлаараа гаргаад Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр өгсөн. Тиймээс Дээд шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хуулийн дагуу би Монголын Ногоон намын дарга. Харин Иргэний зориг, Монголын Но­гоон нам хоёрыг нэгтгэж бай­гуулах их хурлаар намайг Иргэний зориг-Ногоон на­мын даргаар сонгосон. Дээд шүүхэд очиж байгаа мате­риалд “Иргэний зориг-Ногоон намыг бүртгэнэ үү. Намын дар­га нь Д.Энхбат” гэсэн байгаа.

-Иргэний зориг, Монголын Ногоон намын хамтарсан их хурлын дараа Иргэний зориг-Ногоон намын өмнөөс хэд, хэдэн мэдэгдэл гаргаж байсан. Нам албан ёсоор бүртгүүлээгүй байж үйл ажиллагаагаа явуулах нь хуулийн дагуух үйлдэл мөн үү?

-Хуулийн дагуу шийдвэрийг нь зөвхөн намын гишүүд нь буюу Их хурал гаргадаг. Дээд шүүх зөвхөн бүртгэдэг гэсэн заалт бий. Өөрөөр хэлбэл хүүхэд төрсөн дараа төрсний гэрчилгээ олгодог юм. Тиймээс хуулийн хэллэгээр бол шийдвэр гарчихсан. Харин шүүхэд бүртгүүлэх процессийг л бид хүлээгээд байна.

-Тэгвэл Дээд шүүхэд бүртгүүлэх асуудал юу болж байгаа бол?

-Дээд шүүх наадмаас эхлээд есдүгээр сарын 1 хүртэл завсарладаг. Тиймд энэ асуудлыг хэзээ ярихыг Дээд шүүх хуваарийнхаа дагуу л шийдэх байх. Ер нь Улс төрийн намын тухай хуулиар шийдвэрийг бүх гишүүдийн их хурал гаргадаг. Түүнээс биш Дээд шүүх гаргахгүй гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Шүүх ганцхан зүйлийг шалгаж байгаа. Энэ бол “Бүх үйл ажиллагаа зохих хууль, дүрмийн дагуу хийсэн байна уу” гэдгийг үзэж буй юм.

-Монголын Ногоон нам саяхан их хурлаа хийлээ?

-Тэр бол Монголын Ногоон нам биш.

-Тэгэхээр танай намын нэрийг бариад яваад байгаа хүмүүс хэн юм бэ. Өөрсдийгөө Монголын Ногоон намынх гэсэн шүү дээ?

-Өчигдөр орой /уржигдар/ хурал хийлгэж байгааг нь телевизээр харсан. Тэнд таньдаг дөрөв, таван хүн байна лээ. Бусад нь огт танихгүй хүмүүс байсан. Монгол Улсын хуулиар Дээд шүүхэд бүртгэлтэй Монголын Ногоон нам гэдэг ганц л нам бий. Харин хүмүүс өөрийгөө Ногоон намынх эсвэл аль нэг намынх гэж нэрлэнэ үү тухайн хүний үзэл бодлын асуудал. Тийм учраас бид үүнд нэг их ач холбогдол өгөхгүй байгаа. Өнөөдөр хэн ч гарч ирээд Ардчилсан нам, Ардын намынх, аль эсвэл би бол Монгол улсын Ерөнхийлөгч байна гэж хуралдаж болно. Тэгж хэллээ гээд тийм болчихгүй.

-Монголын Ногоон намын даргаар сонгогдсон гэх Батбаатар, Маам гэдэг хүмүүсийг таних уу?

-Танихгүй. Одоогийн байдлаар Батбаатар, Маам гэх хүмүүсийн талаар ямар ч мэдээлэл алга.  Магадгүй 1991 онд байгуулагдсан манай намд орж гарсан олон мянган хүмүүсийн хэн нэг нь байгааг бид мэдэхгүй. Ямар ч байсан Монголын Ногоон намын удирдлагад Бага хурлын гишүүд, их хурлын төлөөлөгч, идэвхтнүүдийн дунд тийм хүмүүс байхгүй.

-Танай намын нэрийг бариад их хурал хийж байна гэж ойлгож болох уу?

-Тийм л бололтой.

-Намын нэр бариад байгаа хүмүүс хууль зөрчөөд байгаа юм биш үү?

-Харамсалтай нь тэднийг бид хааж зогсоож чадахгүй. Учир нь тэд өөрсдийгөө хэвлэлээр зарлаад л явна. Гэхдээ албан баримт, тамга ч үгүй байж тэд яаж бусадтай ажиллаж, сонгуульд оролцож явах юм бол доо. Энэ бол цэвэр шуугианы хэрэг дээ. Өөрөөр хэлбэл тэдэнд ямар ч хууль эрх зүйн үндэс байхгүй. Бид энэ талаар Дээд шүүх дээр ч уулзаж л байсан. Дээд шүүх бидний материалыг хоёр удаа буцаасан. Эхний хурлаар Дээд шүүх тогтоолдоо О.Бум-Ялагч болон бусад нөхдөд хоёр зүйлийг зааж өгсөн юм. Үүний нэг нь “Улс төрийн намын дотоод хэрэгт Дээд шүүх оролцохгүй. Учир нь намын даргаар хэнийг сонгох вэ, намаа хэрхэн авч явах нь намын гишүүдийн мэдлийн асуудал. Харин шүүх бол намын их хурал хуулийн дагуу болсон уу гэдгийг л хянах учиртай” гэсэн юм. Бид тэдгээр  эсэргүүцээд байгаа хүмүүстэй эвлэрэхийн тулд хэвлэлийнхний өмнө их хурлынхаа урилгыг ч өгч л байсан. Тэд нарын хувьд тэдний энэ үйлдэл цэвэр шуугианы зорилготой бололтой.

-Энэ шуугианаас болж иргэдэд ойлголтын зөрүү үүсгээд байгаа. Үүнийг арилгахын тулд та бүхэн юу хийж байна вэ?

-Иргэдэд буруу ойлголт төрүүлэх нь тэдний гол зорилго болов уу. Ингэж шуугиан тарих нь хэн нэгэнд хэрэгтэй байгаа учир шүү дээ. Иргэний зориг, Монголын Ногоон нам нэгдэж улс төрийн гурав дахь шинэ хүчин үүсч буй нь бодит үнэн. Нэг нь 20 жил нөгөөх нь 10 жил болчихсон, УИХ-ын сонгуульд гурав, дөрөвдүгээрт бичигддэг хоёр нам нэгдээд улс төрийн шинэ хүчийг үүсгэж буй нь хэнд хэрэггүй байх вэ. Тэгэхээр тэр хүмүүсийг тодорхой хэмжээгээр хөөргөж байгааг бид маш сайн мэдэж байна. Энэ эсэргүүцэл, яриа цаашид ч үргэлжилнэ биз. Тэд уйдахгүй бол бид ч уйдахгүй. Эцсийн эцэст тэдэнд очих газар байхгүй. Харин бидний хувьд гишүүдийнхээ дэмжлэг, шийдвэрээр явах болно.

-Монголын Ногоон нам албан ёсоор хэдэн гишүүнтэй вэ?

-Гишүүдийн тухайд хоёр янзын тоо хэлдэг юм. Нэг нь 1991 оноос хойш намд орж гарсан гишүүдийн тоо 21 мянга байдаг. Ер нь идэвхтэй гишүүдийн тоо 3000 юм.

-Иргэний зориг, Монголын Ногоон нам Дээд шүүхэд бүртгүүлснийхээ дараа хийх эхний ажил юу байх вэ?

-Маш их ажил бий дээ. Өмнөх асуултанд чинь бүрэн хариулахад, манай намын Бага хурлын гишүүний дөрөв нь Иргэний зориг намтай нэгдэхийг эсэргүүцэж, 16 нь дэмжсэн. Эсэргүүцсэн дөрвөн хүний хоёр нь одоо байгуулаад байгаа тэр шуугианд хамт бий. Энэ хүмүүс Иргэний зориг намтай нэгдэх эсэхийг таван удаа хэлэлцэхэд гурав дээр нь дэмжиж, үг хэлж байсан. Харин гурав дахь хурлын үеэр албан тушаалын асуудал босож ирсэн. Өөрсдөө дарга болохгүй гэдгийг сонсоод хаяж гарсан юм. Зарчмын том ярианы цаана өчүүхэн эрх ашиг байдаг гэдэг л энэ шүү дээ. Ер нь ардчилал бол олонхиороо шийдвэр гаргаж, цөөнх үргэлж дагаж байдаг. Улс төрийн намын тухай хуулиар 50 ба түүнээс дээш хувь нь шийдвэрээ гаргасан л бол намын шийдвэр байдаг. Хэрэв цөөнх болчихоод намынхаа шийдвэрийг дагахгүй гэвэл намд байх шаардлагагүй.

-Хэрэв муугаар бодоход Дээд шүүх бүртгэхгүй гэвэл та бүхэн юу хийх вэ?

-Тэр үед нь шийдье. Олон зам бий шүү дээ. Жишээ нь сонгуульд бол манай хоёр нам эвсэл болоод орчихно.

-Монголын Ногоон нам нэрээр их хурал хийж байгаа хүмүүс нэлээд хэдэн дарга сольчих шиг боллоо?

-Шинээр яриад байгаа Ногоон нам чинь таван дарга сольсон. Эхлээд О.Бум-Ялагч дараа нь Д.Басандорж, Сэлэнгэ, Батбаатар, Маам гэх хүмүүс дарга болсон. Энэ бол эрүүгийн хэргийн шинжтэй үйлдэл шүү дээ. Хуурамч бичиг баримт үйлдэх, нэр ашиглах зэрэг бол хуулийн заалттай асуудлууд. Нэг хүн өөрийгөө “Би Монгол Улсын Ерөнхийлөгч” гээд телевизээр яриад байвал дор нь Монгол Улсын Ерөнхийлөгч гэж бичээд гаргаад байж болохгүй биз дээ. Үүнтэй адил Монголын Ногоон намын дарга гэж өөрийгөө танилцуулсан хүн бүрийг дарга гээд гаргаад байх. Энэ нь Монголын өнөөгийн замбараагүй байдлын бас нэг илэрхийлэл юм. Монголчууд үнэндээ хоёрхон намын буюу хоорондоо тохиролцсон нэг намын бүтцээс залхаж байгаа. Парламент бол хоёрхон намынх бус гурван сая монгол иргэдийнх. Ийм байхад яагаад бусад нь орох ёсгүй гэж. Энэ ч утгаараа олон намын тогтолцоо руу явж байгааг иргэд ойлгож эхэллээ. Бид Ардчилсан нам, Ардын намаас юугаараа ялгаагүй адил намууд. Тэд бусдыг УИХ-д оруулахыг хүсэхгүй байгаа учир сонгуулийг тойрсон бүх будлиан үүсдэг.

-Цөмийн хаягдлыг Монголд байршуулах тухай мэдээлэлтэй холбогдуулан “Ногоон эвсэл” жагсаал хийсэн. Харин албаны хүмүүсийн хэлж байгаагаар “Тийм зүйл байхгүй” гэсээр байгаа. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-УИХ-ын гишүүний хувьд өнгөрсөн тавдугаар сард Ерөнхий сайдад асуулга тавьж, хариуг нь авсан. Тэр үед Засгийн газар албан ёсоор цөмийн хаягдлын асуудлаар ямар ч гэрээ хийгээгүй гэсэн хариу ирсэн. Ирэх сарын эхээр би Ерөнхий сайдад дахин асуулга тавих гэж байгаа. УИХ-ын гишүүний асуулгад Ерөнхий сайд худал хариулт өгсөн бол хариуцлага хүлээдэг. Хэрэв гудамжинд жагсаж асуувал хариуцлага тооцоход хүнд. Монголын төрд шүүмжлэлтэй хандаж буй нэг зүйл бол төр нэгдмэл байдлаа алдаад байна. Агентлаг болгон өөрийнхөөрөө аашилж, үүний цаана байгаа эдийн засгийн бүлэглэлийн лобби ч орж байна. Ийм байгаа учир бид зохих журмаар нь шалгах ёстой. Ер нь бол цөмийн хаягдал хаях тухай яриаг манайхан ярьсан нь үнэн. Хэн, хэзээ, юу ярьсныг нь ч бид мэдэж байна. Харин энэ нь үнэхээр Монголын төрийн бодлого мөн үү гэдгийг л шалгах хэрэгтэй. Хэрэв үүнд Ерөнхий сайд “Засгийн газрын албан ёсны шийдвэр биш. Тийм зүйл байхгүй” гэж хариулбал аль нэг агентлагийн дарга эсвэл хэн нэг нөхөр сайн дурын нууц бизнес болно.

-Ерөнхий сайдыг огцруулах гэж УИХ-ын гишүүд гарын үсэг цуглуулж байгаа гэсэн. Энэ талаар танд мэдээлэл байна уу?

-Өнгөрсөн сонгуулийн дараа стандарт бус Засгийн газар байгуулсан. Нэгэнт энэ нь анхнаасаа буруу учир Ерөнхий сайд хэн байх нь дараагийн асуудал юм. Тиймээс Ардын нам, Ардчилсан намын нөхдөд бид “Үндсэн хуулийнхаа тулгуур зарчмын дагуу явъя. Та нар энэ хийсэн алдаагаа засах нь зүйтэй” гэдгийг хэлж байгаа. Ер нь сонгуулийн дараа сонгуульд орсон бүх нам тохироод л Засаг барих юм болбол сонгуулиар яах юм бэ.

-З.Алтай гишүүн намын хатуу гишүүнчлэлийг халах цаг нь болсон тухай ярьж байгаа.  Та үүнтэй санал нийлэх үү?

-Санал нийлнэ. Би сая хөдөө орон нутгаар яваад ирлээ. Тэнд таван намын үнэмлэхтэй ч хүн байна. Намд дургүй хүмүүс ч маш олон байна. Нам бол өөрийн хүрээндээ л ажиллах ёстой. Улаанбаатар хот хог, утаанаасаа салж, машин нь түгжрэхгүй байх нь нийслэлийн иргэдийн амьдрал болохоос биш намын эрх мэдлийн бялуу биш шүү дээ. Нам бол улс төрийн тогтолцоог үүсгэдэг. Харин иргэдийн өдөр тутмын амьдралд оролцох эрхгүй. Өнөөдөр эмнэлэг, цэцэрлэгийнхээ даргыг иргэд сонгох эрхгүй, нам л шийдэж байна. Социализмийн үед намын гишүүн биш бол Монгол Улсын хоёрдугаар зэргийн иргэнд тооцогддог байсан. Өнөөдөр ч мөн ийм байна. Эрх баригч намын гишүүн, холбоотой л биш бол тендерт оролцох  эрхгүй болчихдог гэдгийг ямар ч бизнесмэн хэлнэ. Энэ нь л коммунист маягийн намын хатуу гишүүнчлэл юм. Тиймээс би үүний эсрэг байр суурьтай байгаа.     

Ц.Энхцэцэг

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж