ЭЕШ-д 600-гаас дээш оноо авсан бол зээл олгоно

Хуучирсан мэдээ: 2018.08.02-нд нийтлэгдсэн

ЭЕШ-д 600-гаас дээш оноо авсан бол зээл олгоно

ЭЕШ-д 600-гаас дээш оноо авсан бол зээл олгоно

“Оюутны хөгжлийн зээл”-д энэ жилээс эхлэн олон өөрчлөлт орсон. Тухайлбал, тус зээлийг Боловсролын зээлийн сангаар дамжуулан олгож байгаа. Ингэснээр зээл банкаар дамжилгүй хүүгүй, барьцаагүй олгогдох юм. Түүнчлэн Боловсролын зээлийн сангаас “Оюутны хөгжлийн зээл”-д 75 тэрбум төгрөгийн зээлийг 33 мянган оюутанд олгоно.  Зээлд хамрагдах хүсэлтэй оюутан олон байдаг.

Бид энэхүү зээлийг одоогоор хэчнээн оюутанд золгоод байгаа талаар Боловсролын зээлийн сангийн ахлах мэргэжилтэнгээс тодуулсан юм. Түүний өгсөн тайлбараар “Оюутны хөгжлийн зээл”-ийг хавар болон намар олгоно. Одоогоор 2000 орчим оюутанд зээл олгосон байна. Энэ намар 30 гаруй мянган оюутанд зээл олгоно. Зээлд хамрагдах хүсэлтэй оюутан өөрийн сургуульд өргөдөл өгөх ёстой. Өргөдөл өгсөн оюутан дундаас шаардлага хангасан оюутны материалыг тухайн сургууль манайх руу явуулна. Өөрөөр хэлбэл, зээлийн анхан шатны шалгаруулалтыг тухайн сургууль дээр явуулж байгаа. Ингээд тухайн сургуулийн хяналтын тоонд үндэслэн Боловсролын зээлийн сан сургуультай гэрээ байгуулах юм” гэлээ.

Харин энэ жил шинээр оюутан болж байгаа залуус зээлд хэзээ хамрагдаж болох талаар МУИС, болон ШУТИС-иас тодруулахад “Хоёр болон гурав, дөрөв дүгээр дамжааны оюутны зээлд хамрагдах хүсэлтийг өнгөрсөн хавар авсан. Одоогоор сургуулийн ажилчид амралттай байгаа. Энэ сарын 13-наас ажилдаа орж, үйл ажиллагаа жигдэрнэ. Шинээр оюутан болж, зээлд хамрагдах хүсэлтэй оюутан энэ үед өргөдөл өгч, мэдээлэл авч болно” гэсэн хариулт өглөө.  

Зээлд хамрагдах журам их энгийн. Тухайлбал, боловсролын мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлсэн, магадлан итгэмжлэгдсэн сургуулийн оюутан байх ёстой. Мөн шинээр элсэгч бол Элсэлтийн ерөнхий шалгалтын оноо 600 ба түүнээс дээш байх шаардлагатай. Түүнчлэн, бакалаврын оюутны голч дүн 2.8-аас дээш, магистр, докторантурынх 3.2-оос дээш байх ёстой юм. Хамгийн гол нь эрэлттэй буюу тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр суралцдаг бол сургалтын төлбөрийн дэмжлэг авах магадлал өндөр юм.

Зээлийн хугацаа 10 жил байх бөгөөд сургууль төгссөнөөс хойш зургаан жилийн хугацаанд эргэн төлөх ёстой. Зээлийн давтамж нь үндсэн сургалтын 4-6 жилийн хугацаанд жил бүр хоёр удаа олгогдох ба зээлийн эргэн төлөлт нь оюутны ирээдүйн орлогод суурилсан байх юм. Мөн тухайн хичээлийн жилд голч дүн тавигдсан шаардлагын хэмжээнээс буурсан тохиолдолд зээл цуцлагдах ажээ.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж