“Цусаа бэлэглэх өдөр” сар бүрийн 3-нд тохиодог. Уг өдрийг тохиолдуулан өнөөдөр /2018.8.3/ Цус судлалын үндэсний төв, Сүхбаатар цус цуглуулах төв, Дүнжингарав дахь төв, Зооноз өвчин судлалын үндэсний төв (ЗӨСҮТ), “Unimed” эмнэлэг зэрэг таван газар цус цуглуулах үйл ажиллагаа зохион байгууллаа. Түүнчлэн Ерөнхийлөгчийн зарлигаар хүндэт донор И.Гэрэлсайханыг “Шударга журам” медалиар, “Хүрэл донор”-оор Т.Эрдэнэбаяр нарыг өргөмжилж, “Бахархал-20” тэмдгээр донор Б.Дархижав, “Бахархал-30” тэмдгээр донор Д.Пүрэвжаргал, “Бахархал-30” тэмдгээр донор Р.Энхтуяа, “Бахархал-50” тэмдгээр донор С.Соддэлгэр нарыг шагнав.
Сонирхуулахад, донорын бэлэглэж буй 350-400 грамм цус нь гурван хүний амийг авардаг аж. Тиймээс 2015 оноос эхлэн сар бүрийн 3-ныг “Цусаа бэлэглэх өдөр” болгон зарласнаар цусны нөөц гурав дахин нэмэгдсэн байна. Цус, цусан бүтээгдэхүүнийг орлуулах боломжгүй тул сайн дураараа цус бэлэглэж байгаа иргэнийг урамшуулдаг. Тухайлбал, 70-100 удаа цусаа хандивласан бол “Хүрэл донор”, 100-150 удаа цусаа хандивласан бол “Мөнгөн донор”, 150-иас дээш удаа цусаа хандивласан бол “Алтан донор”-оор өргөмжилдөг юм. Түүнчлэн зуны улиралд цусны нөөц багасдаг бөгөөд II бүлгийн цус хамгийн эрэлттэй байдаг юм байна. Мөн сард эмэгтэй хүн дөрөв, эрэгтэй хүн зургаан удаа цусаа бэлэглэх боломжтой ажээ.
Р.Ренчиндулам