ОХУ-ын иргэн, АНУ-ын жүжигчин Стивен Сигал ОХУ-ын Гадаад хэргийн яамны Орос-АНУ-ын хүмүүнлэгийн харилцааны асуудал хариуцсан тусгай төлөөлөгчөөр томилогджээ. Энэ тухай ОХУ-ын Гадаад хэргийн яам фейсбүүк хуудсаар дамжуулан мэдээллээ.
“Стивен Сигал ОХУ-ын Гадаад Хэргийн яамны Орос-АНУ-ын хүмүүнлэгийн харилцааны асуудал хариуцсан тусгай төлөөлөгчөөр томилогдлоо. Түүний үүрэг бол соёл, урлаг, олон нийт болон залуучуудын солилцоо зэрэг хүмүүнлэгийн салбарт ОХУ-АНУ-ын харилцааг цаашид хөгжүүлэхэд оршино” гэж албан ёсны мэдээлэлд дурджээ.
Өөрөөр хэлбэл, тэрбээр мөнгөн шагналаар илэрхийлэгдэхгүй нийгэм-улс төрийн албан тушаалд томилогдлоо.
Олон улсын практикт Сигалийн албан тушаалыг НҮБ-ын сайн санааны элч нартай харьцуулж болно.
Энэ асуудлаар АНУ-ын Төрийн департамент ямар нэгэн тайлбар хийхээс татгалзжээ.
Сигал 2016 оны арваннэгдүгээр сарын 3-нд ОХУ-ын иргэн болсон юм.
Өмнө нь тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай ганцаарлан уулзах хүсэлтэй байгаа тухай ярьж байсан. Мөн тэр ОХУ-ын хууль сахиулах албанд орох хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан ажээ.
А.АНИР