Монгол Улсын гурван иргэн Тайландад хулгайн гэмт хэрэгт холбогдон, өнгөрсөн лхагва гаригт баривчлагдсан талаар эх сурвалж мэдээлжээ. Тэднийг Бангкокын дамжин өнгөрөх Чи Лом өртөөнөөс нутаг буцах гэж байхад нь баривчлан байцааж байна.
Тэднийг И. Ганболд /31 настай/, О. Баярсайхан / 39 настай /, Ц.Оюунболд /34 настай / гэдэг аж. Тайландын цагдаа нар Чи Лом өртөөнөөс И.Ганболдыг баривчилснаар бусад хэрэгтнүүдийг илрүүлэн баривчлах боломжтой болсон гэв.
Тэдний хулгайлсан зүйл дотор нийтдээ 300 мянган баттай тэнцэх хэмжээний бэлэн мөнгө, гар утас болон бусад эд зүйлс байсан аж. Үүнд, ам.доллар, евро, Тайландын батт, Австрали доллар, Солонгосын Вон хүртэл байсан гэжээ.
Цагдаагийн газрын дэд комиссар Сурачет Хакпалын хэлж буйгаар, өнгөрсөн долдугаар сарын 18-нд Тайландад Монгол Улсын таван иргэн жуулчны шугамаар орж ирсэн бө хоёр нь IPhone X загварын гар утас худалдаж аван долдугаар сарын 26-нд нутаг буцсан гэжээ.
Хэрэг явдал Бангкокын дамжин өнгөрөх өртөө дээр болсон юм байна. Солонгосын жуулчин 50 мянган вон, дөрвөн кредит карт бүхий түрийвчээ алдсан гэх гомдлын дагуу цагдаагийнхан хэрэгтнийг хайж эхэлжээ. Хяналтын камераар шүүхэд түрийвчийг хулгайлсан хүн Монгол Улсын иргэн И.Ганболд байсныг илрүүлжээ. Мөрдөн байцаалтын явцад тэд нутаг буцсан Монгол Улсын хоёр иргэн нь Солонгос иргэний кредит картаар таван ширхэг IPhone Х гар утас худалдаж аваад явсан гэж мэдүүлжээ.
Тус улсын хуулиар хууль бусаар хүний кредит карт ашигласан хэрэгт таван жилийн ял оноох, 100.000 баттын торгууль ногдуулдаг байна.
Эх сурвалж: bangkokpost, khaosodenglish