Өнөөдөр дэлхийн 20 гаруй улсад аавуудын баярыг тэмдэглэж байна. 1910 онд АНУ-ын Вашингтон мужийн Додд нэртэй охин аав Смартдаа зориулж аавуудын өдрийг санаачлан тэмдэглэж эхэлсэн аж. Түүний ээж бага дүүг нь төрүүлэхдээ насан эцэслэсэн бөгөөд тэр цагаас аав нь таван хүүхдээ ганцаараа тэжээсэн ачлалтай нэгэн аж. Харин 1966 онд АНУ-ын ерөнхийлөгч энэ өдрийг албан ёсоор “Аавуудын баярын өдөр” болгон зарлажээ. Аавуудын өдөрт зориулан нэрт жүжигчин Чарли Чаплин охин Жеральдинадаа бичсэн захидлыг орчуулан хүргэж байна.
Охин минь,
Шөнө болж байна. Зул сарын шөнө. Миний жижигхэн цайзын цэргүүд бүгд нойрсож байна. Чиний дүү нар, ээж чинь ч бас унтчихаж. Бүдэг гэрэлтэй энэ өрөө рүү ирэхдээ тэднийг эгээтэй л сэрээчихсэнгүй. Чи минь алс холд байгаа. Гэсэн ч чиний дүр төрх нүдний минь өмнө үзэгдэхгүй бол би сохрог. Чиний зураг энд, ширээн дээр, харин дүр төрх чинь зүрхэнд минь байнам.
Чи хаана байна вэ?
Үлгэрийн мэт Парист, Елисейн талбайд, агуу театрын тайзнаа чи минь бүжиглэж буйг сайн мэдэж байгаа ч… Шөнийн харанхуйд алхаа чинь сонсогдож, өвлийн тэнгэрт гялалзах од шиг нүдийг чинь харах шиг болдог. Татар хаанд богтлогдсон перс бүсгүйн дүрд тоглож байгааг чинь сонслоо. Гоо үзэсгэлэнтэй бай, бүжиглэ, од шиг гялалз, гэрэлт!
Харин талархал, магтаалд согтож, чамд бэлэглэсэн цэцэгсийн үнэрт толгой чинь эргэвэл буланд суугаад захидлыг минь уншиж, зүрх сэтгэлээ сонсоорой.
Жеральдина, би чиний эцэг. Би Чарли Чаплин.
Бяцхан байхад чинь орны дэргэд хэчнээн шөнө зүүрмэглэн суусныг чи мэдэх үү? Нойрсож буй гоо бүсгүй, нүдээ үл цавчих лууны тухай үлгэрийг чамд ярьж өгснийг минь санадаг уу? Эцэж ядарсан би зүүрмэглэх тоолондоо “Миний зүүд бол охины минь мөрөөдөл юм” хэмээн сэтгэлдээ дуу алддаг байсныг чи мэдэрдэг үү?
Чинийхээ мөрөөдөл, ирээдүй, өнөөдрийн өдрийг тэгэхэд би харж байсан юм шүү. Тэнгэрийн дагина мэт, бүжиглэж буй бүсгүйг би зүүдэндээ олж үздэг байсан. “Энэ бүсгүйг харж байна уу, хөгшин алиалагчийн охин шүү дээ. Эцгийг нь Чарли гэдэг байсан юм” гэж хүмүүс ярьж буйг би сонссон.
Тийм ээ, би Чарли. Би хөгшин алиалагч.
Өнөөдөр чиний ээлж иржээ. Бүжиглэ охин минь. Би томдсон, уранхай өмдтэй бүжиглэж байсан, харин чи гүнжийн торгон өмсгөлтэй бүжнэ.
Энэ бүжиг, алга ташилт чамайг тэнгэрт хөөргөнө. Нис, тэнгэр рүү нис. Гэхдээ газарт буугаарай. Учир нь гудамжны нэгэн буланд дааран, өлсөн бүжиглэж буй хүмүүсийг, тэдний амьдралыг чи харах ёстой шүү дээ. Би тэдэн шиг л байсан юм шүү, Жеральдина.
Үнэгчлэн буйг чинь харахдаа, зүрхний чинь цохилтыг мэдрэхдээ “Хэзээ нэгэн цагт энэ хонгорхон амьтан хожим чамайг бүрэн гүйцэд таних болов уу” гэж өөрөөсөө асуудаг сан. Гэсэн ч чи намайг мэдэхгүй ээ, Жеральдина. Алс үлдсэн тэр шөнүүдэд өчнөөн үлгэр чамдаа ярьж өгсөн ч өөрийнхөө тухай үлгэрийг би огт яриагүй. Лондоны гудамжаар тэнүүчлэн, гуйлга гуйж, дуулж, бүжиглэж явсан өлсгөлөн алиалагчийн тухай үлгэр бусад үлгэрээс ч дутахгүй сонирхолтой юм шүү.
Би өлсөх гэж юу болохыг, орох оронгүй байна гэдэг ямрыг сайн мэднэ. Цээжин дотор минь буцлан буй бардамналыг бусдын шидсэн задгай зоос хэрхэн шархдуулдгийг ч мэднэ. Гэлээ ч би амьдарч байна, амьд байна.
Нэрийн чинь араас дуудагдах Чаплин хэмээх овог дөчин жилийн турш хүмүүсийг инээлгэсэн миний чамд өгөх хамгийн үнэтэй бэлэг. Хүмүүс инээх үед харин би сэтгэлдээ уйлдаг байлаа.
Жеральдина, чиний амьдарч буй энэ хорвоод хөгжим, бүжгээс өөр зүйл бас байдаг юм шүү. Асар том танхимаас шөнийн харанхуйгаар гарахдаа баян, алдартай шүтэн бишрэгчдээ түр мартаж болно, гэхдээ чамайг гэрт чинь хүргэж буй таксины жолоочоос гэргийнх нь тухай асуухаа бүү март. Эхнэр нь бие давхар, мөнгөгүй, тарчигхан амьдарч байж ч мэднэ, түүнд хэд гурван ч болтугай зоос илүү өгөөрэй.
Хааяа метро, автобусаар явж хоттой танилц, хүмүүсийг ажигла. Өнчин, ядуу, бэлэвсэн хүмүүсийг тогтоож хар. Тэгээд өдөрт нэг удаа ч болтугай “Би тэдэн шиг л хүн шүү дээ” гэж өөртөө хэл. Тийм ээ, охин минь, чи ч тэдний л нэг.
Урлаг хүнд нисэх даль жигүүр өгдөг ч, газарт гишгэх хөлийг нь тайрдаг юм шүү. Хэрэв бүх хүнээс өөрийгөө илүү гэж бодох өдөр ирвэл тайзыг орхиорой. Чамаас сайхан, чамаас гоолиг, бардам бүжигчин хаа сайгүй байгааг чи олж харна.
Би үхнэ, харин чи амьдарна. Чамайг гуйланчлал, зовлон битгий үзээсэй гэж би хүсдэг. Энэ захидалтай хамт мөнгөний дэвтэр явууллаа, хүссэнээрээ үрж зараарай. Гэхдээ хоёр франк зарахдаа гурав дахь нь чиний мөнгө биш гэдгийг санаарай. Тэр мөнгийг чамаас илүү зовж, шаналж буй хүнд очих ёстой шүү. Тийм хүмүүс хаа сайгүй байгаа, тэдэнд туслаарай. Мөнгөний ид шид, бас шулмын гэмээр их хүчийг нь мэддэгтээ л энэ тухай бичиж байна. Би циркт олон жил ажилласан, хонгилд хоног төөрүүлдэг, өнчин ядуу хүмүүсийг сайн мэднэ.
Хүндэтгэлийг зоог, очир эрдэнэ, ханхүү мэт залуус нүдийг чинь сохолж мэднэ, гэхдээ зүрх сэтгэлээ алт мөнгөнөөс бүү арилжаарай. Хамгийн том очир эрдэнэ бол бүхнийг гийгүүлэгч нар гэдгийг санаж яв. Цаг нь ирэхээр чи хэн нэгнийг хайрлана. Тэрхүү хэн нэгнийг бүх зүрх сэтгэлээрээ хайрлаарай. Би хөгшин, миний захиас инээдтэй санагдаж ч мэднэ. Гэхдээ чиний сэтгэл зүрхийг нүцгэнээр нь, элдэв чимэггүй хайрласан хүнд нүцгэн биеэ өгөөрэй.
Нулимс минь энэ захидал дээр дусахаас өмнө энэ шөнө, зул сарын шөнө гайхамшиг тохионо гэдэгт итгэхийг хүснэ. Миний хэлэх гэсэн бүхнийг чи ойлговол энэ л миний хүлээж буй гайхамшиг.
Жеральдина, Чарли өтөлж байна. Эрт орой хэзээ нэгэн цагт чи цагаан даашинзаа тайлаад гашуудлын хар өмсгөлтэй миний шарил руу ирнэ. Чамайг гуниглуулах гэсэн юм биш, гэхдээ толинд харахдаа чи миний царайг олж харах нь олширно. Чиний биеэр миний цус гүйж байгаа хойно эцэг Чарлигаа битгий мартаарай.
Би сахиусан тэнгэр байгаагүй, би хүн шиг л хүн байхыг хүсэж амьдарсан. Чи ч бас хичээгээрэй.
Үнсье охин минь.
Чарли
1965 оны арванхоёрдугаар сар.
Эх сурвалж: CCTV