Үндэсний хорооны хурал болж байна

Хуучирсан мэдээ: 2011.08.29-нд нийтлэгдсэн

Үндэсний хорооны хурал болж байна

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг удирдах хүндтэй үүргийг өнгөрсөн зургадугаар сарын 30-нд Монгол Улс хүлээж авсан. Ингэснээр дээрх нийгэмлэгийг манай улс хоёр жилийн хугацаанд тэргүүлэхээр болсон юм. Энэ дагуу Засгийн газрын зүгээс хийх ажил их байгаа бөгөөд Үндэсний хорооны анхдугаар хуралдааныг одоо хийж байна. Үндэсний хорооны хуралдааныг нээж Ерөнхий сайд хэлсэн үгэндээ “Монгол Улс ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүлэх үүргийг хүлээж авахдаа тодорхой амлалт өгсөн. Түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд бүс нутгийн төвшинд маш идэвхитэй ажиллах шаардлагатай байна. Энэ асуудлыг индэр болгож ярихаас илүүтэй бодит ажил болгох талд ажиллах ёстой” гэсэн юм. Мөн Гадаад харилцааны яам, тэр дундаа Тусгай үүрэг гүйцэтгэгч нар үүрэг чиглэлийнхээ дагуу ажиллах ёстойг санууллаа. Засгийн газрын зүгээс үйл ажиллагаа явуулахад шаардлагатай хөрөнгө мөнгийг гаргах, мөн Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын төвшинд энэ чиглэлээр хийж байгаа ажил харилцан уялдаа холбоотой байх гээд олон ажлыг зангидах шаардлага бийг ч Ерөнхий сайд онцолсон юм.

Дашрамд Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг удирдах үүргийг хүлээж авахдаа иргэний нийгмийн байгууллагуудыг төлөвшүүлэх, шүүх засаглалыг шинэчлэх, ардчиллыг бүс нутагтаа түгээн дэлгэрүүлэх зэрэг хэд, хэдэн чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулахаа амласан юм.

Одоогоор Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгт 140 орчим орон харьяалагдаж байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж