Энэ оны зургаадугаар сарын 14-өөс долдугаар сарын 15 хүртэл ОХУ-д зохиогдсон хөлбөмбөгийн ДАШТ-ний үеэр дэлхийн 83 улсаас 600 мянга орчим жуулчин хүрэлцэн иржээ. Жуулчид дунджаар 17 хоногийг ОХУ-д өнгөрүүлсэн хэмээн онгоцны тийз, зочид буудлын захиалгын үйлчилгээ эрхэлдэг Skyscanner компанийн тайланд дурджээ. Энэ компани нь Азидаа томд орох Хятадын аялал жуулчлалын Ctrip агентлагийн бүрэлдэхүүнд байдаг аж.
Нийт жуулчдын 13.4 хувийг Өмнөд Солонгосын жуулчид эзэлж байна. Дараагаар нь Герман /12.4 хувь/, Испани /5.2 хувь/ эрэмбэлэгджээ. ДАШТ-ний үеэр Мексикээс Орос хүрэх онгоцны тийз хамгийн өндөр үнэтэй буюу 131.2 мянган рубль байсан аж. Үүний дараагаар АНУ-аас ирэх тийз байсан бөгөөд үнэ нь 98.4 мянга орчим рубль болжээ.
Жуулчдын 28,6 хувь нь Оросын “Аэрофлот” компанийг сонгож ниссэн бол хоёрдугаар байрт мөн Оросын S7, гуравдугаарт Германы Lufthansa, дөрөвдүгээрт Оросын “Уральские авиалинии”, тавдугаарт Өмнөд Солонгосын Кorean Air орсон байна. Эдгээрээс гадна Голландын KLM, Саудын Арабын Emirates компани эрэлттэй байсныг тайланд онцолжээ.
Онгоцоор ниссэн жуулчдын 99,2 хувь нь энгийн ангиллаар ниссэн байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ