Тайваниас электрон бараа, техник тоног төхөөрөмжийг илүүтэй худалдан авч байна | News.MN

Тайваниас электрон бараа, техник тоног төхөөрөмжийг илүүтэй худалдан авч байна

Хуучирсан мэдээ: 2018.08.03-нд нийтлэгдсэн

Тайваниас электрон бараа, техник тоног төхөөрөмжийг илүүтэй худалдан авч байна

Тайваниас электрон бараа, техник тоног  төхөөрөмжийг илүүтэй худалдан авч байна

2018 оны нэгдүгээр сараас тавдугаар сарын хооронд Тайваниас Монгол руу экспортолсон бараа бүтээгдэхүүний нийт үнийн дүн 4,988,332 ам.долларт хүрсэн ба энэ нь өнгөрөгч 2017 оны нийт экспортын үнийн дүнгээс 3,853,745 ам.доллараар илүү, мөн үеийнхээс 2,25 дахин их байна хэмээн Тайпэйн худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газраас мэдээлэв.

Монголчууд Тайваниас импортолж буй голлох бүтээгдэхүүн нь электрон бараа, техник тоног төхөөрөмж эзэлж байна. Тайвань Монголын экспорт, импортын тоон мэдээлэл, худалдан авч буй бараа бүтээгдэхүүний жагсаалттай холбоотой мэдээллийг Тайванийн Гадаад худалдааны байгууллагын экспорт, импортын статистикийн мэдээлэл бүхий http://cus93.trade.gov.tw/FSCE000F/FSCE000F цахим хуудсаар зочлон танилцах боломжтой юм. 

Тайпэйн Худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгч Хуан Куо Рун хэлэхдээ “Тайвань, Монголын экспортын тоо хэмжээ улам бүр өсөн нэмэгдэж байна. Энэ нь нэг талаараа Монголын эдийн засаг сэргэж буйтай холбоотой ба нөгөө талаараа тус Төлөөлөгчийн газраас хэрэгжүүлж буй “Тайвань Монголын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг хооронд нь холбох” бодлогын үр дүн юм. Тайвань, Монголын бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчид харилцан бие биеэ нөхөх давуу талуудтай. Монгол орон нь байгалийн асар их нөөц баялагтай бол Тайвань нь нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах тал дээр арвин туршлага хуримтлуулсан. Монгол Улсын засгийн газрын зүгээс жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг идэвхтэй дэмждэг. Тайвань орны хувьд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр арвин баялаг туршлага хуримтлуулж чадсан. Эдгээрийг бүхэлд нь хоёр орны харилцан бие биеэ нөхөх давуу талууд гэж үзэж болох юм” хэмээсэн байна.

Тайвань, Монгол хоёр тал 2002, 2003 онд харилцан төлөөлөгчийн газар байгуулж байсан ба Тайванийн Засгийн газрын зүгээс Тайвань Монголын бизнесийн салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэх, Монголын зах зээл дэх хөрөнгийн эргэлтийг сайжруулах зорилгоор 2003 оноос эхлэн Тайванийн Экспорт, импортын банк нь Монгол улсын арилжааны таван банкинд нийт 20 сая ам.долларын үнийн дүн бүхий санхүүжилтийн зээлийн шугам нээсэн бөгөөд энэхүү санхүүжилтийн зээлээр дамжуулан Монголын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид хөрөнгө босгох, санхүүжилтийн эх үүсвэр бий болгох боломж бүрдэж байна. Монголын компани, аж ахуйн нэгжүүд Тайванийн экспортлогчдоос бүх төрлийн бараа бүтээгдэхүүн шууд худалдан авч байгаа нөхцөлд эсвэл Тайванийн үйлдвэрлэл эрхлэгчдэд захиалга өгсөн хэдий ч гуравдагч улс орноос бараа бүтээгдэхүүнээ худалдан авсан тохиолдолд Тайванийн Экспорт, импортын банкнаас олгож буй санхүүжилтийн зээлэнд хамрагдах хүсэлтээ Монголын Голомт, Хаан, Хас, Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк зэрэг арилжааны таван банкинд гаргах боломжтой юм. Уг санхүүжилтийн зээлийн олгогдох дээд хязгаар нь худалдан авалтын нэхэмжлэлийн үнийн дүнгийн 100% хүртэлх дүнгээр санхүүжигдэх боломжтой ба зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 5 хүртэлх жил байна.

Тайваниас Монгол руу экспортолж буй бараа бүтээгдэхүүний тоон үзүүлэлт:

Эх сурвалж: Тайванийн Гаалийн ерөнхий газар  

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж