Вэйсел Акчайг хулгайлахыг завдсан хэрэгт гишүүд юу хэлэв?

Хуучирсан мэдээ: 2018.08.04-нд нийтлэгдсэн

ВЭЙСЕЛ АКЧАЙ

Вэйсел Акчайг хулгайлахыг завдсан хэрэгт гишүүд юу хэлэв?

Вэйсел Акчайг хулгайлахыг завдсан хэрэгт гишүүд юу хэлэв?

Турк, Монголын хамтарсан “Улаанбаатар эмпати” сургуулийн захирал Вэйсел Акчайг хулгайлахыг завдсан хэрэг болж, өнгөрснөөс хойш долоо хонож байна.

Хэргийг Эрүүгийн цагдаагийн газар шалгаж байгаа бөгөөд Монгол Улсаас Турк улсад суугаа Элчин сайд Р.Болдыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар дуудсан тухай мэдээлэл хамгийн сүүлд цацагдсан. Тэгвэл Монгол Улсын нутаг дэвсгэрээс хүн хулгайлахыг завдсан эл хэрэгт УИХ-ын гишүүд ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.


Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

Энэ хэрэгтэй холбоотойгоор хүмүүс янз бүрийн л өнцгөөр дүгнэн ярилаа. Тухайлбал, Туркийн иргэнийг хулгайлах нь бидэнд ямар хамаатай юм, иргэнээ аваад явна уу, байна уу гэх мэт зүйлийг ярьж байна. Ийм ойлголтоор асуудалд хандаж болохгүй. Монгол гэдэг тусгаар тогтносон, хуультай, Засаг төртэй улс мөн юм бол Монгол Улсын нутаг дэвсгэр халдашгүй байх ёстой. Юун тэр гадаадын онгоц буугаад гадаад, дотоод нь байна уу хамаагүй, хүн битгий хэл мал ч хулгайлах эрхгүй.

хүний эрхэд халдана гэдэг ноцтой үйлдэл. Тэр тусмаа ардчилсан Үндсэн хуультай, ардчилсан улсад ийм зүйл огт байж болохгүй. Монгол Улсын халдашгүй байдлаас эхлээд маш олон хууль зөрчигдлөө. Хэрэв дээрх хэрэг нотлогдвол хэн нэгэн заавал хариуцлага хүлээх ёстой. Тэр битгий хэл турк иргэнийг хулгайлсан гэх хэрэгтэй холбоотой асуудлаар УИХ-ын чуулганаар нээлттэй сонсгол явуулах шаардлагатай гэж харж байгаа. Зарим хүмүүсийн ярьж байгаагаар хүн худалдсан байх магадлалтай асуудлыг хэлж байна.

УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Л.Болд:

Монгол Улсад ардчилал, хүний эрхийн хамгаалал байдаг уу гэсэн асуултад олон улсын хэмжээнд багахан ч гэсэн хариулт өгөх гэнэтийн үйл явдал болж өнгөрлөө. Өнгөрсөн баасан гаригт турк багштай холбоотой асуудал дээр олон нийт, хэвлэл мэдээлэл, сошиал орчны идэвхтнүүдээс өгсүүлээд Монголын төр засаг, нийгмийн тогтолцоо маш шуурхай ажилласан гэж дүгнэж болно. Тухайн өдөр УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд энэ талаар маш олон асуулт, шаардлага ирсэн. Тиймээс би өөрийн биеэр “Чингис хаан” нисэх онгоцны буудалд ажилласан. Өөрийн биеэр очихгүйгээр хэн нэгэн албаны хүнээс утсаар асууж, тайлбар авах байдлаар асуудалд хандах нь цаг алдах эрсдэлтэй байсан л даа. Асуудлын хүрээнд холбогдох төрийн байгууллагууд, Гадаад харилцааны яамнаас ч шуурхай ажилласан нь талархалтай. БНТУ-ын ЭСЯ-ны дипломат ажилтныг дуудаж уулзан Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хүн хулгайлсан гэх үйлдэл үнэн бол Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг ноцтой зөрчсөн, уучилж болшгүй үйлдэл болох бөгөөд Монгол Улс эрс эсэргүүцнэ гэдгийг албан ёсоор мэдэгдэж, тайлбар авсныг бүгд харж байсан. Аль ч тусгаар улсын төр хийх л ёстой байсан арга хэмжээг Гадаад харилцааны яам шуурхай авч ажилласан. Эцэст нь Монгол Улс хүний эрхийг хамгаалдаг, ардчилсан улс орон юм байна гэдгийг олон улсын хэмжээнд дүгнэлээ шүү дээ. Өөр хэд хэдэн улс оронд иймэрхүү эргэлзээ дагуулсан үйл явдал болоход хүний эрхийг төдийлөн хангаж чадаагүй гэсэн мэдээллийг хэвлэлүүдээс уншсаны дараа Монголтойгоо харьцуулаад харахад таатай л санагдаж байна лээ. Гэхдээ ингээд санаа амарч болохгүй, ард нь үүсэх өч төчнөөн асуудал бий л дээ.

Тэр бол Туркийн ерөнхийлөгчийн Тамгын газарт бүртгэлтэй, дипломат шугамаар дамжин өнгөрөх хүсэлтэй, дипломат паспорттай нисгэгч, экипажтай онгоц байсан. Мөн экипажийн багаас гадна дөрвөн хүн тэр онгоцонд байсан. Гэхдээ тэд хэн гэдэг, ямар учиртай хүмүүс болохоо хэлж Монгол Улсад бүртгүүлэх, паспортаа үзүүлж хуулийн дагуу орж, гарах үйл явц хийлгээгүй. Шалгаж үзэх гэхээр эсэргүүцсэн юм билээ. Засгийн газар энэ үед маш шуурхай арга хэмжээ авч ийм эргэлзээтэй байдалд уг онгоцыг түр саатуулах арга хэмжээг тухайн үед авсан.

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг:

Нэгд, гадаад улсын тусгай алба Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг оролдсон уу үгүй юу, тэгсэн бол тэр нь хууль номын дагуу хийгдсэн үү үгүй юу гэдэг хоёр улсын хоорондын улстөр-дипломат харилцааны асуудал.

Хоёрт, Монгол дахь турк сургуулиудын асуудал хөндөгдөнө. Үнэхээр Туркийн Засгийн газраас манай талд хандаж удаа дараа үйл ажиллагааг нь зогсоож хаахыг шаардсанчлан гаднын террорист байгууллагыг санхүүжүүлдэг сүлжээний сургуулиуд, холбоотнууд, нөхдүүд энүүгээр байгаа юм биш биз гэдэг хардлага.

Эхнийхэд Туркийн тал бүх үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан гээд мэдэгдчихсэн, хууль номын дагуу бол манай улсын нүд чих болдог тусгай хүчний байгууллага мэдсэн, оролцсон байх магадлалтай байдаг, гэтэл төр засгийн удирдлагууд маань мэдээлэлгүй байдаг. Хэрэв манай тагнуулын байгууллага оролцоогүй, мэдээгүй гэвэл ийм ноцтой асуудал хамар доор нь болоод байхад нөхдүүд ажлаа яаж хийгээд байгаа юм бэ гэдэг асуудал босноо доо. Ямартай ч энэ бол хоёр орны хоорондын харилцаанд нэлээд төвөгтэй байдал үүсгэчихэв үү дээ гэж хардагдахаар болоод байна.

Монгол Улсын хууль дүрмийг зөрчөөгүй бол хүний эрх талаас нь ижил тэгш харьцаад хандаад явах нь зүйн хэрэг. Харин тухайн улс нь энэ хүнийг буруутай гэж үзээд, нутагтаа аваачих болсон бол хоёр улсын хоорондох гэрээ хэлэлцээр, олон улсад мөрдөгддөг журам дүрмийнхээ дагуу яриа хөөрөөгөө хийгээд л, ажиллагаагаа явуулаад аваад явах ёстой. Үнэхээр гаднын террорист байгууллагын сүлжээний хүн мөн эсэхийг нь мэдэхгүй байж хэт өмөөрөөд, цагаан тагтаа болгоод, эсвэл хэт харлуулаад хойт талын хар овоохой болгоод байх хэрэггүй л гэж хэлэх гээд байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж