Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар залуучуудыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр анхан шатны сургалтыг өчигдөр /2018.08.02/ нийслэлийн Засаг захиргааны тавдугаар байрны хурлын танхимд зохион байгуулжээ.
Тус сургалт нь залуучуудыг хорт зуршил, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисоос урьдчилан сэргийлэх чиглэлээр сургагч багш бэлтгэх зорилготой юм. Сургалтад нийслэлийн есөн дүүргийн Залуучуудын хөгжлийн төвийн 18 ажилтан, алба хаагчид хамрагдсан байна. Цаашид энэ төрлийн сургалтыг шат дараатайгаар зохион байгуулж, бэлтгэгдсэн сургагч багш нарын оролцоотойгоор “Хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөл, сөрөг үр дагаврыг таниулах” үйл ажиллагааг нийслэлийн есөн дүүргийн их дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулийн оюутан сурагчдын дунд сургалт зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.
С. Орхоншүр