"ХСҮТ-д хэвтэн эмчлэгсдийн тоо 113 хувиар өссөн"

Хуучирсан мэдээ: 2018.08.03-нд нийтлэгдсэн

"ХСҮТ-д хэвтэн эмчлэгсдийн тоо 113 хувиар өссөн"

"ХСҮТ-д хэвтэн эмчлэгсдийн тоо 113 хувиар өссөн"

Улаанбаатар хотод орсон усархаг борооны улмаас Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/-ийн өргөтгөлийн барилгын хонгил руу ус нэвчиж, Австрийн Засгийн газраас хөнгөлөлттэй зээлээр авсан туяа аппаратын суурь эвдэрсэн гэх мэдээлэл цацагдсан. Мөн тус төв эмнэлгээ өргөтгөсөн атал УИХ-ын гишүүн М.Билэгтийн хувийн эмнэлгийг төрд худалдан авах шаардлага үүссэн талаар яригдах болсон. Эдгээр асуудлыг хөндөж, ХСҮТ-ийн Бодлого төлөвлөлт хөгжил эрхэлсэн дэд захирал Л.Баярсайхантай ярилцлаа. 


-Усанд автсан өргөтгөлийн барилгыг цаашид ашиглах боломжтой юу?

ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгын ажил 2010 оны долдугаар сард эхэлж, тодорхой шалтгааны улмаас барилгын ажил бүтэн гурван жил зогсож ашиглалтад орох гэсээр долоон жил болсон. Тус барилгыг эмнэлэг үйлчилгээ явуулах боломжтой гэж үзэж Улсын комисс, Барилга хөгжлийн төвөөс өнгөрсөн 2017 оны арванхоёрдугаар сард нэгэнт хүлээн авсан. Бидний зүгээс үндсэн барилгын үйл ажиллагаанд эхнээсээ оролцох боломжгүй байсан. Харин шинэ технологи суурилуулахтай холбоотой, мөн яамнаас шилжүүлсэн эрх мэдлийн хүрээнд барилгын ажилд сүүлийн үед хяналт тавьж дутуу байсан зүйлийг ажил гүйцэтгэгч компаниар гүйцэтгүүлж эхлээд байна. Гэхдээ ашиглаад эхэлмэгц засч янзлах зүйл их гарч байна. Өргөтгөлийг ашиглана, ашиглахгүй гэж ярих буруу байх. Нэгэнт баригдсан учраас дутагдалтай зүйлийг нь засч засварлаад ашиглах нь зөв. Гэхдээ цаг ирэх тусам ар араасаа дагуулсан асуудал энэ барилгад гарах вий гэдэгт их санаа зовж байна.

-Танай хажууханд баригдаж буй хувийн эмнэлгийг улс худалдаж авна гэж яригдах боллоо. Үүнд та бүхэн ямар байр суурьтай байна вэ?  Нэг талдаа ачаалал бууруулах боловч нөгөө талдаа өргөтгөлийн барилгыг дэмий барьсан юм болов уу гэсэн эргэлзээ төрүүлж байна?

Одоогийн энэ өргөтгөлд шинээр мэс заслын хоёр блок ашиглалтад орохоор бэлтгэгдэж байна. Тийшээ манай Элэг цөс, нойр булчирхайн мэс заслын тасаг орно. Мөн химийн эмчилгээний тасаг шилжсэн байгаа. Манай үйлчилгээний ерөнхий ачаалал их байдаг. Энэ бүгдийг харахад бидэнд өргөтгөлөөс гадна шинэ барилга хэрэгтэй байгаа юм. Хавдрын тохиолдол цаашид ч улам ихсэх хандлагатай.

Эрт илрүүлэлт өргөжихийн хэрээр мэс засал хийх боломжтой хавдрын үе шат ихэснэ, мэс засал өдрөөс өдөрт нэмэгдэх болно. Хавдрын мэс засал хийх өндөр түвшний эмчийг бэлтгэхэд 15-20 жил зарцуулагддаг гэж бодвол хавдрын мэс засал болон цацраг туяаны эмчилгээ ХСҮТ дээр төвлөрсөөр байх нь ойлгомжтой юм.

Бид 36 жилийн туршид энэ хуучин байрандаа дөрөвхөн мэс заслын орон дээр олон цаг үргэлжилдэг том мэс заслууд хийж байгаа нь өнөөдөр болоод, болгоод байгаа мэт боловч цаанаа их хүнд байна.

-Эмнэлгийн ачаалал өнөөдрийн байдлаар ямар байна вэ. Хэрэв шинэ эмнэлэгтэй болчихвол ачаалал хэдэн хувиар буурах вэ?

ХСҮТ-ийн бүх ажилчдынхаа дунд шинэ эмнэлэгтэй болох шаардлагын талаар санал асуулга явуулаад гарын үсгийг цуглуулсан. Бидний зүгээс хажууханд баригдаж буй мэс заслын зориулалтын олон улсын эмнэлгийн чанарын шаардлага хангасан 12 давхар эмнэлгийг төр өөрөө худалдаж аваад ХСҮТ-д өгч болох уу гэсэн санааг өөрсдөө ярилцаж гаргасан. Хэд хоногийн өмнө салбарын сайд ирж ажиллахдаа тухайн эмнэлэгтэй бас танилцаад явсан. Хэрэв мэс заслын тасгууд тийшээ орвол ачаалал буурах нь тодорхой. Тэнд нэмэлт дөрвөн мэс заслын блок байгаа. Ажлын хэсэг байгуулагдан нарийвчилсан тооцоо судалгаа хийгдэж байна. Ачаалал буурахын хирээр эмчлүүлэгч эртхэн өвчнөөсөө салах, эрүүл саруул болох, элэг бүтэн амьдрахад үнэлж баршгүй хувь нэмэртэй байх юм.

-Усанд автсан суурийн хэсгийг засварлахын тулд урьдчилсан байдлаар хэчнээн төгрөг шаардлагатай вэ. Хохирлын хэмжээг тодорхойлсон уу? 

-Өргөтгөлийн байрны зоорины давхарт байрлах шинэ туяа аппаратын нэг суурийн хэсэг усанд автаж харамсалтай явдал болсон. Уг нь ийм өндөр нарийвчлалтай цацраг туяа эмчилгээний аппарат байрлах тусгай бункерт ус битгий хэл, тоос ч орох ёсгүй барилгын өндөр стандартыг хангаж хийгдсэн байх ёстой боловч ийм гамшиг болсонд их харамсаж байна. Бусад туяа эмчилгээний хоёр аппарат, рентген аппарат, ангиографын аппарат, хэмжилт хийдэг бусад аппаратууд шинээрээ хайрцагтаа байгаа. Шаардлагатай арга хэмжээг авч ажилласнаар бусад аппарат гэмтээгүй байгаа тухай мэргэжлийн хяналтын дүгнэлт өчигдөр /2018.08.01/ гарсан байна лээ. Одоогийн байдлаар учирсан суурийн хэсгийн хохирлын дүн гараагүй. Үйлдвэрлэгч болон суурилуулж байгаа гаднын компаниуд хамтарсан байдлаар аль эд ангийг солих, ямар зардал гарах дүгнэлт  гаргана.

-Мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан уу. Одоо өргөтгөлийн байрыг засварлаж байгаа юу?

Дүгнэлтүүд гарч байна. Албан ёсоор тусдаа мэдээлэх нь зүйтэй байх. Одоо усанд автсан шалны бүх хулдаасыг хуулж хатаагч тавиад засварын ажилд бэлтгэж байна. Бүх юм хатсаны дараа суурийн засварын асуудалд орно. Барилга барьж, зам талбай тавьсан компаниуд дахин борооны ус урсаж орохгүй байхад тодорхой арга хэмжээ авна гэж найдаж байна. Үнэндээ одоо бороо орох тоолонд эрсдэл хэвээрээ. Элстэй шуудайгаар хашсан зам дээр цугларах их усыг соруулж, зайлуулж ажилласаар байна. Дээврийн ус ханаа дагаж нэвчих эрсдэл хэвээрээ. Хүнээ эмчлэх үндсэн ажлаа хийхээс гадна нэг ийм байнгын гамшгийн байдалтай хуваарь гаргаад ажиллаж байна. Харамсалтай байна. Энэ зам талбай тохижуулахдаа борооны ус эмнэлэг рүү урсан орж ирэхгүйгээр хийж болдоггүй юм байхдаа. Энэ бүгдийг шийдсэний дараа л угсралтын үйл ажиллагаа үргэлжилнэ. Яг одоо аппаратын суурилуулалтын ажил түр зогссон.

-Хавдрын өвчлөл нэмэгдэхийн хирээр хүртээмжийн асуудал яригдах боллоо? Сүүлийн 10 жилийн байдлаар өвчлөл хэр зэрэг нэмэгдэж байна вэ?

Би хэдэн тоо хэлье. Манай улсад хавдрын өвчлөл сүүлийн 10 жилд эрс нэмэгдсэнийг статистикаас харж болно. Тухайлбал, сүүлийн 10 жилийн хугацаанд ХСҮТ-д хэвтэн эмчлэгсдийн тоо 113 хувиар ихэссэн. Өөрөөр хэлбэл 2007 онд хэвтэн эмчлүүлэгчдийн тоо 5426 байсан бол өнгөрсөн 2017 онд 11557 болсон байна. Энэ тоо цаашид ч ихсэх хандлагатай. 2007 онд орны тоо 190 байсан бол 2017 онд ердөө 38 нэмэгдэж 228 ортой болсон. Эмчлүүлэгчдийн тоо 113 хувиар нэмэгдээд байхад орны тоо 20 хувь нэмэгдсэн болж таарна. Тэгэхээр бидэнд шинэ эмнэлэг, ор шаардлагатай болж байгаа юм. 2007 онд 1550 мэс засал хийж байсан бол 2017 онд 2590 буюу 67 хувиар ихэссэн. Хамгийн ноцтой нь мэс заслын өрөөний тоо ер нэмэгдээгүй. Нэмэгдэх боломж ч байхгүй ирлээ. 2007 онд мэс засал хийх дөрвөн ортой байсан өнөөдөр хэвээрээ. Бид ийм нөхцөлд цаашдаа ажиллах ёсгүй юм. Бидний зүгээс боломжоо дайчлаад завгүй ажиллаад байна. Цаана нь иргэд дараалал хүлээсээр, хохирсоор байна. Гэтэл хажууханд нь байгаа мэс засал хийх тусгай зориулалтын эмнэлгийн барилгыг төр худалдан аваад өгөх юм бол ард түмэнд маш их хэрэгтэй ажил болно. Эдгээр тоо болгоны цаана нэг иргэний хувь заяа, нэг гэр бүлийн элэг бүтэн амьдрал, нэг эрдэнэт хүний алтан амь явж байгаа.  

 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж