Вагнерын цэргийн хувийн компани гэж юу вэ?

Хуучирсан мэдээ: 2018.08.03-нд нийтлэгдсэн

Вагнерын цэргийн хувийн компани гэж юу вэ?

Вагнерын цэргийн хувийн компани гэж юу вэ?

ОХУ-ын хувьд цэргийн хувийн компани бол хууль бус ажиллагаа. Түүний тухай төрийн хэвлэл мэдээллийн агентлагууд нь ч мэдээлдэггүй. Гэхдээ түүний цэргүүд Донбасс болон Сирид амь үрэгдэж байв. Харин одоо тэд Африкт ажиллаж байгаа бололтой. 

Тус улсын гурван сэтгүүлч Кирилл Радченко, Александр Расторгуев болон Орхан Жемаль нар долдугаар сарын 30-нд Төв Африкийн Бүгд Найрамдах улсад амиа алдсан. Тэдний шарилыг өнөөдөр /2018.08.03/ 19.00 /Москвагийн цагаар/ ОХУ-д тээвэрлэн авчирна. Одоогоор сэтгүүлчдийн багийн баримт бичиг болон техник хэрэгсэл олдоогүй байна гэж Төв Африк дахь ОХУ-ын Элчин сайдын яамнаас мэдээлжээ. Сэтгүүлчдийн үхэлтэй холбоотойгоор олон нийт халуун цэг дээр ажиллаж байгаа дайны сурвалжлагчдын ажлын нөхцөл байдал, тэдний аюулгүй байдлын асуудлыг ихэд хөндөх болжээ. 

Үүнтэй холбоотойгоор, ирэх есдүгээр сард Холбооны Зөвлөл тусгай хуралдаанаар халуун цэг дээр ажиллаж буй хэвлэл мэдээллийн агентлагийн ажлийн тухай хуулийг хэлэлцэнэ гэдгийг Алексей Пушков мэдэгдэв. 

Тэд Төв Африкийн амьдралын хэв маягийн тухай баримтат кино хийхээр тус улсыг зорьсон гэж ОХУ-ын төрийн хэвлэл мэдээллийн агентлагууд нь мэдээлж байгаа боловч үнэндээ тэд Оросын цэргийн хувийн компанийн хөлсний цэргүүдийн тухай баримтат кино хийхээр Африкийг зорьсон гэдгийг гаднын хэвлэлүүд бичиж байна.

 

Сэтгүүлчид баримтат киноны төсөл дээрээ эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чиглэлд үйл ажиллагаагаа явуулдаг “Мөрдөн байцаах алба”-тай хамтран ажиллажээ. Мөрдөн байцаах албыг газрын тосны магнат асан, Ерөнхийлөгч Владимир Путины “дайсан” гэгддэг Михаил Ходорковский санаачлан байгуулсан юм. Иймээс өнөөдөр цахим орчинд гурван сэтгүүлчийн үхэлд Михаил Ходорковскийг буруутгасан өнгө аяс давамгайлж байна.

Тэрбээр “Би сүүлийн мөч хүртэл тэднийг барьцаалагдсан байгаасай, тэгвэл аварч болох юм байна гэж найдаж байсан” хэмээн хэвлэлд өгсөн тодруулгадаа дурдсан байна.

Тэгвэл Вагнерын цэргийн хувийн компани ямар учиртай байгууллага вэ. Яагаад сэтгүүлчид тэдний араас эрэн сурвалжлах болсон талаар гаднын хэвлэлд дурдагдсан чухал баримтуудыг хүргэе. 

ВАГНЕРЫН ЦЭРГИЙН ХУВИЙН КОМПАНИ ГЭЖ ЮУ ВЭ?

Вагнерын цэргийн хувийн компани эсвэл Вагнерын бүлэглэл – цэргийн албан бус байгууллага бөгөөд ОХУ-ын байнгын зэвсэгт хүчинд багтдаггүй мөн ОХУ-ын нутаг дэвсгэр дээр эрх зүйн статусгүй ажээ. Вагнерын цэргийн хувийн компанийн цэргийн анги 1350-2000 хүнтэй гэсэн мэдээлэл байдаг. Харин Бундесвер дэх ‘Bild’ германы хэвлэлийн мэдээлж буйгаар, нийтдээ 2500 хөлсний цэрэг байдаг гэв.

Вагнерын цэргийн хувийн компани байдаг гэдгийг ОХУ-ын албаны хүмүүс үгүйсгэдэг. Гэхдээ Кремль оросууд хувиараа хилийн чанадад цэргийн үйл ажиллагаанд оролцох боломжтой гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Хөлсний цэргийг ОХУ-ын Эрүүгийн хуулийн 359 дүгээр зүйл заалтаар хориглосон байдаг. Гэхдээ сүүлийн үед Төрийн ДУМ болон Гадаад Хэргийн яам нь цэргийн хувийн компанийг хуульчлах саналаа илэрхийлж байгаа билээ.

ВАГНЕР ХААНААС ГАРЧ ИРЭВ, ПРИГОЖИНЫ АШИГ СОНИРХОЛ ЮУНД ОРШИВ

Дмитрий Валерьевич Уткин "Вагнер"

Дмитрий Валерьевич Уткин ‘Вагнер’, 1970 онд төрсөн бөгөөд цэргийн хувийн компанийн удирдагч. Тэрбээр Псков мужийн Печоры хотод байрлах Тагнуулын Ерөнхий газрын тусгай бригадын командир хэмээх албан тушаалаасаа халагдсаны дараагаар энэ үйл ажиллагаагаа эхэлсэн гэсэн мэдээлэл байдаг юм байна.

Дмитрий Валерьевич Уткины тухай ямар ч мэдээлэл байдаггүй. Сүүлд, 2016 онд Уткин Кремлийн тусгай хүлээн авалт дээр харагдсан ажээ. Түүнийг Вагнерын цэргийн хувийн компанитай холбоотой гэж АНУ-ын Сангийн яам үзэн, 2017 оны зургадугаар сараас түүнд хориг тавьсан.

Вагнерын цэргийн хувийн компанийн санхүүжилтийн эх үүсвэрийн нэг бол ОХУ-ын Батлан хамгаалах яамны зардлын нууц тайлан болон Ерөнхийлөгч Путины ойрын хүн, бизнесмен Евгений Пригожин байдаг гэж хэвлэлүүд бичиж байна. Евгений Пригожиныг Путины ‘тогооч’ ч гэж нэрлэдэг. Тэрбээр Вагнерын бүлэглэлийн баазийн хангамжтай холбоотой хэд хэдэн тендерт оролцож байсан тухай РБК агентлаг мэдээлжээ.

Вагнерын цэргийн хувийн компанитай нэр холбогдож, АНУ-ын хоригт орсноо Пригожин өөрөө үгүйсгэж байгаа. Гэхдээ тэрбээр дээрх компанид оролцоотой байсан тухай нотлох баримт байна. Тодруулбал,  2016-2017 оны өвөл Сирид байгалийн хийн болон газрын тосны ордыг олборлох төслийн ажлыг Оросын “Евро Полис” ХХК сонирхож байв. РБК болон “Фонтанка” агентлагийн мэдээлж буйгаар, тус компани нь Пригожинтой холбоотой гэв. 

2017 оны зун “Евро Полис” компани Сирийн төрийн өмчит компанитай хэлэлцээр хийв. Тус хэлэлцээрт орон нутгийн орд газрын баялагийг олборлох, хамгаалах тухай заалт орсноос гадна Исламын улс бүлэглэлийн цэргүүдээс булаан авсан ордын дөрөвний нэгийг авах тухай заалт орсон гэж AP агентлаг мэдээлжээ. 

ВАГНЕРЫН ХӨЛСНИЙ ЦЭРГҮҮД ХААНА БАЙЛДАЖ БАЙВ 

Вагнерийн цэргийн хувийн компани 2013 онд Сирид үүрэг гүйцэтгэж байсан ‘Славянский корпус’ цэргийн компаниас угшилтай. ‘Славянский корпус’-т цэргийн хувийн компанийн ирээдүйн удирдагч Вагнер хочит Дмитрий Уткин алба хааж байсан ажээ. 

Вагнерийн цэргийн хувийн компанийн үйл ажиллагааны анхны баримт Донбасст 2014 оны тавдугаар сард Украины тусгай алба гэж бүртгэгдэж байснаар нотлогддог. 2017 оны аравдугаар сард Украины аюулгүй байдлын албаны дарга Василий Грицак мэдэгдэхдээ "2014 оны зургаадугаар сард Украины зүүн хэсэгт Ил-76 цэргийн нисэх онгоцыг устгах, Донецкийн онгоцны буудлын халдлага болон Дебальцево ойролцоо цэргийн ажиллагаанд Вагнерууд холбоотой” гэжээ.  Гэхдээ энэ мэдээллийн талаар баримттай мэдээлэл өөр байдаггүй. 

2016 болон 2017 онд Пальмирийн нэг болон хоёрдугаар дайралтад вагнерууд   идэвхтэй оролцсон ажээ.

2015 оны хоёрдугаар хагасаас Вагнерийн цэргийн хувийн компани аль хэдийнээ Сирид идэвхжиж эхэлсэн гэсэн баримт бий. Тэдний цэргүүд 2016 болон 2017 онд Пальмирийн нэг болон хоёрдугаар дайралтад идэвхтэй оролцсон ажээ. 2017 оны зургаадугаар сараас хөлсний цэргийн зорилго өөрчлөгдсөн гэж Оросын РБК болон “Фонтанка “агентлагууд мэдээлэв. 

ОХУ-ын Батлан хамгаалах яам цэргийн хувийн компанид хуучин зэвсгээ өгч, зэвсгийн хангамжийг нь огцом бууруулсан гэж “Фонтанка” мэдээлжээ. Цэргийн хувийн компани нь Сирид, ялангуяа газрын тос болон байгалийн хийн орд газрын хамгаалах болон булаан эзлэхэд санхүүжилт авахыг хүсчээ. Үүнтэй холбоотойгоор Сирийн тосгон Хушам бүсэд гарсан халдлага Вагнерууд оролцсон байх магадлалтай хэмээн мэдээлжээ.

Африк дахь Оросын цэргийн хувийн компанийн сонирхол 

2017 оны намар Оросын удирдлагууд Төв Африкийн болон Суданы төрийн тэргүүн нартай дээд хэмжээний хэлэлцээр хийсний дараагаар энэ бүс нутагт оросын хөлсний цэргийн сонирхол бүртгэгдсэн байдаг. BBC агентлагийн мэдээлж буйгаар, Вагнерийн цэргийн хувийн компанийн мөр 2017 оны сүүлээс Суданд ажиглагдах болсон гэв.

Оросын сэтгүүлч Александр Коц “ Оросын Цэргийн хувийн компанийн өдөр тутмын амьдрал гэсэн утгатай Суданд цэрэг сургаж буй орос багшийн видеог твиттерт нийтэлжээ

 

The Bell агентлагийн мэдээлж буйгаар, Суданы цэргийн ангид ойролцоогоор 100 гаруй хөлсний цэрэг бэлтгэгдэж байгаа гэв. Үүний хариуд Евгений Пригожинтой холбоотой   ‘М Инвест’ болон ‘Meroe Gold’ хоёр компани тус улсад алт олборлох концессийн хэлэлцээнд гарын үсэг зурсан.

Гэхдээ Оросын зэвсэглэсэн хүмүүс Төв Африкийн Бүгд Найрамдах улсад ч ажиглагдсан ажээ. Өөрөөр хэлбэл Вагнерын бүлэглэлтэй холбоогүй шинэ цэргийн хувийн компани байна гэсэн үг юм.

Орос улс Төв Африкийн байгалийн баялгийн нөөцийг харилцан ашигтай илрүүлэх боломжийг судалж байгаа гэдэг мэдээлэл албан ёсоор олон нийтэд ил болсон билээ. 2018 онд уул уурхайн эрэл хайгуулын концессын гэрээний хэрэгжилт эхэлсэн гэж ОХУ-ын ГХЯ гуравдугаар сарын сүүлээр мэдээлэв. 

Мөн Гадаад хэргийн яамны мэдээлэлд Москва Төв Африкийн армид нэгдүгээр сарын сүүл, хоёрдугаар сарын эхэнд зэр зэвсэг, сум үнэгүй өгсөн гэв. Мөн Төв Африкийн цэргийн алба хаагчдын бэлтгэлд зориулан ОХУ-аас 170 багш, 5 цэрэг илгээжээ. Төв Африк руу илгээгдсэн анхны багш нар нь Оросын цэргийн хувийн компанийн гишүүд байх боломжтой гэж Францын ‘Europe1’ радио, ‘AFP’ агентлаг болон ‘Le Monde’ сонин мэдээлжээ. Эдгээр агентлагуудын мэдээлж буйгаар, оросууд нийслэл Банги хотоос 60 километрийн зайд орших Бокасса улсын төрийн тэргүүн асаны байрыг өөрсдийн бааз болгон сонгож авчээ. AFP сурвалжлагч үйл явдлын газар дээр нь очсон боловч зураг болон видео бичлэг хийж чадаагүй гэв. 

Хувийн армийн цэргүүд гэж хэн бэ?

Нас барагсдын тухай мэдээллийг шүүж үзэхэд хөлсний цэргүүд ОХУ-ын бүхий л нутаг дэвсгэрээр тархсан байв. Сирид амиа алдсан цэргүүдийн ихэнх нь өмнө нь Украины зүүн хэсэгт үүрэг гүйцэтгэж байсан туршлагатай байжээ. Энэ мэдээлийг амиа алдсан хөлсний цэргүүдийн танилууд болон садан төрлийн хүмүүс нь баталгаажуулж байлаа. Украины аюулгүй байдлын албаны мэдээллээр, дээрх хоёр халууны цэг дээр 277 хүн байсан гэв.

Хувийн арми боловсон хүчнээ зөвхөн Орост бэлтгэж байсангүй. Тэд салан тусгаарлагчдийн хяналт дор амьдарч байсан Украины зүүн хэсэгт амьдардаг ард түмний дундаас ч сонгон авдаг байв. 

Украины Аюулгүй байдлын албаны мэдээллээр, 2017 оны аравдугаар сард Вагнерын цэргийн хувийн армид Украин паспорттой 40 цэрэг алба хаасан гэв. 

Хөлсний цэргийг хэрхэн элсүүлж, тэдэнд хэдийг төлдөг вэ? 

Цэргийн хувийн армид элсэж байгаа хөлсний цэргүүд мэдээллийг гадагш задруулахгүй байх тухай гэрээнд гарын үсэг зурдаг ажээ. Вагнерын цэргийн хувийн компанийн үйл ажиллагааны тухай Петербургийн ‘Фонтанка’ сонин дэлгэрүүлэхдээ, энэ нь компанийн дотоод баримт бичгийн хэсэгт багтдаг гэв. ‘Фонтанка’ сонинд нийтлэгдсэн баримт бичгийн хуулбар дээрээс харахад,  хувийн армийн элсэгчид хувийн мэдээлэл, зураг агуулсан анкет бөглөж, үнэн эсвэл худал ярьж буйг шалгадаг төхөөрөмжөөр шалгуулдаг ажээ. Ингээд тэд ажлын хөлс гэж ойролцоогоор сард 160-2470 мянган рубль авдаг юм байна. 

Сири дэх оросын цэргийн үйл ажиллагааг хянадаг Conflict Intelligence Team (CIT) идэвхтнүүдийн бүлгийн үүсгэн байгуулагч Руслан Левиев хөлсний цэргүүдийн цалин үүрэг гүйцэтгэж байгаа газар, зорилго, ур чадвараас хамаараад янз янз байдаг гэв. 

CIT мэдээллээр, ОХУ-ын нутаг дэвсгэр сургалт хийж байгаа тохиолдолд 50-80 мянга, гадаадад үүрэг гүйцэтгэж байгаа тохиолдолд 100-120 мянга, дайны талбарт үүрэг гүйцэтгэж байгаа тохиолдолд 150-200 мянга, тусгай кампанит ажлын үед эсвэл томоохон байлдааны үед 300 хүртэлх мянган рублийн цалин авдаг ажээ. 

“Вагнерын бүлэглэлийн тухай олон баримтаас шүүж харвал ОХУ-ын Батлан хамгаалах яамны Тагнуулын Ерөнхий газрын тусгай тасгийн 10 дугаар бригадын ойролцоо Краснодарын хязгаарт Молькино суурин газрын хажууд байрлах цэргийн баазад хөлсний цэргүүд бэлтгэлээ хангадаг ажээ.  Үүнээс өөр газар бэлтгэл хангадаг эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Хөлсний цэргүүдийн хохирол 

Хөлсний цэргүүдийн хохирлыг тооцоход хүндрэлтэй байгаа ажээ. Учир нь тэд хууль бус статустай, компаниуд төрийн байгууллагад тайлангаа тайлагнадаггүй, нууцлалын гэрээтэй байдгаас үүдээд тэдний хохирлыг хэмжээг гаргахад хэцүү байдаг юм байна. Гэхдээ амиа алдсан цэргийн ар гэрийнхэн ихэнхдээ болсон үйл явдлын талаар байнга мэддэг ажээ.

ОХУ-ын Батлан хамгаалах яам хөлсний цэргийн хохирлыг бүртгэхээс татгалзсан. Гэхдээ Украины Аюулгүй байдлын алба 2017 оны аравдугаар сард Донбасс болон Сирид үүрэг гүйцэтгэж байсан 67 цэрэг амиа алдсан гэсэн тоо гаргажээ. Харин 2017 оны арванхоёрдугаар сард Сирид хөлсний цэргүүд үүрэг гүйцэтгэж эхэлснээс хойш 73 цэрэг амиа алдсан гэсэн тоог ‘Фонтанки’ сонины сэтгүүлч гаргасан бол CIТ баг 101 хүн гэсэн тоо гаргажээ.

Эх сурвалж: Deutsche Welle

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж