АНУ-ын Массачусетс мужийн Лоуэллийн их сургуулийн мэргэжилтнүүд зөрүүд, тогтворгүй зан ааштай, сэтгэл гутралд орсон хүүхдийн хүнсэнд омега-3 хүчил түлхүү хэрэглэхийг зөвлөж байна. Судлаачид хэсэг хүүхдэд өдөр тутам Омега-3 хүчлээр баялаг ундаа уулгаж, нөгөө хэсэг хүүхдэд ердийн жимсний жүүс уулгаж туршжээ. Туршилтын хугацаанд хүүхдүүдийн зан ааш тодорхой хэмжээгээр өөрчлөгдөж, хүчлээр баялаг хүнс хэрэглэж байсан хүүхдүүд илүү найрсаг, тайван, нөхөрсөг болсныг онцолж буй.
Омега-3 хүчлийг хүнсэндээ тогтмол хэрэглэж байсан хүүхдүүдийн гэр бүлийн дотоод уур амьсгал илүү сайжирч, эцэг эх, асран хамгаалагчдынх нь сэтгэлзүйн ачаалал, дарамт багассаныг судалгаанд мөн дурджээ.
Бага насны хүүхдүүд зөрүүдлэх, хэдэрлэх, эргэн тойрны хүмүүстэйгээ ширүүн харьцах зэрэг нь нийгэм, хүрээлэн буй орчин, гэр бүлээс нь хамаарах ч нөгөө талаас биед нь шаардлагатай аминдэм, хүчил, эрдсүүд дутагдсаных байж болно гэж судалгааны багийн ахлагч Жилл Портной ярьсан байна.
Эх сурвалж: CCTV