“Өвс тэжээлээ бэлтгэх нь малчдын өөрсдийнх нь үүрэг”

Хуучирсан мэдээ: 2018.08.02-нд нийтлэгдсэн

“Өвс тэжээлээ бэлтгэх нь малчдын өөрсдийнх нь үүрэг”

“Өвс тэжээлээ бэлтгэх нь малчдын өөрсдийнх нь үүрэг”

Хүнс  хөдөө аж ахуй,  хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/ -ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч   Д.Батмөнхөөс хадлан тэжээлийн бэлтгэл хэрхэн хангагдаж байгаа тухай тодрууллаа. 


-Энэ жил улсын хэмжээнд хэчнээн мянган тонн хадлан тэжээл бэлтгэх вэ. Хадлан тэжээлийн бэлтгэл ажил ямар шатандаа явж байна?

-2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол долдугаар сарын 4-ний өдөр гарсан. Тогтоол гарсантай холбогдуулаад ХХААХҮ-ийн сайд тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэлээр зөвлөмж боловсруулан орон нутаг руу явуулсан. Энэ жилийн тухайд аймаг, нийслэл, сум, дүүргийн заавал бэлтгэн бүрдүүлэх өвс тэжээлийн аюулгүйн нөөцийн  хүрээнд 25915 тонн өвс бэлтгэнэ. Мөн нэмээд улсын нөөцөд  14735 тонн тэжээл бэлтгэхээр даалгавар өгсөн. Ерөнхийдөө бүх аймгууд 25-50 хүртэлх тонн тэжээл, 30-100 тонн хүртэлх  өвс бэлтгэх ёстойюм. Энэ бол зайлшгүй бэлтгэх өвсний нөөц байгаа юм. Нийт өвөлжих малд бэлдэх өвсний хэмжээг хамгийн багадаа нэг сая тонн хадлан бэлтгэнэ гэж  тодорхойлж байгаа.  Өнөөдрийн байдлаар хадлан бэлтгэлийн ажил баруун зүгийн аймгуудаас эхэлж байна.

-Улсын нөөцөд бэлтгэх өвс, тэжээлийг бүрэн хангаж чадах болов уу?

-Мэдээж хадлан бэлтгэхэд нөөцийн асуудалд зохицуулалт хийх ёстой. Монгол Улсын хадлангийн талбайн ихэнх нөөц зүүн бүсийн аймгуудад байдаг. Тухайлбал, Дорнод, Хэнтий, Сүхбаатар, төвийн бүсээс Булган, Сэлэнгэ, Төв аймгуудыг  хадлан бэлтгэх бүс нутаг гэж хэлж болно. Зүүн бүсээс хадлан бэлтгэх боломж өндөр. Бидний тооцоогоор зүүн бүсийн аймгууд багаар бодоход 700 мянган тонн хадланг бэлтгэх боломжтой. Өнөөдрийн байдлаар орон нутгууд хоорондоо гэрээ хэлцэл хийх ажил явагдаж байна.

Хадлангийн талбайгүй, эсвэл ган болсны улмаас хадлан бэлтгэх боломжгүй аймгууд бий.Тухайлбал, говийн бүсийн аймгууд хадлангийн талбай багатай. Өмнөговь аймаг бэлчээрийн маш том нөөц нутагтай хэдий ч хадлангийн талбай бага гэхчлэн аймгуудын хувьд онцлог асуудлууд байгаа. Эдгээр аймгуудад  хадлангийн нөөц сайтай аймгуудаас хадлан бэлтгэх ажлыг зохион байгуулж байгаа.

Мөн  хилийн зурвас болон төрийн тусгай хамгаалалттай газраас хадлан бэлтгэх ажлыг орон нутагт холбогдох байгууллагуудын зөвшөөрлийн дагуу зохион байгуулж байна.

Энэ жил отор нүүдлийг хэрхэн зохицуулах вэ?

-Улсын тусгай хэрэгцээний отрын  8-9  бүс байдаг. Эдгээр отрын бүсэд өвөлжүүлэх малын тоо толгойг орон нутаг гаргана. Орон нутаас өвөлжих малын тоон судалгааг авсны дараа өвс хадлан тэжээл бэлтгэлийн ажилтайгаа уялдуулж хэдий хэмжээний тэжээл хэрэг болох тооцоо судалгааг гаргана гэсэн үг.  Цаашид орон нутаг  өөрсдийн тусгай  хэрэгцээний отрын бүс нутгуудыг ашиглах зайлшгүй шаардлагатай тулгараад байгаа. Өөрөөр хэлбэл, 5.4 сая га талбай орон нутгийн хэрэгцээнд байгаа. Тэгэхээр энэ бүс нутгийг ашиглаж энэ газраас хадлан тэжээл бэлтгэх, мал сүргийг өвөлжүүлэх ажлын бэлтгэл ажлыг  өндөр түвшинд хийх ёстой.  

-Өнгөрсөн жил хэдий хэр хэмжээний өвс тэжээл бэлтгэж байв?

-Өнгөрсөн жил 935 мянган тонн хадлан бэлтгэсэн. Дээр нь “Өвлийг өнтэй давья” гэдэг аяны хүрээнд ОХУ-аас 40 тэрбумын зээлийг 34  аж ахуйн нэгжүүдэд олгоод тэжээл бэлтгэх ажлыг зохион байгуулсан. Гадны улсаас тэжээл оруулж ирсэн учраас өвс тэжээлийн үнийн хөөргөдлийг тодорхой хэмжээнд бууруулах ажил хийгдсэн. Энэ жилийн тухайд өвс тэжээлийг дотоодын үйлдвэрүүдээр нөхөн бүрдүүлэн хангах зорилт тавьж байгаа.

-Дотоодын үйлдвэрүүд өвс, тэжээлээр  бүрэн хангах  боломжтой гэж үү?

-Бидний хувьд бүрэн боломжтой гэж үзэж байна. Учир нь өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ жил ургамлын ургалтын хэмжээ маш сайн байгаа. Манай дотоодын 5-6 томоохон үйлдвэрүүд хивэг,  олон наст ургамлын тэжээлийг жилд 100 мянган тонноос илүү үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна лээ. “Алтан тариа” ХХК өнгөрсөн жил гэхэд 40 мянган тонн хивэг  бэлтгээд худалдан борлуулсан. Энэ хүрээнд нэмэлт тэжээлийг үйлдвэрийн аргаар дотооддоо үйлдвэрлэх боломжтой. Дээр нь газар тариалангийн үйлдвэрлэлийн чиглэлээр энэ жил 32 мянган га талбайд малын тэжээл тариалаад 60 гаруй мянган тонн малын тэжээл авахаар төлөвлөсөн.

Өнөөдрийн байдлаар 36 мянган га талбайд малын тэжээл тариалсан байна. Мөн орон нутгийн иргэд, хоршоо, аж ахуйн нэгжүүд өөрсдөө тэжээл тариалах ажлыг зөвлөмжийн хүрээнд чиглэл өгсөн. Малчин иргэдэд  орон нутгаас тодорхой хэмжээний газрыг олгоод тэжээл  тариалах боломжоор хангаж байгаа. Бид өвс тэжээлийн бэлтгэл ажлыг өнгөрсөн жилийнхээс эрт зохион байгуулсан.  Энэ бүх арга хэмжээний үр дүнд 2018-2019 онд дотоодын үйлдвэрүүд  газар тариалангийн үйлдвэрлэлээс тодорхой малын тэжээл бэлтгэнэ. Газар тариалангийн үйлдвэрлэлээс бэлтгэх тэжээл гол төлөв манай орны эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлд тохирно. Цаашид үйлдвэрлэлийн аргаар газар тариалангийн үйлдвэрлэлд болон тэжээл тариалалтыг нэмэгдүүлсэн тохиолдолд борлуулалтын сүлжээг маш сайн зохион байгуулах ёстой. Тэгэхгүй бол газар тариалан эрхлэгчид тэжээл тариад дараа нь борлуулагдахгүй. Ногоон тэжээлч гэдэг  юм уу

-Дотоодын үйлдвэрүүд өвс тэжээлээр бүрэн хангалаа гэхэд улсын хэмжээнд өвс тэжээлийн агуулах савны хүртээмж хэр хангалттай байдаг вэ?

-Улсын агуулах савны нөөц боломж бага. Орон нутаг ялангуяа сумд байгаа өвс тэжээлийн агуулах савыг цаашид улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нэгдсэн байдлаар барих зайлшгүй  шаардлагатай. Агуулах хашаа саравч гэдэг маань тухайн сумын иргэд малчдын нийтийн хэрэгцээнд зориулагдах учраас үүн дээр улсын төсвөөс хөрөнгө оруулалт хийх боломжтой. Ер нь төсвийн хөрөнгө оруулалтыг гол төлөв малчид иргэдийн нийтээр ашиглах энэ чиглэлд бүтээн байгуулалтад зарцуулах нь зүйтэй гэж үздэг. Өвс тэжээл бэлтгэх нь малчдын өөрсдийнх нь үүрэг. Энэ ажлаа маш сайн гүйцэтгэх ёстой. Энэ ажлын гүйцэтгэлийн хэрэгжилтийг орон нутаг маш сайн зохицуулж өгөх ёстой.

-Хадлангийн ажлыг хэзээ дуусгахаар төлөвлөж байна?

-Хадлангийн ажил орон нутгийн онцлогтой холбоотой. Энэ жил бороо оройтож орсон. Зургадугаар сарын 30-ны өдөр гэхэд нийт нутгийн 30 хувь нь хэвийн, 30 хувь нь дунд  зэрэг, 40 хувь нь муу. Бэлчээр ургалтын байдал тааруу, зуншлаг тун муу байсан гэсэн үнэлгээ байлаа. Харин өнөөдрийн байдлаар бэлчээрийн төлөв байдал сайжирсан. Одоо хадлан бэлтгэх боломж бүрдсэн. Аймгуудын хадлангийн ургалт янз бүр учраас наймдугаар сардаа багтаад гол хадлангаа авна гэж үзэж байгаа.  Мэдээжийн хэрэг зарим тохиолдолд есдүгээр сарын эхээр хадлан бэлтгэлийн ажил явагдана. Есдүгээр сарын 15 -н гэхэд хадлангийн ажлын дүн мэдээлэл бүрдэнэ. Энэ дүн мэдээллийг арваннэгдүгээр сард багтаагаад Засгийн газрын хуралдаанд өвөлжилт хаваржилтын бэлтгэл ажлын талаар танилцуулга хийнэ.

-Жил бүр өвсний үнийн тухай яригддаг. Энэ жилийн хувьд нэг боодол өвс хэдэн төгрөгөөр зарагдах вэ?

-Боодол өвсний  зарагдах үнийн тухайд одоогоор гаргасан дүн алга. Хадлангийн бэлтгэлтэй холбоотойгоор боодол өвсний дүн тогтоогдоно. Хамгийн чухал нь малчид аль болохоор ахиухан хадлан, тэжээл бэлдэх. Энэ бодлогын хүрээнд бүгд хариуцлагатай ажиллах юм бол өвс тэжээлийн үнэ өндөр байхгүй. Түүнээс биш хадлан тэжээл бэлтгэх цагаар баярлаж  наадаад явж байсан бол  өвөл  үнэтэй өвс тэжээл худалдаж авах нь ойлгомжтой. Хүн болгон хувьдаа өвлийн бэлтгэл хангадагтай адил малчид өвлийн бэлтгэлийг өндөр түвшинд хангах ёстой. Өнгөрсөн жил боодол өвс  янз бүрийн үнээр зарагдаж байсан. Тухайлбал Дорнод, Сүхбаатар аймагт бэлдсэн хадлан тээврийн зардалтай холбоотойгоор зарим газруудад хүргэж чадаагүй асуудал гарсан. Хол аймгаас  тээвэрлэгдэж ирсэн өвс тээврийн зардлаа нэмээд үнэтэй зарагдаж байсан. 2018 оны Засгийн газрын тогтоолд үнийг хөөрөгдөхгүй байх асуудлыг тусгасан. Ер нь үнийн асуудлыг хөөрөгдөнө гэдэг нь бид хадлан тэжээлээ бэлтгээгүйтэй л холбоотой. Түүнээс биш малчин бүр өөрсдийнхөө зохих түвшинд өвс тэжээлээ бэлтгээд хадгалаад өвөлдөө бүрэн бэлдсэн бол өвс тэжээлийн үнэ хөөрөгдөхгүй.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж