
Дэлхийн хоёрдугаар дайн хүртэл армиудад дарга нарын машин байгаагүй гэх нь юу л бол Гэхдээ тэр ажил хайш яйш тавигдсан байсан гэж болно. Дайнаар уламжлал болоод байсан дарга нарын машинууд байлдааны шинэ хэрэгслийн өмнө хэлмэгдлийн эрсдлээр их байгаа бодит байдал харагдсан билээ.Танк, хуягтууд аль эртнээс дажгүй хурдтай болсон байсан ба дарга нарын машин тал, хээрээр тэднээс холдон хөндийрч чадна гэдэг нь эргэлзээтэй болоод иржээ. Үүнээс гадна даргын машины урт их бие нь буучдын шилдэг бай болж байлаа. Зөвлөлт-Германы фронт дээр немцийн сөнөөгч онгоц штабын “эмка” машиныг хөөн сөнөөж, дайны эхний өдрүүдэд зөвлөлтийн машины “авыг” зохион байгуулалттайгаар хийж байв. Хэрэв машин онхолдсон бол түүнээс хурдан гарч зайлахад нь машины дээвэр, хаалга ихээхэн саадтай байсан гэнэ.
Дэлхийн дайн эхэлсэн анхны өдрүүдийн Франц дахь байлдаанаас харахад замууд дүрвэгсдээр дүүрч тэднийг замын хажуу, бут сөөгөөр л гүйцэн түрүүлж болох ба тэнд машин саатаж зоогдвол хаяхаас өөр аргагүй гэдэг нь тодорхой болсон байна. Шинэ хэлбэрийн, дайсны бууны онилгоонд өртөхөөргүй, илүү дутуу зүйлгүй, хаяхад харамсалтай биш “хайрцаг” л хэрэгтэй болжээ. Хаалга, дээвэргүй, дайсан гараад ирвэл хурандаа нь ч цэрэг нь ч түүнээс бут, сөөг рүү амархан зугтаж болох машин л дутаад байв.
Уг асуудлыг дайнд хараахан ороогүй, тайван шинжилгээ судалгаа хийж суусан америкчууд анхлан ойлгосон байна. Пентагон 1940 онд шинэ машины тендерийг зарлав. Хувь тавилангийн зохиолоор тендерт уригдсан 160 компаниудаас Bantam, Willys-Overland ба Ford гэсэн гуравхан нь өрсөлдөхөөр шийдсэн байна. Bantam компани хамгийн түрүүнд өөрийн хувилбар Blitzbuggy-ийг танилцууллаа. Энэ загварын үндэс болсон “багги”-гаас нэрийг нь авсан байна. Түүний дараа гарч ирсэн Fopd Pigmy ба Willys-Quad хоёр “”Бэнтам”-тайгаа нэлээд төстөй болсон юм. Харин Пентагон тэднээс виллисийн хувилбарыг сонгосон ба тэр нь авилга, танил тал харсан байхыг үгүйсгэхгүй. Магадгүй хөдөлгүүрээс нь ч болсон байж болох юм. Willys өрсөлдөгч нарынхаа 45 морины хүчтэй хөдөлгүүрийн эсрэг 60 морины хүчтэйг санал болгосон байна. Гэхдээ Америкийн улсын захиалга хэн нэгнийг гомдоохгүйн төлөө байдаг учир зарим нэг өөрчлөлт оруулсан стандартын Willys MB машиныг гурван компанийн үйлдвэрүүдийн дамжлагад тавьжээ. Хаанаас гарсан нь тодорхой биш “jееp” нэр Фордын үйлдвэрийн бүтээгдэхүүн Ford GP, GPW загваруудад “наалдсан” байв. Цыганы бүхээгтэй тэрэгтэй төстэй байснаас ч энэ нэр гарсан байж магад. Цыгануудыг англиар jeep гэдэг шүү дээ. Өөр хувилбарууд ч байдаг.
Дашрамд дурдахад, энэ машины өрсөлдөгч немцүүдэд байсан юм. Ард түмний авто гэх “цохын” оронд Volkswagen-ний аварга үйлдвэрт үйлдвэрлэж байсан Kubelwagen машинаар Англи, Францын арми, Грек, Бельги, Польшийн анги нэгтгэлүүд тоноглогдсон байжээ.
“Хаанаас гарсан нь тодорхой биш “jееp” нэр Фордын үйлдвэрийн бүтээгдэхүүн Ford GP, GPW загваруудад “наалдсан” байв.”
Дайны дараа жийп НАТО-гийн ихэнх орнууд ба Ойрхи Дорнод, Зүүн-өмнөд Ази, Америк, Африкийн олон армийн зэвсэглэлд байсан билээ. Америкчууд дайны дараа олон орнуудад жийпээ актлан хэдэн зуугаар нь хаяж байлаа. Ленд-лизийн гэрээгээр эдгээр машинуудыг дайны дараа буцаан тушаах ёстой байсан юм. Америк өөрөө тэднийг буцаан авахаас илүүтэйгээр өөрсдийнхөө жийпүүдээс салах гэж зовж байлаа. “Виллис” урт удаан хугацаанд Италийн карбинерүүдын (цагдаа) унаа байсан ба радитортаа урт зураастай тэр машин Италийн неореализмын олон кинонд дүрээ үлдээсэн юм.
Улаан армид ленд-лизийн шугамаар нийлүүлэгдэж байсан энэ машин цэргийн дарга нарын дуртай унаа нь болж чадав. Оросын цаг агаарын нөхцөлд задгай машин өөрийн дутагдалтай байсан ч бодит тулалдааны талбарт түүний үүрэг маш чухал байлаа. Ойрхон дэлбэрэлт боллоо гэхэд сууж явсан хүмүүс нь цацагдан хаягдаж аврагдах боломжоор өндөр. Хэдэн зуун тулалдаан, хэдэн арван кинонд агуу эх орны дайны жийпүүд мөнхжин үлджээ. Дайны явцад оросууд жийпийг хуулбарласан ГАЗ-64 машиныг хийсэн байна.
Америкийн армийн жижиг ангийн “байлдааны машин” нь Willys MB болсон байна. Тэр машинд пулемёт, жижиг их буу, эмнэлэгийн носилки, заримдаа төмөр замаар явах дугуй хүртэл тавигдан ашиглагдаж байлаа. Харин Willys MB US Navi гэсэн тусгай зориулалтын бүтэн хагас мянган жийпүүд арай өөр түүхтэй. Тэднийг флотод зориулан хийсэн байв. Онгоц тээгч хөлгийн өргөн урт тавцнаар тэр машинууд нисэх онгоцны зэвсгийг зөөж, техникүүдийнх нь унаа болсон байжээ. Онгоц тээгчийн тавцнаар явах нь зориулсан тусгай дугуйтай байсан юм. Далайн салхи шуурганаас хамгаалан тэднийг целлулоид цонхтой брезентэн бүтээлэгтэй болгосон байв. Хаалга нь цахилгаан товчтой. Үүнээс гадна өмнөх бамперт нь нэг тонн ачаа чирэх татуургын тусгай төхөөрөмжийг тавьсан байжээ. Төмөр тросийг баруун жигүүрт нь бэхэлсэн байв. АНУ дэлхийн хоёрдугаар дайны үеэр хэдэн арван нисэх онгоц зөөгч хөлөгтэй болж амжсан юм.
Willys MB сонгодог жийп нь бүрэн мацалттай, хөдөлгүүр нь урдаа байдаг автын сонгодог бүтэцтэй. Дөрвөн цилиндрийн 2199 шоогийн ажлын эзлэхүүнтэй, 54 морины хүчтэй, минутад 3600 эргэлтэй хөдөлгүүрийг энэ машины урд нь хөндлөнгөөр байрлуулсан байв. Дайны туршид түүний хөдөлгүүр хэвээр үлдэн шинэчлэлд ороогүй юм. Хурдын хайрцаг нь гурван шатлал мөн хоёр ба гуравдугаар арааны дамжуулгатай зэрэгцүүлэн зохицуулсан урд дугуйны мостын хоёр шатлалын төхөөрөмжтэй байв. Телескопийн амортизатортой хагас нуман рессорт нь хоёр мостыг бэхэлсэн байжээ. Тормоз нь дөрвөн дугуйндаа шингэн шахалттай байлаа.
Willys MB бүрэн ачаатайдаа 1270 кг жинтэй бөгөөд засмал замаар цагт 104 километрийн хурд үзүүлнэ. Шатахууны зарцуулалт нь 100 километрт 70 октаны тоотой 14 литр бензин болдог байна. Хагас метрийн өндөртөй гармаар гол гатална. Тусгай төхөөрөмж тавихад бүтэн хагас метрийн төвшинтэй усаар туулж чаддаг. “Багги”-ийг суусан шавраас нь татан гаргахад хажуугийн бариулууд таслахаас гадна зүүн хажууд нь хүрз, сүх бэхлэсэн байв. Дайн дуустал нийт 350 430 Willys MB, 277 869 Ford GPW-ийг тус тус үйлдвэрлэжээ. Британийн арми 104 430 машин, Улаан арми 50501 , Францын арми 9736 машиныг тус тус авсан байв.
Ш.Мягмарсамбуу