Өнцөг булан бүрээс “Эрдэнэс” олж болох Бээжин

Хуучирсан мэдээ: 2018.08.07-нд нийтлэгдсэн

Өнцөг булан бүрээс “Эрдэнэс” олж болох Бээжин

Амьдарч буй газраасаа агшин хормыг цуглуулах, дурсамж бүтээх, өөрийгөө сорих, цэнэглэхийг хүсэх, хүмүүсийн олныг, газар орны уудмыг харах… Өнгөрсөн, ирээдүй хоёр мөр зэрэгцэн орших энэ хотод хийх зүйл хэчнээн их гээч? Нэг хавтгай км-т ногдох өвөрмөц, содон хоолтой зоогийн газар, тохилог орчинтой кофе шоп, цэцэрлэгт хүрээлэн, музей, Орхан  Памукийн “Хар судар” романд гардаг Алладины мухлагийг санагдуулам худалдааны гудамжууд, нүд эрээлжлэм хээнцэр, тансаг худалдааны төвүүдээрээ дэлхийд бус юм гэхэд Азид дээгүүрт орох их хөлийн газар. Уугуул оршин суугчид, гаднын орнууд, бусад мужаас зорин ирэгчид нь бүгд нийлээд Бээжингийн л гэж хэлж болох өвөрмөц уур амьсгалыг бүрдүүлэх газруудыг онцолж байна.


Хятадын үндэстний цэцэрлэгт хүрээлэн /中华民族园/

Газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд гуравдугаарт бичигддэг энэ улсад 56 үндэстэн, ястан аж төрдөг. Бидний сайн мэдэх “Шувууны үүр” буюу Олимпийн цогцолбороос баруун өмнөд зүгт холгүй орших Хятадын үндэстнүүүдийн цэцэрлэгт хүрээлэнгээс энэ оронд амьдарч буй үндэстэн, ястнуудын ахуй соёлыг харж болно. Одоогоос 20 гаруй жилийн өмнө нээгдсэн энэхүү цэцэрлэгт хүрээлэн өмнөд ба хойд гэсэн хоёр хэсэгт хуваагдах агаад үндэстнүүдийн аж амьдрал, хэл соёл, түүх, ахуйн онцлогийг харуулсан тосгодтой. Тосгон бүрт үндэстнийх нь сууц, хувцас, эрхэлдэг аж төрөл, соёл, шашныг харуулсан үзмэрүүд байдаг бөгөөд заримд нь урлагийн тоглолт ч болдог. 50 гектар талбайтай, үзэх зүйл ихтэй учир өглөөгүүр эрт очвол зүгээр санагдсан. Ямар улсад амьдарч буйгаа илүү сайн таних, үндэстэн, ястнуудынх нь соёл, сэтгэлгээг харах зуураа өвөрмөц содон байгууламж, байгалийн сайхныг толидох боломж миний хувьд тэнд олдсон юм.

Өглөө найман цагаас үйл ажиллагаа нь эхэлдэг, орох тасалбар нь 90 юанийн үнэтэй.

Хятадын шинжлэх ухаан, технологийн музей /中国科学技术馆 /

Бээжин музей олонтой. Дийлэнхийнх нь тасалбарын үнэ хямд, оюутны үнэмлэхээр давхар хямдарна, үнэгүй нь ч цөөнгүй. Би хувьдаа энд байх хугацаандаа аль болох олон газар үзэх төлөвлөгөөг музейнүүдээс эхэлсэн юм. Хамгийн тод сэтгэгдэл үлдээсэн, Бээжингийн “must see list”-энд гарцаагүй бичигдэх музей бол Хятадын шинжлэх ухаан, техникийн музей. Орчин үеийн технологи, техникийн дэвшил хаа хүрснийг, тэр дундаа Хятад ямар байр эзэлж буйг эндээс харж болох бөгөөд тэнд очоод хамгийн түрүүнд санаанд орсон үг бол “Ирээдүй энд эхэлчихэж!”

48000 хавтгай метр талбайд үзэсгэлэнгийн танхим, театр, технологийн сүүлийн дэвшлүүдийн загварууд багтах агаад музей бүхэлдээ  эртний болон орчин үеийн технологи гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Одон орон судлах эртний багаж төхөөрөмжүүд, химийн туршилт хийдэг асан хэрэгсэл сэлтүүдээс эхлээд шинжлэх ухаан, технологийн дэвшлийн түүх, хувьсал, өдийг хүрсэн замыг тэндээс мэдэж болно. Түүнчлэн дэлхий, сансар огторгуйг дүрслэн харуулсан зохиомж загвар, орчин үеийн шинжлэх ухааны онолуудыг тайлбарлан үзүүлж буй дэлгэцүүд, биологи, анагаах ухаан, тоон технологи, ахуйн техник, мультимедиа технологийн хөгжлийн шинэ соон нээлтүүдийг ч энд харж, хүрч, мэдэрч болно.

Бээжингийн Чаоян дүүрэгт байдаг, тасалбар нь 60 юанийн үнэтэй.

Нам гүм руу зугтахуй буюу Хоу Хай /后海/

Амралтын өдөр хөлд эвтэй гутлаа углаад, чихэвчээ зүүн нам гүм гудамжаар алхах, ус хараад эрэг дээр суух боломж олгодог энэ газар бол Бээжингээс олсон “эрдэнэсүүдийн” минь нэг. Их хотын дуу чимээ, хүмүүс, тасралтгүй холхих машин… Зугтмаар, залхмаар зүйл их хотод юу л мундах билээ дээ.

Сургуулийн кампусаас ердөө нэг км зайтай орших Хоу Хай бүр XIII зууны  үеийн байгууламжуудын нэг, Юань гүрний нийслэлийн хөл хөдөлгөөнт дүүрэг байсан гэдэг. Эртний хэв маягтай хуучин байшингууд, нарийхан гудамжуудаар хүрээлэгдсэн энэ нуурын эргээр зун цагт цайны мухлагууд, амттаны дэлгүүр, бэлэг дурсгал худалдаалдаг лангуунууд нээгддэг, тиймдээ ч хавар, намар, өвлийг бодвол илүү хөл хөдөлгөөнтэй болчихно. Бас оройдоо шар айраг, шорлог худалддаг газрууд дулаан цагт нээгдэж, амьд хөгжийн тоглолт ч болдог. Тэгэхээр нам гүмд дурлагсдад өдрийнх нь, цагийг хөгжөөнтэй өнгөрөөхөд оройн Хоу Хай илүү тохирохоор.

“Алладины мухлагууд”

Ногоон хурганы арьс, нохойн битүү туурай ч олдож мэдэх мухлагуудыг би хувьдаа ийн нэрлэдэг юм. Хүний санаанд оромгүй эд зүйл худалдаалдаг мухлагуудыг  Бээжингийн (бусад хотод ч гэсэн) өнцөг булан бүрээс олох байх. Чамин хээтэй модон ээмэг, Мао Зэ Дуны зурагтай төмөр аяга, алх хадуурын дүрс бүхий цэрэг малгай, хулсны баавгайн байж болох бүхий л хувилбар дүрстэй эд зүйлс, “Pink Floyd”-ийн цомгийн постер, дарсны тавиур, элдэв өнгөөр хувирах дэнлүү, В.Путиний зурагтай хөзөр, зүсэн зүйлийн шаазан хүүхэлдэйнүүд, алдартай зураачдын бүтээлийн дүрс бүхий тэмдэг, цүнх, дэвтэр…. Бээжинд байсныг тань сануулах өч төчнөөн эд зүйлс хямдхан үнээр авах, найз нөхөддөө бэлэглэх боломж олгодог гэх үү дээ. За бүр, юу ч авахгүй байлаа  гэсэн, тиймэрхүү мухлагуудаар хэсэх надад сонирхолтой санагддаг юм. Хэрэв бүр сонин содон зүйл хүсвэл хүссэн зураг, нэрээ бичүүлээд, хэвлүүлээд авч  ч болно. 798 урлагийн бүсэд байдаг мухлагуудаас чамин, креатив бэлэг, дурсгалын зүйлс, хуучны ховор пянз, цомгууд, эртний эдлэл ч олдоно.

Эх сурвалж: CCTV

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж