"Наймдугаар сард бороошвол ургац хураалт авахад хүндрэлтэй"

Хуучирсан мэдээ: 2018.08.03-нд нийтлэгдсэн

"Наймдугаар сард бороошвол ургац хураалт авахад хүндрэлтэй"

"Наймдугаар сард бороошвол ургац хураалт авахад хүндрэлтэй"

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуунаас ургац хураалтын  бэлтгэл хэрхэн хангагдаж байгаа талаар дараах тодрууллаа.


-Энэ жил хэдий хэмжээний ургац авах урьдчилсан төлөвтэй байна вэ?

Нийтдээ 500 орчим мянган га талбайд тариалалт хийсэн.Үүнээс 340 мянган га талбайд улаан буудай,12.5 мянган га талбайд төмс, 8.2 мянган га талбайд хүнсний ногоо, тэжээл, жимс жимсгэнэ тариалалт хийсэн. Ирэх сарын 20-оос эхэлж намрын ургацын урьдчилсан баланс гарна. Тэр үед л хэдий хэмжээний ургац авах нь тодорхой болно. Одоо ид ургалтын үедээ явж байгаа учраас тийм хэмжээний ургац авна гэсэн урьдчилсан дүн мэдээлэл өгөх боломжгүй. Өнөөдрийн байдлаар газрын гарц, ургац боломжийн хэмжээнд ургаж байна. Дотооддоо улаан буудай, төмсөөр бүрэн хангахуйц хэмжээнд ургац авчих байх гэсэн тооцоотой байна. Өнгөрсөн хавар бид төлөвлөгөөндөө хүрч тариалалт хийсэн. Үр, тариа, улаанбуудай харьцангуй багассан. Энэ нь өнгөрсөн тавдугаар сарын сүүлийн арван хоногийн хэт халалт, хуурайшилтай холбоотой гэж ойлгож болно. Нөгөөтэйгүүр бид төлөвлөснөөрөө тариалалтаа авч чадах юм бол дотоодынхоо хэрэгцээг 100 хувь хангах нөхцөл үүснэ. Юутай ч энэ намар төлөвлөснөөрөө ургацаа авахын төлөө ажиллаж байгаа.

-Өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ зун хур бороо ихтэй, тэр дундаа газар тариалангийн бүс нутгаар бороо харьцангуй их орж байна. Энэхүү хүчтэй усархаг бороо намрын ургац хураалтад сөргөөр нөлөөлөх үү?

6-7 сард тариалангийн төвийн бүс нутаг хур тунадастай байлаа. Гэсэн хэдий  ч орсон бороо тарималд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй. Харин ч одоо ургаж буй тарималд долдугаар сарын бороо эергээр нөлөөлнө. Хадлангийн талбайн өвсний массыг нэмэгдүүлэх, бэлчээр сайжрах зэрэг олон талын ач холбогдолтой. Харин наймдугаар сарын сүүлээр ингэж бороошвол ургац хураалт авахад хүндрэлтэй болдог. Бүр ургац хураалтын ажил хойшлох, үүнээс болж ургац хатах,чийгийг нь хатахыг хүлээх зэрэг хүндрэлтэй олон асуудал гарч ирдэг.Одоохондоо харьцангуй сайн байна. 

-Энэ жилийн тухайд шинэ техник төхөөрөмж оруулж ирсэн үү?

-Улсын төсөв хүндрэлтэй өнөө үед бид гаднын хөнгөлөлтэй зээл, тусламжийг эрэлхийлж байна. Учир нь газар тариалангийн тоног төхөөрөмжийн ашиглалт жил ирэх тусам хуучирч, шаардлага хангахгүй нөхцөл байдалд ордог. Тиймээс уг тоног төхөөрөмжүүдийг зайлшгүй шинэчлэх шаардлага тулгардаг. Өнөөдөр дэлхийн газар тариалангийн техник, технологи биднээс хол явж байгаа. Гэхдээ дэлхийн хөгжилд хүрэхийн төлөө л ажилллаж байна. Бид өнгөрсөн жил ОХУ-аас Монгол Улсын Хөгжлийн банктай хамтарсан санхүүжилтээр арван сая төгрөгийн техник, тоног төхөөрөмжүүдийг оруулж ирж тариаланчдад олгосон. Энэ жил дээрх шугамаар дахиад оруулж ирлээ. Тухайлбал, үр тарианы комбайн, цэвэрлэгээний машин, үтрэмийн техник, хадлангийн техникүүдийг оруулж ирсэн. Цаг үеэ  олсон зөв тусламж байлаа.

 -Хэдэн сард ургац бүрэн хурааж дуусах бол?

-Есдүгээр сарын эхний долоо хоногийн цаг агаарын байдлаас хамаарна. Бүс нутаг болгонд ургацын болц харилцан адилгүй байдаг. Ерөнхийдөө ургац хураалт жигдэрдэг хугацаа нь есдүгээр сарын эхний долоо хоног. Тэгээд л ургацаа  хураагаад эхэлнэ шүү дээ. Бусад гаднын хүчин зүйлс нөлөөлөхгүй бол ургацаа товлосон хугацаандаа авах бүрэн бололцоотой.

-Хангалттай хэмжээгээр  ургац хураачих юм бол хүнсний ногооны үнийн хөөрөгдөл болохгүй гэж үзэж болно биз дээ?

Тийм. Бид хүнсний ногооноос ялангуяа төмсөө дотооддоо 100 хувь үйлдвэрлэж байна.Тиймээс гаднын орноос төмс аваад байх шаардлагагүй. Хамгийн гол нь хичнээн хэмжээг нөөцлөх үү яаж борлуулах вэ гэдэг л асуудалтай байгаа. Бид ихэвчлэн нарийн ногоогоо л гаднаас авдаг. Сүүлийн үед  зуны улиралд хүлэмжийн тариалалт дээр тодорхой хэмжээний нарийн ногоо болох огурцы, улаан лооль, чинжүү, навчит байцааг тариалж байна.

-Аймаг бүрт хүнсний ногооны агуулах хэр хүрэлцээтэй байдаг вэ?

Улсын хэмжээнд ургацын 60 орчим хувийг хангахуйц төмс хүнсний ногооны агуулах  бий. Агуулах савийн тоо хэмжээг хувийн хэвшлийн байгууллагууд өөрсдийн хөрөнгө оруулалтаар нэмж байгаа. Төрөөс ч гэсэн тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт оруулж байгаа. Ямар ч байсан хүнсний ногооны агуулах  савын багтаамж  хүрэлцээтэй бол жилийн турш монгол ногоогоо идэх бүрэн боломжтой

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж