Хүй долоон худагт даншиг наадам өргөн болж байна

Хуучирсан мэдээ: 2018.08.04-нд нийтлэгдсэн

Хүй долоон худагт даншиг наадам өргөн болж байна

Хүй долоон худагт даншиг наадам өргөн болж байна

Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй “Даншиг наадам- Хүрээ цам 2018” наадам Хүй долоон хутагт үргэлжилж байна.

Анх 1639 онд даншиг наадмыг хийж, түүнээс хойш 1923 он хүртэл тасралтгүй тэмдэглэж иржээ. Даншиг гэдэг нь Монголоор “Бат-Оршил” хэмээх утгатай бөгөөд монголчуудын шашин, төрийн их ёслолыг багтаасан утга агуулгатай аж.

Хүй долоон худгийн зүлэг ногоон дэвжээн дээр Очирваань бурханы хөргийг, Өндөр гэгээн Занабазарын баримлын хамтаар залжээ. 

Даншиг наадмыг эхлүүлэхийн өмнө Гандантэгчинлэн хийдийн соёмбот тугийг залж, дараа нь Монголын бурхан шашинтны төв, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба, гавж Д.Чойжамц, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Батболд нар үг хэлж, нээлтийн үйл ажиллагааг эхлүүлсэн юм.

Энэ үеэр Д.Чойжамц хамба “Хүн арван цагаан буян хийж, хийсэн буянаа дагаж явбаас үйлс бүтнэ. Даншиг наадам нь Монголын ард түмний эв нэгдэл, соёл уламжлалыг даяарчлалын үед хадгалан үлдэх чухал арга хэмжээ юм. Даяар олны энх амгаланг хөхүүлэн дэмжих, ард түмнийхээ эв нэгдлийг бадраахад наадмын утга учир оршиж байна” хэмээн онцлон тэмдэглэсэн бол Хотын дарга С.Батболд “Хүй долоо худгийн зүлэг ногоон дэнж дээр өнө эртнээс улбаалан, өвөг дээдсээс маань уламжлан ирсэн, Монгол түмний минь агуу түүх, өв соёлыг тээсэн “Даншиг наадам -Хүрээ цам  2018” наадмын үйл ажиллагааг эхлэх гэж байна.  Энэхүү наадам нь утга агуулга,  дэг жаяг,  түүх соёл, шашин уламжлал талаасаа  жуулчид, түүхчид,  судлаачдын анхаарлыг татдаг төдийгүй   ирээдүй хойч үедээ   ч таниулан ойлгуулах  гайхамшиг юм. Даншиг наадам нь нөгөө талаас  Монголчуудын тусгаар тогтнолынхоо төлөө уулзах, бие даасан байдлаа мэдрэх  зэрэг олон үндсэн шалтгаанууд болж  байсныг ч  түүхчид  тэмдэглэсэн байдаг.

“Даншиг наадам -Хүрээ цам “ нь  монголчууд бидний түүх, соёл, уламжлалыг  хадгалдагаас гадна  Их хүрээ, Нийслэл хүрээ гээд   хөгжлийн явцдаа оноосон нэрээ хэдэнтээ өөрчилсөн  өнөө цагийн  Улаанбаатар хотын  түүх  юм. Тиймээс  Нийслэлийн Засаг даргын тамгын газар,  Монголын бурхан шашны төв Гандантэгчилэн хийдтэй  хамтран  энэхүү наадмыг  зохион байгуулдаг уламжлал тогтоод байна. Хүй долоон худгийг зорин ирсэн наадамчид, мөргөлчид, жуулчид та бүхэн маань  Очирваань бурханаа дээдлэн шүтэж, их тахилга,  хүрээ цамын хуралд оролцож, буян хураахын зэрэгцээ Гандантэгчинлэн хийдийн ховор нандин шүтээн үзвэрүүдийг үзэх  боломжтой.” гэж хэлсэн юм.

Мөн энэхүү арга хэмжээний дараа Очирваань бурханыг тахиж, урлагийн тоглолт болов. Хүчит бөхийн барилдаан ч эхлээд байгаа. Нийт 256 бөх барилдаж байна. 

Даншиг наадмын эргэн тойрон дахь үйл явдлыг гэрэл зургаар сонирхуулъя.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж