
-Өмнөговь аймагт наймдугаар сарын 27-нд болсон газар хөдлөлт Улаанбаатар хотод 16-19.00 цагийн хооронд иргэдэд мэдрэгдсэн гэсэн мэдээлэл манайд ирсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
-Тийм ээ, 27-ны өдөр буюу бямба гаригийн орой Улаанбаатарын цагаар 18 цаг, 29 минут, 45 секундэнд Өмнөговь аймгийн Ханхонгор сумаас хойд зүгт 18 км газарт мэдэгдэм хүчтэй газар хөдлөлт болсон. Энэ газар хөдлөлтийн хүч нь Рихтерийн шаталбараар 5,9 магнитудтай байсан бөгөөд одоог хүртэл давталт хөдлөлтүүд болсоор байна. Энэхүү хүчтэй газар хөдлөлтийн долгион нь Улаанбаатар хотын дүүргүүдэд, ялангуяа өндөр барилгуудын оршин суугчдад мэдрэгдсэн.
-Өмнөговьд болсон газар хөдлөлт Улаанбаатрын иргэдэд хэдэн баллаар мэдрэгдсэн бол?
-Энэ газар хөдлөлт нь уг газар хөдлөлтийн төв болох Ханхонгор сум болон орчин тойрны сумдад 5-6 баллаар мэдрэгдсэн гэсэн мэдээлэл газар хөдлөлт бүртгэх “Даланзадгад” станцаас урьдчилсан байлаар ирүүлээд байна. Улаанбаатар хотын Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул, Баянгол болон Чингэлтэй дүүргүүдэд мэдрэгдсэн талаар тус бүс нутгийн оршин суугчдаас мэдээлэл ирсэн. Бид Улаанбаатар хотын дүүргүүдэд хэдэн баллаар мэдрэгдсэн талаар нарийвчилсан судалгаа хийж байна.
-Ойрын үед Улаанбаатар хотод хүчтэй газар хөдлөлт болно гэсэн мэдээлэл иргэдийн дунд болгоомжлол үүсгээд байна?
-Ер нь Улаанбаатар хотын орчимд 2005 оны дунд үеэс эхлэн газар хөдлөлтийн идэвхжилт ажиглагдаж эхэлсэн тухай бид удаа дараа танилцуулж байсан. Одоогийн байдлаар Улаанбаатар хот орчмын идэвхтэй бүс болох Эмээлт, Хустай, Гүнж, Авдар уулын хагарлууд дээр нарийвчилсан судалгааны ажлууд хийгдэж байна. Эцсийн үр дүнг хэлэх нь эрт байна. Ер нь хүчтэй газар хөдлөлт хаана, ямар хүчтэй болох талаар нарийвчилсан судалгааны үндсэн дээр хэлж болох хэдий ч яг хэдийд болох талаар богино хугацааны таамаглалыг өнөөдрийн хувьд хэлэх боломж байдаггүй.
-Нийслэл хотын барилга, байгууламж хэдэн баллын газар хөдлөлтөд тэсвэрлэх вэ?
-Манай байгууллагын зүгээс тухайн бүс нутагт болох боломжит хүчтэй газар хөдлөлтийн хэмжээ болон түүнээс үүсэх давтамж зэргийг тодорхойлж тус бүс нутаг хэдэн баллын бүсэд хамрагдахыг тодорхойлж өгдөг. Бид 2006 онд Улаанбаатар хотын Газар хөдлөлийн аюулын үнэлгээны ажил хийсэн. Энэ ажлаар нийт 100 цэгт хийсэн сейсмик шуугиан, 30 цэгт хийсэн сул газар хөдлөлтийн бичлэг болон өнгөрсөн зууны Монгол орны газар хөдлөлтийн идэвхжилд тулгуурлан магадлалын аргаар тооцоолон 1:25000 масштабтай хөрсний зонхилох давтамж болон хөрсний чичирхийллийн баллын зургийг гаргасан. Уг судалгааны ажлаар Улаанбаатар хот газар хөдлөлтийн 7-8 баллын бүсэд хамрагдан орсон байдаг. Нийслэл хотын барилга байгууламж газар хөдлөлтийн хэдэн баллын газар хөдлөлтийг тэсвэрлэх талаар барилгын талын мэргэжлийн байгууллагынхан хариу өгнө.