Данийн В.Аксельсен тэмцээнээ өндөрлүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.08.04-нд нийтлэгдсэн

Данийн В.Аксельсен тэмцээнээ өндөрлүүллээ

Данийн В.Аксельсен тэмцээнээ өндөрлүүллээ

Бадминтоны 2018 оны ДАШТ-ний холимог хос болон эрэгтэй, эмэгтэй хосын төрлүүдийн медалийн төлөөх тоглолтууд эхэлсэн бол ганцаарчилсан хагас шигшээ тоглолтууд мөн өнөөдөр болно. Эрэгтэй ганцаарчилсан төрөлд дэлхийн чансааг тэргүүлэгч Риогийн олимпийн хүрэл, өнгөрсөн оны дэлхийн аварга Данийн В.Аксельсен хагас шигшээд үлдэх эрхийн төлөө Хятадын шилдэг тамирчин, Риогийн олимпийн алт, Лондонгийн олимпийн хүрэл, ДАШТ-ний хошой алт, 1 хүрэл медальт Чен Лонтой тоглож 19-21, 11-21 харьцаатай хожигдож тэмцээнээ өндөрлүүлсэн байна.

Дани залууг буулгаж авсан Чен Лон хагас шигшээд нутаг нэгт залуу тамирчин Ши Үчитэй тоглоно. Хоёр тамирчны ялсан нь аваргын төлөө шалгарч үлдэх бөгөөд Чен Лон 3 дахь удаагаа финалдах бол Ши Үчи анх удаагаа дэлхийн аваргын финалд шалгарах юм.

Эмэгтэй ганцаарчилсан төрөлд Риогийн олимпийн алт, дэлхийн хошой аварга Испаний К.Марин БНХАУ-ын Хэ Бинжиаотой тоглох бол Энэтхэгийн шилдэг тамирчин П.Синдхи Японы А.Ямагүчитай тоглоно.

Хагас шигшээ тоглолтл өнөөдөр явагдах бөгөөд маргааш медалийн төлөөх тоглолтууд явагдаснаар энэ оны бадминтоны дэлхийн аварга өндөрлөнө. 

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж