"Гемодиализ эмчилгээний техник технологи, эмчилгээний дэвшил" сэдэвт Монгол, Японы бөөр гемодиализийн эмч, сувилагч, инженер, техникч нарын хамтарсан хоёрдугаар семинар боллоо. Уг семинарт 21 аймаг, Улаанбаатар хотын дүүргийн нэгдсэн эмнэлгүүд, хувийн хэвшлийн болон Улсын I, II, III эмнэлгийн гемодиализийн тасгуудад ажиллаж буй бөөр судлал гемодиализийн эмч, сувилагч, инженер болон техникч нар оролцсон юм.
Тус семинар нь дэвшилтэт эмчилгээний төрөл болох гемодиафильтраци, тасралтгүй бөөр орлуулах болон аферез эмчилгээ, диализийн өвчтөний архаг хүндрэлүүдийг эмчлэх талаар шинэ мэдлэг олгох зорилготой юм.
Бөөр орлуулах эмчилгээ нь бөөр шилжүүлэн суулгах, гемодиализ буюу аппаратаар цусыг нь шүүх, хэвлийн диализ гэсэн гурван төрөлтэй байдаг. Монгол Улсын хувьд 2006 оноос бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийж эхэлснээр дээрх гурван төрлийн эмчилгээг бүгдийг нь эх орондоо хийдэг болсон юм.
Одоогоор Улсын нэгдүгээр төв эмнэлэгт бөөр шилжүүлэн суулгах хагалгааг 161 удаа хийгээд байгаа аж. Түүнчлэн тус эмнэлэгт 30 хүн хэвлийн диализ, 110 хүн гемодиализ хийлгэж байгаа ажээ.
Хурлын үеэр “Китасамо” анагаах ухааны их сургуулийн доктор Кеничи Кокубо “Гемодиализийн эмчилгээ хийхэд хамтын буюу багийн ажиллагаа чухал. Эмч, инженер, сувилагч, техникч, хөдөлгөөн засалч, хоол зүйч зэрэг олон хүн хамтран ажилладаг. Монголд эдгээр чиглэлийн хүмүүсийн хамтын ажиллагаа шаардлагатай байна. Мөн удирдах байгууллага нь эмчилгээний удирдамж, стандартыг баталж өгөх шаардлагатай байна. Японд стандарт өндөр байдаг бөгөөд түүнийгээ сайн биелүүлж ажилладаг” гэлээ.
Р.РЕНЧИНДУЛАМ