
Энгийн бус дүрх төрх, этгээд сонин имижээр шоу бизнесийн ертөнцөд хөл тавьсан дуучин Lady Gaga MTV хөгжмийн сувгийн “Video Music Awards” шагнал гардуулах ёслолын үеэр яг л эр хүн шиг дүр эсгэн тайзнаа гарч ирсэн нь үзэгчдийг алмайруулж чадлаа. Алдрын оргилд гараад буй 25 настай дуучин бүсгүйн жинхэнэ нэрийг Стефани Жоан Анжелина Жерманотта гэдэг. Тэрбээр тайзнаа Элвис Пресли маягийн засалттай хар үстэй, брюк өмсч, эрэгтэй цагаан майктай тайзнаа гарч ирээд, ороосон тамхи татаж утаа баагиулсаар олны цочроов. Үзэгчдийн ярьж буйгаар тэд анх удаа Lady Gaga-г өндөр өсгийт болоод гял цял хувцасгүйгээр харсан нь энэ гэнэ. Эршүүд дүрд хувирсан “Sir Gaga” төгөлдөр хуурын ард суугаад дуулж эхэлмэгц л үзэгчид түүнийг таньж, алга нижигнүүлжээ. Тэрбээр шар айраг асгаж цутган ууж, согтуу болон жүжиглэсэн бөгөөд тайзан дээр “You and I” дуугаа амилуулсан юм.
Сонирхуулахад, “MTV Video Music Awards” шагналыг анх 1984 онд бий болгосон ба жил бүр дуучид ба зохиогчдын шилдэг видео клипт олгож иржээ. Хамгийн олон шагнал авсан нь Мадонна. Тэрбээр өнгөрсөн хугацаанд 21 номинацид тэргүүлсэн юм. Харин Бритни Спирс түүнээс гурван шагналаар дутуу бол тэдний араас Пинк ба Питер Габриэл нар бичигддэг ажээ.
Харин Lady Gaga-гийн тухайд 11 “Сарны хүн”-тэй. “Сарны хүн” гэдэг нь MTV VMA-ын эздэд дурсгадаг M үсэг барьсан сансрын хувцастай хүний дүрс бүхий цом билээ.
Ш.Мягмар