Аминаас үнэтэй ТҮЦ-үү, ТҮЦ-нээс хямд амь уу?. ТҮЦ эрхлэгчдээс ингэж асуухад хүрч байна.
Улаанбаатар хотын хэмжээнд автобусны буудал дагуулаад зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ олон бий. Энэ бүхнийг цэгцлэхээр ажил эхлэнгүүт ТҮЦ эрхлэгч “Хоолойгоо хэрчиж, амиа хорлоно” гэж сүрдүүлсэн байх юм.
Эл сүрдүүлгээр бол хэрэв тэр хэлсэндээ хүрвэл хууль, журам хэрэгжүүлэхээр ажилласан төрийн албан хаагч хүний аминд хүрэх шалтгаан үүсгэсэн хэрэгт унаж, мэдэх нь.
Үнэндээ бол Монголд өнөөдөр хууль, журмыг гууль болгодог бүхэл бүтэн бүлэглэл бий болсон нь ТҮЦ эрхлэгчид гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй.
Зөвшөөрөл авалгүй, хаа дуртай газраа ТҮЦ-ээ байршуулна. Хугацаа нь дууссан, чанарын баталгаагүй хүнсний бүтээгдэхүүн зарна. Насанд хүрээгүй хүүхдэд тамхи худалдана. ТҮЦ-ээ тойруулж бие засна. Гадаа нь хог хөглөрсөн байхад цэвэрлэчих сэтгэлгүй. Нийтийн эрх ашгийг ийн хохироож байж, “Эрх мэдэлтнүүд ТҮЦ эрхлэгчдийн эрх ашгийг хохироож байна. ТҮЦ ачина гэнэ, тэмцэнэ, босно, жагсана” гэж байнга сүрдүүлнэ. Эцэстээ амь насаа золиослох юм ярьж, нийгмийг цочроож байна.
Харин манай ТҮЦ эрхлэгчдэд өөрсдийнх нь эрх ашиг чухал болохоос нийтийн эрх ашиг гэж юу байдгийг мэддэггүй, мэдэхийг ч хүсдэггүй. Хаа таарсан газраа ТҮЦ-ээ байршуулж, хугацаа нь дууссан бүтээгдэхүүнээ зарж борлуулахыг ардчилсан нийгмээр олгогдсон эрх чөлөө гэж ойлгож ирсэн. Олон жил ингэж тунхаглаж, ийм агуулгатай тэмцэл хийсээр өнөөдрийг хүргэсэн. Эцэс сүүлдээ даварсан үйлдлээ хаацайлахын тулд амиа хорлохоороо айлгаж байна.
Ингэхэд тэр ТҮЦ ямар үнэ цэнэтэй эд вэ. Хэдэн төгрөгийн орлого олдог болоод хүний амь ТҮЦ-нээс хямд болж хувирдаг юм бэ?. Аль ч талаас нь бодсон хүний аминаас үнэтэй ТҮЦ гэж байхгүй.
Иймээс хот, дүүрэг гаргасан шийдвэрээ хэрэгжүүлээд яв. Эхлээд шаардлагаа тавь, хоног өг. Заасан хугацаанд зөвшөөрөлгүйгээр байршуулсан ТҮЦ-ээ нүүлгэж, үйл ажиллагааг нь зогсоохгүй бол Зөрчлийн хуулиараа торгуулиа тавь, ач…
Хэдий болтол сонгууль бодож, хэдэн санал авчих болов уу гэж чичирцгээж, нийтийн эрх ашгийг уландаа гишгэдэг юм.
Зөвшөөрөлгүйг нь ачлаа ч цаана нь зөвшөөрөлтэй хэдэн зуун ТҮЦ үлдэнэ.
Харин тэдэнд зохих шаардлагаа тавиад ажилла. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар ч хяналтаа сайн тавь. Тэр даргын хамаатных, энэ найзын маань амьжиргаагаа залгуулдаг ТҮЦ гэж хаацайлалгүйгээр зөрчил гаргасан бол үйл ажиллагааг нь зогсоо. Зөвшөөрөлтэй нэрийн дор юу дуртайгаа зарж болно гэж боддог нь ч байна.
Энэ бол нийтийн эрх ашгийн төлөө хугацаа алдалгүй хийх ёстой ажил.
Г.ХОРОЛ