Японд тэр дундаа Токио зэрэг томоохон хотуудад эрчүүд түрээслэх үйлчилгээ дэлгэрч байгааг CNN онцолсон байна. “Оссан” хэмээн нэрлэгддэг энэхүү үйлчилгээний хөлс нэг цагийн 1000 орчим иен буюу есөн ам.долларын үнэтэй. Хэрэглэгчид нь голдуу дундаж насны эрчүүдийг түрээсэлдэг бөгөөд тэдэнтэй ярилцах, сэтгэлээ уудлах, хамт хоол идэх, кино үзэх зэргээр цагийг хөгжилтэй өнгөрүүлдэг аж. Ингэхдээ садар самуун үйлчилгээг бизнесийнхээ журмын дагуу хориглодог байна.
Уг бизнес 2012 оноос анх эхэлсэн бөгөөд том хотод оршин суудаг, завгүй, уйдсан хүмүүст цагаа аятай өнгөрүүлэх, хэн нэгэнтэй сэтгэлээ уудлах, ярилцах зэрэг хэрэгцээнээс үүдэн гарсан аж. Анх 45 ажилтантай эхэлсэн уг үйлчилгээ одоогоор 36 хотод, 80 гаруй ажилтантай үйл ажиллагаа явуулж буй аж. Уг үйлчилгээг үзүүлдэг, 30 гаруй жил хийл тоглож буй нэгэн эр “Үйлчлүүлэгчид маань Бетховены хөгжим сонсож, цагийг сайхан өнгөрүүлэх, эсвэл шатар тоглохыг заалгах, үгүй бол бүжгийн хичээлд хамт явахыг хүсдэг” гэж ярьж байна.
Эх сурвалж: CCTV