
Богд сум аймгийн төвөөс 200 км алслагдсан. Тиймээс ч эрчим хүчний нэгдсэн системд холбох боломжгүй гэж үзэж, салхин станц байгуулсан ч сумын айл өрхийн цахилгааны хэрэгцээг хангаж дийлээгүй байна. Харин 1996 онд Японоос хоёр, дараа нь ОХУ-аас хоёр дизель станц авчирч суурилуулснаар сумынхан оройдоо 12 цагийн турш гэрэлтэй байдаг болжээ. Энэ утгаар Богд сумын иргэдийн байнга тавьдаг хүсэлт нь эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдох. Газар нутгийн хувьд Өвөрхангай аймагтаа томд тооцогдох Богд сум 5600 гаруй хүн амтай, 1200 өрхтэй. Гэрэлгүй учраас шилжилт хөдөлгөөн их, хот суурин газар зорих айл олон байж. Тэгвэл өнөөдөр Өвөрхангай нутгийг төрд төлөөлж буй УИХ-ын гишүүдийн хичээл зүтгэл, орон нутгийн удирдлагууд, иргэдийн санаачилгын үр дүнд Баруунбаян-Улаан-Богд сумын 15 кВ-ын цахилгаан дамжуулах, ашиглах шугам, дэд станцыг 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж, хүлээлгэн өглөө. Ингэснээр Өвөрхангай аймгийн хамгийн сүүлийн сум эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон төдийгүй Богд сумын иргэдийн өмнө олон боломж нээгдэж байгаа юм. Мөн Эрдэнэт-Булганы ЦТШ-нээс эрчим хүч авах 95 дахь сум суурин болж буй. Цахилгаан дамжуулах шугам, дэд станц барих ажлыг “Электро Мон сеть” компани тавдугаар сард эхэлж богино хугацаанд концессын гэрээгээр гүйцэтгэжээ.
Богд сумын Хүн эмнэлгийн эрхлэгч их эмч Л.Ууганбаярын ярьснаар эмнэлэг нь гурван их эмчийн орон тоотой ч хоёр нь ажилладаг, хүнд өвчтөнд амьсгалын аппарат залгах, яаралтай шинжилгээ хийх бүрт мотор асааж аргацаадаг байж. Харин 24 цагийн гэрэл цахилгаантай болсноор энэ жил сургууль төгсөх хэд хэдэн залуу холбогдож ирж ажиллах хүсэлтээ илэрхийлсэн байна. Түүнчлэн сумын сургуулийн багш М.Гэрэлмаа “Төвийн эрчим хүчид холбогдсоноор манай хүүхдүүд дэлхийн боловсролоос гээгдэх биш хөл нийлүүлэн алхах, хот хөдөөгийн боловсролын ялгаа арилна, үнэхээр баяртай байна” хэмээсэн. Олон жилийн турш салхин, дизель станцаар өдөртөө хэдхэн цаг гэрэл гэгээтэй залгадаг байсан Богд сумынхан ийнхүү үнэхээр баяртай байлаа. УИХ-ын дэд дарга Г.Батхүүгийн хэлсэнчлэн Өмнөговь аймгийн алслагдмал сумдтай хил залгадаг Богдын хувьд ноолуурын чиглэлээр боловсруулах үйлдвэр байгуулах ирээдүй ойрхон, боломж нээлттэй байгаатай олон хүн санал нэг байв. Өөрөөр хэлбэл, ямааны тоо толгойгоор аймагтаа төдийгүй улсад дээгүүр жагсах Богд сум байнгын эрчим хүчний сүлжээнд холбогдсон нь говийн сумдын дунд ноолуур боловсруулах томоохон үйлдвэр байгуулах түшиц газар болох ирээдүйг ойртуулжээ.