“Богдхан ууланд Зайсан толгойгоос өөр юу үлдэхийг хэлж мэдэхгүй”

Хуучирсан мэдээ: 2018.08.03-нд нийтлэгдсэн

“Богдхан ууланд Зайсан толгойгоос өөр юу үлдэхийг хэлж мэдэхгүй”

“Богдхан ууланд Зайсан толгойгоос өөр юу үлдэхийг хэлж мэдэхгүй”

Туул гол дагуу байрласан буюу Хан-Уул дүүргийн 11, 15 дугаар хороонд байрлах барилгуудад хөрсний ус нэвчиж, усанд автаад байгаа билээ. Одоогоор 40 гаруй орон сууц усанд автаад байгаа бөгөөд нөхцөл байдалтай уялдуулан Онцгой байдлынхан, байрны СӨХ-ийн ажилчид усыг соруулж байгаа ч ус ундарсаар байгаа тул шавхагдахгүй байгаа юм. Харин дээрх байруудын оршин суугчид байраа зарахаар зэхэж байна. Орон сууц зарах онлайн зар руу ороод харвал Хан-Уул дүүргийн 11, 15 хороонд байрлах байрны зараар дүүрсэн байгаа. Тэнд 66.3 ам метр байрыг 112 сая 700 мянган төгрөгөөр зарж байна. Ингээд тооцвол нэг ам метрийг нь нэг сая 699 мянган төгрөгөөр борлуулахаар тооцжээ. Уг нь тус хэсгийн байрны үнэ нэг ам метр нь 2.8 сая төгрөгөөс эхэлдэг. Өндөр үнээр авсан байраа бараг тал үнээр нь зарах болсон нь зөвхөн хөрсний ус нэвчиж байгаатай холбоотой биш бололтой. Учир нь, “Зайсан орчимд хөрсний гулгалт болох гэж байгаа, Богдхан уулын амуудад барьсан барилгууд хөрсний гулгалтад өртөх өндөр эрсдэлтэй” гэсэн мэдээлэл албан бусаар тараад байна. Хөрсний гулгалт болж, өндөр үнээр байр авсан иргэд хохирох гэж үү. Тухайн газарт барилга барих зөвшөөрөл өгсөн албан тушаалтан, барилга барьсан компани, барилгыг хүлээж авсан мэргэжлийн байгууллагын аль нь буруутай вэ. Хэнд хариуцлага тооцох вэ.  

Болохгүй газар барилга барьсны хариуцлагыг хүлээх хүн алга

Ардын багш, доктор, профессор Ж.Лхамсүрэн

Тус хэсэгт хөрсний гулгалт болох магадлалтай эсэх талаар ШУТИС-ийн Геологийн сургуулийг үүсгэн байгуулагч, Ардын багш, доктор, профессор Ж.Лхамсүрэнгээс тодрууллаа.

-Богдхан ууланд хөрсний гулгалт болох эрсдэлтэй юу?

 -Хөрсний бүтцээс шалтгаалж гулгалт үүсдэг. Уулын хажуу, хэр эгц, гүн нь ямар чулуулгаас тогтсон, хөрс шороо, ургамлын бүтэц нь хэр зузаан  байгаа, ямар төрлийн чулуунаас хөрс бүтэж байгаа эсэхээс шалтгаална. Бороо удаан орж, хөрс дэвтэж норсноос хөрсний гулгалт болох магадлалтай. Хөрсний гулгалт зөвхөн өндөрлөг газар биш тэгш газар ч үүсэх магадлалтай.

-Богдхан ууланд барилга барих нь зөв үү?

-Товчхондоо болохгүй, хууль бус зүйл. Яагаад болохгүйг геологийн бүтцийн хувьд тайлбарлавал нарийн зүйл болно. Барилга барихаас өмнө тухайн газарт геологийн судалгаа явуулах ёстой. Судалгааг явуулахдаа газрыг өрөмдөж, хөрс ямар бүтэцтэйг судалдаг. Ингээд инженер геологийн дүгнэлт гарсны дараа барилга барьж болох эсэхийг шийдэж, барих зөвшөөрөл олгодог. Богдхан уулын ойролцоо гүн хагаралтай. Энэ хэсэгт барилга барьж болохгүй гэдгийг олон газрын судалгаанд тусгасан байгаа шүү дээ. Үүнийг хэрэгжүүлэх ёстой олон газар бий. Гэтэл тэнд олон барилга барьсан. Болохгүй газар барилга барьсны хариуцлагыг хүлээх хүн алга.

Болохгүй газар барилга барьсныг байгаль өөрөө шалгана. Улаанбаатар долоон баллын газар хөдлөлтийн бүсэд байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Газар хөдлөлтөд хамгийн түрүүнд Туул голын орчим өртөнө. Учир нь, Туул гол нь газрын гүний хагарал дээр байгаа, хагарлын урд хэсэг өргөгдсөний дүнд Богд уул тогтсон юм. Газар хөдлөлтийн дараа тэр хэсгээс Зайсан толгой үлдэж болох юм. Бусдыг хэлж мэдэхгүй.

-Туул гол дагуух барилгад хөрсний ус нэвчиж байгаа нь бас нэгэн шалгуур байх нь ээ?  

-Тийм. Голд хөвөө дэнж гэж бий. Туул голын хөвөө дэнж хаана хүрдэг гэж санана. Туулын хөндий нь 100 гаруй сая жилийн явцад бий болсон. Голын хөвөө дэнж гэдэг нь хамгийн их устай үеийг хэлж байгаа юм. Голын их устай үе нь Монголд зургаа, долдугаар сард тохиодог. Энэ нь Азийн хойд хэсэг, Номхон далайтай холбоотой. Туул гол нь Хэнтийн нурууны энгэр Гурван баянгийн (Баруун, зүүн, дунд) голоос эхтэй. Эх хэсгээр их бороо орвол нэг цагийн дотор Улаанбаатарыг үерт автуулна. Туул голын хөвөө дэнж буюу их устай үед Туулын ус Үндэсний номын санд тулдаг юм. Үүнийг 1966 онд болсон үер батална. Тэр үерийн талаар яривал үлгэр домог шиг худал зүйл ярьж байна гэж бодох байх.

-Болохгүй газар барилга барьсны хариуцлагыг хэн хүлээх ёстой вэ?

-Хотын захиргаа барилга барьж болох эсэхийг мэдэж байж газар олгох ёстой. Судалгаагаар барилга барьж болохгүй гэсэн бол тэнд барилга барихыг хориглох ёстой.

-Улаанбаатарт аюулгүй барилга байна уу?

-Тун цөөн бий. Гэхдээ ямар хэмжээний аюул вэ гэдгээс шалтгаална. Яг хэзээ аюулт үзэгдэл болохыг хэн ч мэдэхгүй. Геологи гэдэг нь амьдралаас хол тасархай зүйл биш шүү дээ. Дээр үед “Энэ хэсгийн газар өвөл хөлддөг. Тиймээс энд барилга барьж болохгүй” гэдгийг мэддэг байсан.  

-Түрүүн 1966 онд болсон үерийн талаар дурссан. Энэ тухай та мэдээлэл өгөөч?

-Наадмын өдөр болсон юм. Нээх гоё хувцасласан, машинтай залуу Төв цэнгэлдэхийн ойролцоо байгаа хүмүүст үер болох гэж байгаа талаар мэдээ дуулгаж явсан. Радиогоор энэ талаар мэдээлээгүй болохоор түүний яриаг хүмүүс тоогоогүй. Харин би Улаанбаатарт бороо ороогүй ч Туулын эх хэсгээр бороо их орсон тул тийм юм болох магадлалтай гэж бодсон. Ингээд Төв шуудангийн ойролцоо байрлах найзындаа шууд очсон юм. Очоод хоол идээд гартал Үндэсний номын сан хүртэл дүүрэн ус болчихсон, хүн, амьтан, баахан зүйл усанд хөвж байсан. Орой нь Улаанбаатар хотод гэрэл, цахилгаантай газар нэг ч үлдээгүй байсан. Хоёр хоног гэрэлгүй, юу болж байгаа нь ч мэдэгдээгүй. Ингээд хоёр дахь хоног дээр ОХУ-аас хоёр онгоц ирж, аврах ажиллагаа явуулсан. Онгоц Туул гол дээгүүр нисч, амьдыг нь Сүхбаатарын талбай дээр, амь үрэгдсэнийг нь Гандангийн дэнж дээр буулгаж байсан. Ийм аймшигтай зүйл болж байсан. Манайхан юмыг их хурдан мартах юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж