
Зам засварын ажлаар хязгаарласан нийслэлийн баруун чиглэл буюу 22-ын товчооны дагуух 10.6 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд Таван шарын төмөр замын гарамтай уулзвараас Сонсголонгийн уулзвар хүртэлх нэг км замын хөдөлгөөнийг хязгаарлаад байсныг өнөөдөр нээсэн байна. Уг хэсгийн замын ажлыг энэ сарын 15-нд дуусгах байсан ч цаг агаарын байдлаас шалтгаалан нээгдэх хугацааг хойшлуулж энэ сарын 24-нд нээхээр болсон. Гэвч мөн л хугацаандаа амжаагүй юм. Учир нь тус замын дагуу байрлалтай арав гаруй байгууллагын хүсэлтээр дээрх байгууллага руу орох орц, гарц гаргах нэмэлт ажил дуусаагүй гэсэн хариултыг албаныхан өгч байсан юм. Ямартай ч шинэчилж, өргөтгөсөн замыг өнөөдрөөс нээжээ.
Түүнчлэн Ажилчны гудамж болон Дарь-Эхийн замын хөдөлгөөнийг хязгаарлалт ирэх сарын 1-нд дуусах юм байна.
А.Зул