Долоо хоногийн онцлох үйл явдал

Хуучирсан мэдээ: 2018.08.05-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн онцлох үйл явдал

Долоо хоногийн онцлох үйл явдал

-News агентлаг өнгөрч буй долоо хоногт өрнөсөн үйл явдлын сурвалжлага, тодруулгыг тоймлон хүргэж байна-


ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ’ ЭЕРЭГ МЭДЭЭЛЭЛ ӨГӨВ

“Эрдэнэс-Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг 2018 оны хагас жилийн тайлангаа өнөөдөр /2018.07.30/ танилцуулав.

“Эрдэнэс-Тавантолгой” компанийн хагас жилийн тайлан эерэг дүнтэй гарчээ. Тус компани 2018 он гарсаар 6,9 сая тонн нүүрс экспортолж, 953 тэрбум төгрөгийн орлого олсон байна. Энэ нь 2018 онд олох ёстой нийт борлуулалтын орлогын 78 хувьтай тэнцэж байгаа аж. Үүнээс татвар хураамж байдлаар 216,5 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ. Ингэснээр энэ оны эхний хагас жилд 373,3 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олсон гэж “Эрдэнэс-Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг тайландаа онцоллоо.  

Компанийн санхүү төсөв эерэг дүнтэй гарсан тул зарим төсөл хөтөлбөрөө өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх ‘бяд’-тай болсон гэв.

“Эрдэнэс-Тавантолгой” компанийн орлогын гол эх үүсвэр бол нүүрс байдаг. Тэр утгаараа “Чалко Трейдинг Хонгконг” компанитай хэлэлцээр хийж, нүүрсний суурь үнийг 61 ам.доллар байхаар гэрээндээ тусгуулсан байна. Ингэснээр дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ 61 ам.доллараас доош орсон ч “Чалко Трейдинг Хонгконг” компанид 61 ам.доллараар нүүрсээ нийлүүлэх нөхцөл бүрдсэн байна. Харин нүүрсний үнэ 61 ам.доллараас дээш өссөн тохиолдолд тухайн өссөн ханшаар нүүрсээ нийлүүлэх аж. Хоёрдугаарт, баруун цанхийн нүүрсний суурь үнийг 70 ам.доллараар тогтоожээ.

Эдийн засгийн статистик үзүүлэлтээс гадна ажилчдын нийгмийн асуудалд ахиц гарсан гэв. Тухайлбал, ажилчдынхаа үндсэн цалинг 21 хувиар өсгөсөн, шөнийн цагийн нэмэгдлийг тав дахин нэмсэн, хөдөлмөр аюулгүй байдлын урамшууллыг 15 хувьд хүргэсэн гэх мэт таатай мэдээллийг Б.Ганхуяг захирал дурдав. 

ДЭЛГЭРЭНГҮЙ


ТУРКЭД СУУГАА ЭЛЧИН САЙД Р.БОЛДЫГ ДУУДАВ

Өнгөрсөн долоо хоногт “Улаанбаатар Эмпати” сургуулийн захирал Вейсел Акчайг хулгайлахыг завдсан хэрэг гарсан. Одоогоор энэ асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байна. Харин Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа тул байр сууриа илэрхийлэх боломжгүй гэдэг хариуг хэвлэлийнхэнд өгсөн. Тэгвэл Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсаас Турк улсад суугаа Элчин сайд Р.Болдыг эх орондоо дуудсан гэх мэдээлэл байна. Түүнийг дуудсан шалтгаан нь тодорхойгүй ч Вейсел Акчайг хулгайлахыг завдсан энэ цаг үетэй давхцаж байгаа нь хачирхалтай.

Үүнээс гадна Монгол Улсын Засгийн газраас Монгол дахь Туркийн Элчин сайдын яам, Туркийн Гадаад харилцааны яам руу ноот бичиг илгээж Монгол Улсын нутаг дэвсгэр дээрээс хүн хулгайлахын завдсан хэрэгт тайлбар нэхсэн билээ. Гэсэн ч Туркийн Гадаад хэргийн яам, Монгол дахь Туркийн Элчин сайдын яам үүнд ямар ч хамааралгүй гэдгээ мэдэгдсэн юм.  


-МАН: М.ЭНХБОЛД, Ц.САНДУЙ, А.ГАНБААТАР НАРТ ХАРИУЦЛАГА ТООЦНО-

МАН-ын Хяналтын хорооны хурал өнгөрсөн долоо хоногт хуралдлаа. Хуралдаанаар нийт дөрвөн асуудал хэлэлцсэн бөгөөд энэ талаар Хяналтын хорооны дарга Д.Батбаатар мэдээлэл хийв.

Хяналтын хорооны хурлаар хэлэлцсэн эхний асуудал бол “60 тэрбумын бичлэг”-тэй нэр холбогдсон Ц.Сандуй, М.Энхболд, А.Ганбаатар нарт ёс зүйн хариуцлага тооцох эсэх асуудал байв. Энэ асуудлыг МАН-ын Ёс зүйн хорооноос оруулж ирээд, Хяналтын хороо эхний асуудал болгон хэлэлцсэн байна. Ингээд  Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг намын Бага хурлын гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг харьяа намын байгууллагад нь тавихаар болжээ. Харин УИХ-ын дарга М.Энхболдод ёс зүйн хариуцлага тооцох асуудлыг Удирдах зөвлөлд танилцуулна гэж МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатар хэллээ. Мөн тэрбээр “60 тэрбумын бичлэг” дээр бичигдсэн яриа амьдрал дээр хэрэгжээгүй ч намын нэр хүндийг унагаасан эдгээр хүмүүст хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзсэн. Цаашид 60 тэрбумын бичлэгээр улс төр хийх нь явуургүй болсон гэдгийг онцолсон юм. 

ДЭЛГЭРЭНГҮЙ


Г.БАЯСГАЛАНГ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГААР ТОМИЛЛОО

Засгийн газрын ээлжит хуралдаан лхагва гаригт /2018.08.01/ болж өндөрлөлөө. Хуралдаанаар  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар Г.Баясгаланг томиллоо.

Тэрбээр өмнө нь Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байсан юм.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.Солонго Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон тул уг албанд ажиллах хүний сонгон шалгаруулах хүсэлтийг Засгийн газраас Төрийн албаны зөвлөлд тавьсан байсан. Сонгон шалгаруулалтад дөрвөн хүн нэрээ дэвшүүлэн өрсөлдсөнөөс Г.Баясгалан хамгийн өндөр оноо авсан тул Төрийн албаны зөвлөлөөс өчигдөр нэрийг нь Засгийн газарт мэдүүлсэн билээ.

Ийнхүү Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа томилгоог хийлээ. Одоо харин Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албыг хэн хаших вэ гэдэг сунгаа явах болж байна.

ШИВЭЭХҮРЭН-СЭХЭЭ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫГ ИРЭХ ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛНА

Засгийн газрын хуралдаанаар үерийн улмаас Баян-Өлгий аймагт гамшгийн байдал бий болсонтой холбогдуулан иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, далан барих шийдвэр гаргасан. Мөн тус аймагт 80 гэр хуваарилах, эмнэлгийн яаралтай тусламжийн авто машины асуудлыг шийдсэн тухай Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар мэдээлэл хийлээ.

Үүнээс гадна Шивээхүрэн-Сэхээ хилийн боомтын төмөр замын барилгын ажлыг 2019 онд багтаан ашиглалтад оруулах чиглэлээр салбар салбарын сайд нар үүрэг даалгавар өгсөн. Энэ чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор тээврийн зардал 3-4 дахин буурч, төсөвт төвлөрүүлэх татварын хэмжээ 800 тэрбум төгрөг хүртэл өсөх, экспортын хэмжээ 3-4 дахин нэмэгдэх тооцоолол гарсан. Цаашид Тавантолгойн 30 хувьд IPO гаргах асуудалд гаднын мэргэжлийн зөвлөх компанитай хамтарч ажиллах чиглэл өгсөн” гэв.

Үүнээс гадна “Өмнийн говь” эрчим хүчний төслийн хүрээнд ‘Оюутолгой’ компани үйлдвэрлэлийн цахилгааны хангамжаа дотоодоос авах тухай яриа хэлэлцээр явагдаж байна. Монголын талаас цахилгаан станцыг Тавантолгой дээр байршуулах ёстой гэдэг байр сууриа илэрхийлсэн гэдгийг онцлов.


ЭХЭМҮТ ХҮҮХДЭД БҮДҮҮН ГЭДСЭЭР УЛААН ХООЛОЙГ НЬ ОРЛУУЛАХ ХАГАЛГААГ АМЖИЛТТАЙ ХИЙЖЭЭ

Сүүлийн жилүүдэд бага насны хүүхдүүдэд төрөл бүрийн хүнд өвчин, эмгэг ихээр оношлогдох болсон. Тэр дундаа  хортой, хоргүй хавдар болон төрлөхийн гажиг зэрэг хүнд төрлийн өвчин ихээр оношлогдох болжээ.

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд /ЭХЭМҮТ/  2014 оноос тандалт судалгааны алба ажиллаж эхэлсэн байна. Тэрхүү албанаас гаргасан мэдээгээр 2014-2016 онд гэхэд улсын хэмжээнд хорт хавдрын 320  тохиолдол хүүхдэд шинээр оношлогдсон аж. Ийн төрлөхийн хөгжлийн гажиг дотроо зүрхний төрлөхийн гажиг, бөөр шээсний замын эмгэг, элэг ходоод цөсний замын төрлөхийн хөгжлийн гажгууд ихсэх хандлагатай байгаа гэж албаны хүмүүс хэлж байсан юм. 

Тэгвэл JCI Монгол байгууллагын санаачлагаар ЭХЭМҮТ-тэй хамтран хэрэгжүүлдэг ‘SAVE LIFE’ төслийн гуравдугаар шатанд Нярайн мэс заслын дараах тасгийн байрыг өргөтгөж, их засварын ажлыг хийж гүйцэтгэн лхагва гаригт /2018.08.01/ хүлээлгэн өглөө. Мэс заслын дараах энэхүү тасгийн өргөтгөлийн ажлыг хийхэд нийтдээ 120 орчим сая төгрөгөөр гүйцэтгэсэн байна. Энэхүү төслийн нэгдүгээр шатанд ЭХЭМҮТ-тэй хамтран 2015 онд  дутуу нярайн эрчимт эмчилгээний тасагт иж бүрэн засвар хийж олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмжийг суурилуулж байсан байна. Төслийн хоёрдугаар шатанд нярайд зориулсан хагалгааны иж бүрэн тоног төхөөрөмжийг хандивлаж тусгайлсан мэс заслын өрөөтэй болгожээ.

ДЭЛГЭРЭНГҮЙ


 

БАГА НАСНЫ ХҮҮХДЭД ШИНЭ ТӨРЛИЙН ӨВЧИН ИЛЭРЧ БАЙНА

Эхийн сүү нь хүүхдэд тохирох хамгийн төгс байгалийн хүнс гэдэгтэй дэлхийн эрдэмтэд нэгдээд байгаа. Энэ утгаараа хүүхдийг зургаан сар хүртэл нь эхийн сүүгээр дагнан хооллохыг зөвлөдөг. Эхийн сүүгээр дагнан хооллолт Монголд 90 хүртэлх хувьтай байсан бол орчин үед 47 хүртэлх хувьтай болж буурчээ. Үүнд эхийн сүү орлуулах бүтээгдэхүүн импортоор их хэмжээгээр орж ирэх болсон нь нөлөөлсөн аж. Хамгийн гол нь импортын энэ өсөлтийг дагаад бага насны хүүхдийн шинэ төрлийн өвчлөл илэрч, нэмэгдэх болсон байна. Тиймээс Нялх балчир хүүхдийн хүнсний тухай хууль батлагдаж, өнгөрсөн жилийн долдугаар сарын 1-нээс эхлэн мөрдөх болсон юм. Хуулийг танилцуулах уулзалт өнөөдөр /2018.8.1/ боллоо. Үүнээс өмнө хүүхдийн сүү, тэжээл импортлогчдод гурван удаа сургалт зохион байгуулж, уг хуулийн зүйл бүрийг тайлбарласан ажээ.

ДЭЛГЭРЭНГҮЙ


 

‘УСНЫ УНДАРГА ДЭЭР БАРИГДСАН ТУЛ СОРУУЛААД Ч НЭМЭР АЛГА’

Борооны ус шагайгаар татна, гарааш тэр чигтээ усанд автжээ. Гараашийн орох хэсэгт шуудайтай элс овоолсон байх бөгөөд усыг соруулах ажил ид дундаа өрнөж байлаа. Гараашийн хаалга хэсэгт өвдөг хэртэй ус татсан байдал ажиглагдлаа. Эргэн тойронд харанхуй бүчиж, тогтоол усанд алхахад бэрхшээлтэй аж. Энэ бол 115-р сургуулийн ойролцоох UB TOWN хотхоны 56 В байр юм. 

Биднийг өчигдөр /2018.07.30/ 14.00 цагийн орчимд очиход тус байрны гараашд тунасан усыг соруулах ажил үргэлжилж байлаа. 

Цахилгаанчин бололтой 50 эргэм насны эр “Усархаг борооны дараа 10 хоног нойр, хоолгүй ажиллалаа. Доороосоо усны ундаргатай учраас хэдэн ч удаа соруулаад нэмэр болсонгүй. Ус урсаад л ороод ирэх юм. Энэ хавийн айлууд долоо хоног тоггүй байсан. Өчигдөр оройхон хэрэглээний тог ирлээ” хэмээн бухимдангуй ярилаа.

Одоогоос хэд хоногийн өмнө Улаанбаатар хотод орсон борооны улмаас Хан-Уул дүүргийн 11,15-р хорооны зарим орон сууцны гарааш усанд автжээ. Тодруулбал, Удирдлагын академи, 115 дугаар сургууль орчим байрлах 40 гаруй орон сууцны доороос ус нэвчиж байна гэх дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт ирж, тэр дагуу албаныхан ажилласан байдаг. 

ДЭЛГЭРЭНГҮЙ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж