Үерийн хохирлыг сэргээн засахад 1.8 орчим тэрбумыг гаргана

Хуучирсан мэдээ: 2018.08.03-нд нийтлэгдсэн

Үерийн хохирлыг сэргээн засахад 1.8 орчим тэрбумыг гаргана

Үерийн хохирлыг сэргээн засахад 1.8 орчим тэрбумыг гаргана

Хоёр долоо хоногийн турш завсарласан Засгийн газрын ээлжит хуралдаан шинэ сарын эхний өдөр болж хэд, хэдэн шийдвэрийг гаргалаа. Долдугаар сард үргэлжлэн орсон усархаг борооны улмаас үүссэн үерийн гамшгийн хор хохирол одоо ч хэвээр байна. Монгол орны баруун хязгаар Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 530 айлын 2500 гаруй хүн гамшигт нэрвэгдсэн. Гурван иргэн бэртэж гэмтэн, 287 байшин бүрэн нурж, гэр, хашаа, байшин усанд автсан. Өлгий суманд учирсан хохирлын хэмжээ урьдчилсан байдлаар 15.6 тэрбум төгрөг. Харин Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар 540 гаруй сая төгрөг гаргаж, шаардагдах арга хэмжээг авахаар болов. Уг мөнгөний 468 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах бол, үлдсэнийг нь аймаг сумын нөөцөөс бүрдүүлэх аж. Улмаар Өлгий сумыг юун түрүүнд үерийн хамгаалалтын даланг шинэчлэх ажлаа шуурхайлахыг аймгийн Засаг даргад үүрэг болгожээ.

Баян-Өлгий аймагт өмнө нь мөн тусламжийн хүрээнд 80 гэр, ус тээвэрлэгч, бохирын болон түргэн тусламжийн автомашин, дугуйт ачигч зэрэг техникийг улсын нөөцөөс гарган хүргүүлсэн байсан. Мөн дэлхийн Зөн-Монгол, МУЗН, Адра, Каритас олон улсын хүмүүнлэгийн байгууллага 115 мянган ам.долларын үнэ бүхий тусламж үзүүлээд байгаа юм. Түүнээс гадна үерийн улмаас 13 аймагт нийт 116 км урт авто зам, замын байгууламж эвдэрсэн. Үүнийг сэргээн засахад шаардагдах 1.3 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах аж. Засгийн газрын хуралдаанаас гарсан бас нэгэн шийдвэр бол Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр замтай холбоотой. Ерөнхий сайд уг замыг ирэх онд ашиглалтад оруулахыг холбогдох сайд нарт даалгажээ.

Улмаар “Нарийн сухайтын төмөр зам” компанитай хамтарсан төрийн өмчийн 51-ээс доошгүй хувийн оролцоотой “шивээхүрэн төмөр зам” компани байгуулна. Тус компанийн нийт хувьцааны төрд ногдох 51-ээс доошгүй хувийг “Монголын төмөр зам” компанид эзэмшүүлэхээр болсон аж. Боомтын зориулалттай 13 км төмөр замын суурь бүтцийн ажлыг гуравдугаар улиралд багтаан эхлүүлэх юм байна. Шивээхүрэн-Сэхэ чиглэлд төмөр зам барьснаар Нарийнсухайтаас уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортод гаргах шинэ боломж бүрдэнэ хэмээн Засгийн газар үзжээ. Ингэснээр нүүрсний экспортын зах зээл өргөжин, хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал гурав дахин нэмэгдэж, тээврийн өртөг буурна гэж тооцсон аж. Тус боомтоор хүнд даацын автомашинаар 10-15 сая тонн нүүрс тээвэрлэдэг бол төмөр зам барьснаар жилд 25 сая тонн тээвэрлэх боломж бүрдэх юм.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж