“Зууны мэдээ” сонин үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжин дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн ямар шат дамжлагаар бүтдэгийг “Market watch” булангаараа дамжуулан танилцуулдаг. Энэ удаад Үндэсний онцлогийг тусгасан бэлэг дурсгал, аяллын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Монтулга” компанийг танилцуулж байна.
“Монтулга” компани нь 1987 оноос малын арьс ширээр үндэсний онцлогийг харуулсан бэлэг дурсгал, аяллын бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлжээ. Тус компани нь өдгөө 11 цех, 80 гаруй ажилчинтай. Бүтээгдэхүүний түүхий эдийг “Дархан нэхий” компанийн үйлдвэрээс авдаг. Харин бусад туслах материалаа импортоор оруулж ирдэг юм байна. Тэднийх эхний бөгөөд эцсийн дамжлагын хоёр үйлдвэртэй. Эхний дамжлагын үйлдвэрт тухайн бүтээгдэхүүний түүхий эд материалийг хэв, хутга, гар эсгүүр буюу шоглоомын дагуу эсгэдэг. Түүний дараагаар туслах эсгүүрт жижиг хэсгийг хийж эцсийн дамжлагын үйлдвэр лүү шилжүүлдэг аж. Ингээд эцсийн дамжлагад оруулан оёдол, угсралт, өнгөний хослол зэргийг хийх бөгөөд хэд, хэдэн цех дамждаг. Бэлэн болсон эцсийн бүтээгдэхүүнийг агуулах руу шилжүүлэн худалдаанд гаргадаг хэмээн тус компанийн технологич Х.Уянга ярьсан юм. Хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн нь цүнх, түрүүвч, түлхүүрийн осор, өмдний тэлээ, ханын зураг аж. Бүтээгдэхүүн бүр хэв, загвараасаа шалтгаалаад эсгэлт, өнгө тавилт, оёдол нь өөр, өөр байдаг. Жишээлбэл, хүүхэлдэйн толгойг керамик урлал буюу шавар хийцээр хийж, өнгө тавилт хийхээс гадна хувцас бүрийг нь урлаж, нааж, цоолох, үдэх, хадах гээд олон шатлалаар угсардаг. Мөн хүүхэлдэй бүртээ үндэстэн, ястны онцлогийг тусгахыг эрмэлздэг аж. Харин гэрийн шаахайг эдэлгээ сайн даах арьсаар хальтирч, чийг татахгүй байхаар хийдэг юм байна. Түүнчлэн бүтээгдэхүүн бүр нь байнгын хэрэглээ болохоор чанарыг эрхэмлэдэг бөгөөд загварын өргөн сонголттойгоор үйлчлүүлэгчдэдээ хүргэхийг зорьж буй.
Тус компанийн бүтээгдэхүүнийг “УИД”, Хан-Уул дүүрэг дэх “Монгол экспо”, “Хүннү молл”, Төмөр замд байрлах “Монголд үйлдвэрлэв” төв болон “Цэцэг төв”-өөс худалдан авах боломжтой юм.
Утас: 976-11-343545
Маркетингийн алба: 99219949
Факс: 976-11-343409
Хан–Уул дүүрэг, 3-р хороо,
Төв шуудан-13
E-mail: montulgaganbat@yahoo.com
Эх сурвалж: Зууны мэдээ