Усанд автсан байр, усанд “урссан” зам

Хуучирсан мэдээ: 2018.08.02-нд нийтлэгдсэн

Усанд автсан байр, усанд “урссан” зам

Усанд автсан байр, усанд “урссан” зам

Энэ зуны бороо монголчуудын тавьсан зам, барьсан барилгын чанарт дүн тавилаа.

Зөвхөн усанд “урссан” зам долдугаар сарын 19-ний байдлаар 116 км-т хүрсэн бол түүнээс хойш орсон бороонд Өмнөговь, Говь-Алтай зэрэг хэд, хэдэн аймагт хатуу хучилттай зам эвдрэв.

Улаанбаатар хотын хэмжээнд Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлөөс гадна  Туул гол дагуу баригдсан 10 гаруй барилга усанд автаж, онцгойгийнхныг түргэн авахуулсан. Гэвч одоо хэр нь зарим орон сууцны усыг соруулаад ч хүчирсэнгүй. Тодруулбал, нийслэлийн 15-р сургуулийн ойролцоох UB TOWN хотхоны 56 В байрыг усны ундарга дээр барьсан тул ус соруулах ажил дэмий хүч шавхсан ажил болж хувирч байна.

Уг нь Туул голын ай сав дагуу барилга барих нь үерт автах эрсдэлтэй гэдгийг мэргэжлийн хүмүүс анхааруулсаар ирсэн ч хууль зөрчсөний харгайгаар хэдэн тэрбумын хөрөнгө зарж босгосон орон сууцууд өнөөдөр үнэ цэнээ алдаж байна.

Усанд автсан зарим байрны үнийг сонирхвол хамгийн багадаа 1м2-ыг нь 2 сая төгрөгөөр  худалджээ. Тодруулж хэлбэл, нэг өрөө орон сууц хамгийн багадаа 70 орчим сая төгрөгийн үнэд хүрсэн бол гурван өрөө 60 м2 байр 120 сая төгрөгөөр борлуулагдсан гэсэн үг юм.

Гэтэл одоо энэ байраа заръя гэхэд худалдан авах хүн олдохгүй.  Үнийг нь хэд дахин буулгасан ч тоож орох хүн байхгүй.  Хэн өвдгөөр татсан устай байранд амьдрахыг хүсэх вэ дээ. Үндсэндээ  насгүй барилга гэж тодорхойлж болно.  Хэрвээ усны ундарга нь татрахгүй байсаар өвөлтэй золговол байшингийн суурь тэс хөлдөнө. Хавар газар гэсэхэд барилга цуурах эрсдэлтэй. Харин ийм барилга барьсан нөхдүүдийн нойр яаж хүрч, хүний нүүр хардаг юм бол доо.

Уг нь Туул голын ай сав дагуу барилга барьж байж, бүхий л эрсдлийг тооцож, шийдэл олсон байх ёстой.  Голын дагуу байтугай далай дээр хэдэн зуун давхар барилга барьж, бүтээн байгуулалтыг цогцлоож байгааг дэлхийгээс бид харж буй.

Монголын барилгын компанид  тэрхүү технологийн дэвшил нь нэвтрээгүй байж болох ч чадлаа мэдээд ядаж л голын ай сав дагуу барилга бариагүй бол өнөөдөр энэ олон иргэдийг хохироох байсан гэж үү.

Үүнээс гадна барилга чанартай юу, үгүй юу гэдгийг улсын комисс тогтоодог.  Барилгын ажил гүйцэтгэх шатанд салбарын яамнаас нь гадна Мэргэжлийн хяналт давхар хяналт тавих ёстой. Яам, агентлагуудад өнөөдөр 100, 100 хүн ажиллаж, татвар төлөгчдийн мөнгөөр цалинжуулж байгаа нь ийм л учиртай. Харамсалтай нь, тэд ажлаа яаж хийж, ямар барилгад эрх олгосон бэ гэдгийг бас харж болохоор. Гэтэл өнөөдөр тэд уснаас хуурай гарахыг оролдсон тайлбар л хийж сууна. Жишээ татвал,  Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлийн барилгыг яагаад улсын комисс хүлээн авав гэсэн асуултад  Барилга хот байгуулалтын яамны Барилга, барилгын материал үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Билэгжаргал “Байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж өргөтгөл усанд автсан” гэдэг хариулт өгч суух жишээний.  Гэтэл Хавдарын өргөтгөлийн чанарыг шалгасан бороо нь яг үнэндээ байгалийн давагдашгүй хүчин зүйл гэсэн ангилалд орохгүй.  

Зам тээврийн яамныхан мөн л борооноос болж авто зам эвдэрсэн тухай улиг болтол ярьж, мөнгө нэхэж сууна.

Авто замууд Нарны зам шиг чанартай баригдсан бол бороонд урсах байсан уу. Нарны зам баригдсанаас хойш 20 жил боллоо. Энэ хугацаанд нэг ч урсгал засвар шаардсангүй. Дээрх хугацаанд Улаанбаатарт хэд, хэдэн удаа үер бууж, ширүүн бороо орсон ч эвдрээгүй. Гэтэл түүнээс хойш баригдсан авто замууд хэдэн удаа эвдэрч, засвар хийлгэв. Авто замын компаниудыг ‘тэжээж’ байхын тулд хэргээр нэг, хоёрхон жилийн настай авто зам барьдаг юм биш байгаа гэх хар төрмөөр. Өнгөрсөн жил ашиглалтад орсон замд дараа жил нь ёс юм шиг заавал засвар хийдэг. 

Авто зам барихын тулд Засгийн газар улс орнуудаас зээл авдаг. Гэтэл зээлээ төлж ч дуусаагүй, баригдсан зам нь ашиглалтад ороод удаагүй байхад ширүүхэн борооноор урсаад байвал энэ улс яаж сумаа аймагтай нь хатуу хучилттай замаар холбох вэ дээ. Аймгуудыг Улаанбаатар хоттой холбосон хэдэн зам дээрээ нөхөөс тавьсаар таарна шүү дээ.

Одооноос авто замын компаниуд зам тавина гэж халтуурддаг, улсын комисс нь хүлээж авч оромддогоо зогсоо. Зам баривал барьсан шиг барьж, чадахгүй бол шороогоор нь байлга. Барилга ч ялгаа байхгүй. Барьсан шиг барь. Хууль зөрчиж, газар олгодог мафижсан тогтолцоог ч зогсоо. 

 

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж