АНУ худалдааны сөргөлдөөн үүсгэснээс хойш БНХАУ, АНУ-ын хоорондын зөрчил маргаан ширүүссээр байна. Үүнийг ажиглагч улс орнууд Цагаан ордонд маш шүүмжлэлтэй хандаж байгаа билээ. Мөн сошиал орчинд ч хүмүүс энэ асуудлаар өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсээр байгаа юм. Зарим нь “Хятад улс өөртөө хэт итгэлтэй, дэндүү омголон байгаа нь Америкийг эдийн засгийн дайнд турхирч байна. Тиймээс Хятад улс хариу үйлдэл хийх тусам сөргөлдөгч талууд улам дайсагнана. Одоо даруйхан зогсоох хэрэгтэй” гэж байхад нөгөөтэйгүүр Хятад улсыг өмгөөлөн АНУ-ын хэт ихэмсэг байр суурийг шүүмжилж байгаа хүмүүс ч олон байна. Бодит байдал дээр Хятад улс найр тавилаа гээд АНУ худалдааны дайнаа зогсоох уу?
Худалдааны сөргөлдөөн үүсгэсэн АНУ-ын “Түүх тэмтэрсэн санаархал”-ыг тоймлон харцгаая.
Өнгөрөгч зууны 40-өөд оны сүүлчээс АНУ хуучнаар ЗХУ-тай хүйтэн дайн хийж эхэлсэн байдаг. Тухайн он жилүүдэд АНУ байж болох бүхий л боломжоо дайчлан ЗХУ-тай өрсөлдсөн юм. Улсынхаа сан хөмрөгийг гөвөн байж тэмцэлдсэний зэрэгцээ түүхэн хөгжлийн явцад ЗХУ-ын нийгмийн байгуулал задарсныг өөрсдийн ялалт мэтээр тунхаглаж байсан билээ. Тухайн үеийн ЗХУ-ын эрс шийдэмгий хөгжил нь угаасаа хүйтэн дайны гол шалтгаан болсон. Мөн өмнөх зууны 80-ад онд Японы эдийн засгийн хурдацтай хөгжил АНУ-ын “зүрхний өвчин” болж байсныг түүх мартаагүй. Мөч хоромтой өрсөн хөгжиж, өгсөн дээшилж байсан Японы эдийн засгийг тэд бас тэвчээгүй юм. АНУ, Япон хоёр улсын хоорондын сөргөлдөөн дүрэлзсээр дэлхийн хоёрдугаар дайны дараа Японы нийгмийн тогтолцоо АНУ-ын төлөвлөгөөгөөр явахаас өөр аргагүйд хүрсэн билээ. Японд дарамттай эдийн засгийн гэрээ хэлэлцээрээр асуудлаа өнгөн дээрээ шийдсэн ч үнэндээ “Ах нь дүүгийнхээ тохойг ханцуй дотор нь хугалсан” учир Японы эдийн засгийн хурд даруй хорин жилээр саарсныг судлаачид хэлдэг.
1894 оноос хойш АНУ ДНБ-ий үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж эхэлсэн. Түүнээс хойш эдийн засгийн хөгжлөөрөө АНУ-тай өрсөлдөхүйц улс орнуудыг “Хар данс”-андаа оруулж эдийн засгийн ямар нэгэн шахалт дарамт үзүүлсээр ирсэн нь нууц биш юм. Энэ нь АНУ-ын дэлхийн эдийн засгийн тэргүүлэх байр сууриа хамгаалан үргэлжлүүлэх гэсэн стратегийн бодлого гэдгийг судлаачид хэлж сануулсаар ирсэн. АНУ-ын олон улсын харилцааны логик сэтгэхүйд “60 хувийн хууль” гэж байдаг. Аль нэг улсын эдийн засаг тус улсын эдийн засгийн 60 хувьд хүрэх юм бол тус улсыг өрсөлдөгчөө гэж үздэг ажээ. Уг логик сэтгэхүйг үндэслэвэл тухайн үеийн Зөвлөлт холбоот улс, Япон, өнөөдрийн Хятад улсыг ойлгоход ямар ч саадгүй юм. Өнөөдөр БНХАУ-ын эдийн засаг дэлхийд хоёрдугаарт бичигдэж байгаа бөгөөд Япон, Герман, Их Британийн ДНБ-ий нийлбэртэй тэнцэх болсон юм. Эдгээр нь АНУ Хятад улстай худалдааны сөргөлдөөн үүсгэж, ганц талын логик сэтгэхүйгээ мөрдөж байхын үндсэн шалтгаан болжээ гэж дүгнэж болохоор байна.
ХКН-ын XIX их хурлаас “Хятад улс дэлхийд хамгийн хурдтай хөгжиж байгаа улс. Гэхдээ бид үүрд эдийн засгийн эзэрхэг улс орон байх боломжгүй. Эдийн засгийн мөнхийн тэлэлт гэж байхгүй” гэж төрийн бодлогын хэмжээнд тодорхойлолт хийсэн байдаг. Хар тамхины дайны дараа Хятадын ард түмэн өөрийн шаргуу хөдөлмөрөөрөө улс орноо бүтээн байгуулж, өнөөдрийн амжилтад хүрсэн нь нэг үндсэн логик сэтгэхүйгээ мөрдлөг болгодог АНУ-ын “өдөөн хатгасан хэрэг” болж таарчээ. Тиймээс одоогийн худалдааны сөргөлдөөнийг АНУ аль эрт төсөвлөн бэлтгэж байсан гэдэг дүгнэлтэд хүрээд байна.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ